Дэвтэр нь дэлгүүрийнхээс үнэтэй “Нарантуул”

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Дэвтэр нь дэлгүүрийнхээс үнэтэй “Нарантуул”

Автобусанд хоёр хүүхдээ дагуулж,  бөөн ачаа үүрэн,  хөлсөө арчих хөдөөний нэгэн эмэгтэйг харсан хэн ч болов хичээлийн шинэ жил хаяанд ирснийг хэлүүлэлтгүй ойлгоно байх.  Автобус  дүүрэн хүмүүс. Агаар орохгүй ёстой л бүгчимдэж үхэх  дөхсөөр “Нарантуул” зах хүрлээ. Ядаж байхад замын түгжрэл гэж аймаар.

Нам гүмхэн байсан Улаанбаатар наймдугаар сарын дундаас хөл хөдөлгөөнд дарагдаж эхэлсэн. Хөдөөний оюутнууд ирэнгүүт  нийслэл нэг л өөр, “бүгчимдэж” эхэлдэг нь худлаа биш. Хүүхэд, хөгшидгүй  хөдөлгөөнд орж, зах дэлгүүр хэсэн, хичээлийн бэлтгэлээ базааж эхэлдэг.

Тиймээс хичээлийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа болон хичээлийн хэрэгслийн үнэ ханш өнгөрсөн жилээс хэр өөрчлөгдсөнийг сонирхохоор Нарантуул захыг зорьсон юм. Яг цайны цаг таарчихсан болоод тэрүү “Нарантуул” ч бас пиг. Худалдан авагчид ёстой л шоргоолж адил бужигнаж байна. Наймдугаар сарын эхээр “Нарантуул”-аар ороод гарахад наймаачид нь хөзөр тоглоод л сууж байсан даа. Гэтэл өнөөдөр юун хөзөр, худалч хүнд “найтаах” завгүй байх шиг. 

Наашаа, цаашаа  түрэгдэж, урдуур хойгуур чихэлдэн зүтгэх хүмүүс ууртай гэж жигтэйхэн.  Урт гартнууд ч бас энд тэндгүй байгаа бололтой, хэн нэгэн эмэгтэй сандрангуй дуугаар мөнгөө алдчихлаа, яанаа хэмээн хараал тавих нь сонсогдов. Хажуу ойрын хүмүүс энэ дуунаар хамаг юм аа тэмтчин үзэж харагдана. Бага насны хүүхэд хөтөлсөн нэгэн эмэгтэй дэвтэр үзэж байх хооронд нь цүнхийг нь аваад явчихаж. Зуны халуун наранд гадаа зогсч наймаа хийсэн ашгаараа хүүхдүүдийхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хангахаар яваад урт гартнуудад цүнхээ алдчихаж. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг хэсэг бухимдаж байснаа захын цагдаагийн хэлтэс рүү явж одлоо.

Захын наймаачдын үгээр бол  энэ сарын 10-аас хойш бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн гэнэ. Хичээлийн хэрэгслээс гадна, хүүхдийн хувцас ер нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн наймаа эрчимтэй явагдаж байгаа юм байх. Өнөөдрийнхөөр /өчигдөр/ бол үнэн байх. Зарим наймаачид ганц хоёр үгний солиогүй, ганхийх завгүй байх шиг байна лээ.  Юм худалдаж авахгүй мөртлөө олон юм асуугаад гэж тээршаасан байртай харах. Зарим нь бүр шулуухан юм худалдаж авахгүй бол яваад өгөөч гэх нь холгүй загнана. “Нарантуул”-ын наймааны орлогынх нь оргил үе болохоор тэр биз.  Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдэж байгаа тул  өглөөний нарнаас үдшийн бүрий болтол дугаарлан байж үр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг нь базаах гэсэн эцэг, сарын нь цалин нь хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахад хаана ч хүрэхгүй зүдрэх эх, бусдын хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг хулгайлах буруу гартнууд гээд зүсэн зүйлийн хүмүүс “Нарантуул”-аар дүүрэн. Бороо орох нь ээ хэмээн тэнгэр ширтэн зовних наймаачинг хараад “Нарантуул”-ыг битүүлж болдоггүй юм байх даа, С.Сайхансамбуу гэх бодол төрснийг нуух юун. Өөрийн боломжиндоо тааруулах  эцэг эхээ хямдхан муухайг нь авч өгөх гэлээ хэмээн уурлах хүүг анзаарсан  нэг сэргэлэн “панзчин” энэ их чанартай сайн нь гээд л үнэтэйгээ шахаж үзэгдэв. Олны нүдэнд тулгамдсан эцэг эх чанартайд нь итгэсэн үү, бантсаных уу худалдаж аваад л дараагийн наймаагаа хийхээр явж одсон.

Өнгөрсөн жилүүдийг бодвол хичээлийн хэрэгсэл үнэд оржээ. 12 хуудастай нимгэн дэвтэр гэхэд бөөний үнэ нь 120 төгрөг. Тэгээд л хуудас нэмэгдэж, өнгө үзэмж нь сайжрах тусмаа үнэ нь нэмэгдсээр л. Хамгийн хямдхан гэвэл бага ангийнхний хэрэглэдэг нимгэн 12 хуудаст. Нэг үеэ бодвол ямар ч барааны сонголт нь өргөн болсон харин чанарыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л урд хөршөөс зөөж байгаа юм хойно сайнтай, муутай л байгаа байх.   Дэвтрийн үнэ гэхэд 120-720 төгрөг. Дунджаар шүү дээ. Харин зургийн дэвтэр, харандаа, бал гээд бусад хэрэглэлийн хувьд энгийн үед зарагддаг үнээс нэг их ялгаагүй байх юм. Эцэг эхчүүд “Хичээл эхлэх болсон тул үнэд орсон юм уу эсвэл угаас ч хэрэглээний барааны үнэ өсөөд байгаагийнх уу их үнэтэй байна. Өнгөрсөн жилийн өдийд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэж байхад гайгүй байсан даа. 12 хуудастай дэвтэр гэхэд 100 төгрөгөөр бөөндөж байсан. Тэгээд харандаа, баллуур гээд л жижиг сажиг юманд мөнгө нь хурдан дуусчих юм байна. Цалин мөнгө нь нэмэгдэхгүй хэрнээ барааных нь үнэ өсөөд л байх юм. Дан ганц хичээлийн хэрэгсэл авахад л хамаг мөнгө явчих юм. Одоо хувцас, гутал гээд ирэхээр яах юм мэдэхгүй” хэмээн гомдоллож байв. Үнэнийг хэлэхэд “Нарантуул”-ын хичээлийн хэрэгслийн үнэ Оргил худалдааны төвөөс 50-1000 төгрөгөөр илүү үнэтэй байсан шүү. “Оргил” худалдааны төвд 24 хуудастай дэвтэр 210 төгрөгийн үнэтэй байсан бол “Нарантуул”-д 250 төгрөг байна лээ.

Хямд үнэтэй хэмээн бодож ирсэн нэгний урам хугарсан бололтой, “Өө, “Оргил”-оос үнэтэй байна” гэж байсан. 

Түм түжигнэж, бум бужигнасан захаар нэг иймэрхүү. За ер нь тэгээд гүйлгээгүй наймаа гэж алгаа энд. Гутал, пүүз, үсний цагаан лент, биеийн тамирын хослол, үсний гоёл зуныхаасаа 3000-5000 мянган төгрөгөөр нэмэгдчихэж.

Үүдний тасалбар таслагч эмэгтэй “Өнөөдөр ажлын өдөр болохоор хүмүүс харин ч бага байна. Амралтын өдөр бол их хүнтэй байсан. Хүн их үед заримдаа суух ч зав гарахгүй байгаа. Үнийн хувьд цаанаасаа орж ирэхдээ ийм үнэтэй байгаа” гэж байсан. Ингээд “Нарантуул” зах дээр худалдаалагдаж буй хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг сонирхуулья.

Дэвтэр-120-720 төгрөг

Зургийн дэвтэр-400-1000 төгрөг

Фломастер-1000-1500 төгрөг

Тосон болон үзгэн бал-100-1000 төгрөг

Харандаа-200-700 төгрөг

Цавуу-250-600

Цүнх-5000 дээш үнэтэй байна.

Цэцэрлэгийн нэг хүүхдийн хэрэгсэл бүрдүүлэхэд 21 мянган төгрөг болж байв. Харин энэ жил тууш дэвтэр тасарсан тул ховор зарагдаж байгааг наймаачид хэлж байсан.

Ш.Оюунчимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж