Оросын хэвлэлийн эрх чөлөөний тушааг ДАШТ ч сулруулсангүй

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Оросын хэвлэлийн эрх чөлөөний тушааг ДАШТ ч сулруулсангүй

Оросын хэвлэлийн эрх чөлөөний тушааг ДАШТ ч сулруулсангүй

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллага нь 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний өмнөх өдөр хэвлэлийн эрх чөлөөний кампанит ажил эхлүүллээ. Энэ кампанит ажил нь Кремлийн зүгээс сэтгүүл зүйн салбараа туших,  боомилж буй явдалд олны анхаарлыг хандуулж, уг чөдөр тушааны эсрэг тэмцэж буй сэтгүүлчдийг хүндэтгэх зорилготой. Кампанит ажлын цөм нь ОХУ-д хоригдож буй долоон сэтгүүлчийн бодит хэмжээст зураг бүхий хөлбөмбөгийн талбайн зургийг Парис хотод байрлуулах явдал юм. Учир нь Зөвлөлт Холбоот Улсын задрал буюу 1991 оноос хойш тооцвол, энэ цаг мөч нь Орост сэтгүүлч, блогчид хамгийн олноороо хоригдож буй тохиолдол болж байна.

Мөн энэ нөхцөл байдалд анхаарал хандуулж, олон нийтийн сонирхлыг өдөөж өгөх зорилгоор Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас Александр Соколов, Игорь Рудников зэрэг хоригдож буй сэтгүүлчдийн зурагт хуудас бүхий номын хавчуурга хийн тарааж байгаа билээ. Үүнээс гадна дэлхийн хэвлэл мэдээллийн салбар тэр аяараа анхаарлаа хандуулдаг ДАШТ-ний үер Владимир Путин өөрийн үзэл суртлын зэвсгээ ашиглан ОХУ-д зогсолтгүй хумигдаж буй хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг дэлхий дахинаас далдлахаас сэргийлэхийн тулд кампанит ажлын хүрээнд олон төрлийн дүрст бүтээлийг нийтлэх болно.

Оросын тэргүүлэгч бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрийн хяналтандаа байх бөгөөд олон нийтийн тархийг суртал ухуулгын мэдээллээр дүүргэхэд ашиглагдсаар ирсэн. Хэдийгээр энэ байдалтай тууштай тэмцэж байгаа ч хараат бус хэвлэл мэдээллийн суурь улам ганхсаар байна. Учир нь хараат бус хэвлэл мэдээллүүд олон нийтийн сонорт хүрэх тэр л үест тэднийг тоглоомоос зайлуулдаг олон арга хэрэглэгдэх боллоо. Өнөөдөр сэтгүүлчдийг араас нь татаж унагаасныхаа төлөө хэн ч улаан картаар торгуулихгүй байна.

Цагдаа хүчний байгууллагаас үзүүлэх хүчирхийлэл, аллага гээд сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлддэг байдал л тоглоомын дүрэм болж байна. 1999 он буюу Путин ОХУ-ын Ерөнхий сайдаар томилогдож байсан цагаас хойш нийт 34 сэтгүүлч өөрсдийн нийтлэл, сурвалжилгынхаа төлөө алтан амиа алдлаа. Гэтэл эдгээр хэргийн дийлэнхийнх нь мөрдөн шалгах ажиллагаа мухардсан эс бөгөөс захиалагч нь өнөөг хүртэл олдохгүй байна. Мөн Крым, Чеченьд ямар ч дүрэм журам үйлчлэхээ байсан бөгөөд Кремлийн дэмжлэгтэйгээр эдгээр бүсэд бүх зүйл хаалттай хаалганы цаана өрнөж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Оросын Засгийн газар болон хараат бус хэвлэл мэдээллийн дунд өрнөх хүч тэнцвэргүй тоглолт нь ДАШТ-ний үеэрх олон нийтийн хүчтэй сонирхолд халхлагдах ёсгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр хэвлэлийн бага хурлаараа “ЗХУ-ын уналтаас хойш хэвлэлийн эрх чөлөөг улам ихээр нухчин дарсаар ирлээ. Тиймээс бид жилийн хамгийн том хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг Потемкиний мэхлэлт болгохоос сэргийлж хэвлэл мэдээллийн салбар дахь Кремлийн хяналтыг зогсоох эсэргүүцлийг бодит үйл хэрэг болгож буй сэтгүүлчдийн дүр дээр гэрэл тусгаж байна” гэж хэлсэн юм. Делуар цааш нь хөлбөмбөгийн зүйрлэл ашиглан үргэлжлүүлэхдээ Кремль “тоглоомын дүрмийг дур зоргоороо өөрчлөх замаар ялагчийг тодруулж байна”.

Гүтгэлгийг эрүүгийн гэмт хэрэгт тооцсон, “шашины итгэгчдийг доромжлох” гэсэн зүйл заалт, хуулиуд нь илүү хэлмэгдүүлэлтийн шинж чанартай болсон, хуульд өргөн утгатай тодорхойгүй үг хэллэгүүд ашиглаж буй зэргээс шалтгаалж шүүгчид өөрсдийн дур зоргоор, ялгамжтайгаар хуулийг ашиглах боломж бий болсныг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх ТББ-ууд нь эрүүгийн хэрэгт татагдаад зогсохгүй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бодит аюултай нүүр тулаад байна. Хамгийн чөлөөтэй гэгдэх интернэтийг хүртэл боомилох үйл явц эхэлжээ. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын 2018 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр ОХУ нь 180 орноос 148 дугаарт бичигдсэн билээ.

Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж