Түргэн хоолны хамгийн том сүлжээ газар болох Мак Доналдс компани ирэх есдүгээр сараас эхлэн цаасан аяга, хуванцар соруул зэргийг дахин боловсруулж ашиглахаар болсон байна. Өдөрт тус сүлжээ хоолны газарт 1.8 сая хуванцар соруул хэрэглэгддэг бөгөөд нэгийг нь ч дахин боловсруулан ашигладаггүй байна. Үйлчлүүлэгчид удаа дараа хуванцар эд зүйлсээ дахин боловсруулан ашиглах талаар санал тавьж байсан бөгөөд энэ удаад хуванцар соруулыг дахин боловсруулах боломжтой ба ирэх есдүгээр сараас эхлэн дахин боловсруулж ашиглах ажлыг эхлүүлэн Их Британийн орнууд дахь салбартаа туршиж үзэх гэнэ. Ирэх оноос дэлхийн бүх салбарууддаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь байгаль орчинд эерэгээр нөлөөлөхөд хувь нэмэр болж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд сайшааж байна.
Дэлхий нийтээрээ хуванцар эд зүйлс үйлчилгээндээ ашиглахгүй байхад анхаарч эхэлж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн Англид хуванцар соруул, чих цэвэрлэгч хөвөн зэргийг ашиглахыг хориглосон байна. Гэхдээ хуванцар соруул цаасан аяга зэргийг тэр чигт нь хориглох боломжгүй. Учир нь амаар дамжих ямар нэгэн халдвар авах, хүргэлтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдийн хамгийн чухал хэрэгсэл бол хуванцар аяга, бусад зүйлс байдаг байна. Ямартай ч дахин боловсруулалт хийгддэг болвол энэ асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм.