Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан үзэсгэлэн өнөөдөр /2018.06.15/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэн зургаадугаар сарын 13-27-ны хооронд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд толилуулна. Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримт мөн Цэрэндоржийн хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн үзэгч түмний хүртээл болгож байгаа юм. Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойн үзэсгэлэнд зориулан түүний их үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам /БСШУСЯ/, Монголын Үндэсний Музей, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Архивын Ерөнхий газар, Хичээнгүй сайд сан хамтран гаргаж байгаа аж.
Б.Цэрэндорж нь XX зууны түүхнээ эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн олон хүмүүний нэг, төрийн хийгээд бичгийн эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан БНМАУ-ын анхны Ерөнхий сайд билээ.
Мөн энэ өдөр “ Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийнхэн” номын нээлт болж өнгөрлөө.
Б.Мөнгөнтуул, Ц. Бадамханд