“Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулах болсон талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.
Монголд дунд сургууль төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд суралцаж, төгсдөг ч 70 хувь нь ажилтай болж чаддаггүй юм байна. Харин мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 46 хувь нь төгсөөд шууд ажилтай болдог. Энэ нь Монгол Улсад нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилтан бүхий л салбарт шаардлагатай байгааг харуулсан үзүүлэлт гэж хэлж болно. Тэгвэл хэвлэлийн хуралд оролцсон ‘Ажилсаг Монгол’ хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ‘Энэ жил Япон, Солонгос, Германд 5000 мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ’ хэмээн онцолсон юм.
Мөн Засгийн газар орчин үеийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн, ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд ХБНГУ-тай хамтран ‘Ажилсаг Монгол’ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30 мянган хүүхдийг мэргэжилтэй, ажилтан болгож, ирээдүйн фермер, үйлдвэрийн эздийг төрүүлэх аж.
Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 85 мэргэжлийн боловсролын сургуульд 35.8 мянган оюутан суралцаж байна. Сүүлийн гурван жилийн тоон мэдээллээс харахад жилд 19.5 мянга орчим төгсөгчдийн 46 хувь нь төгсөөд шууд ажиллаж байна. Үлдсэн хэсэг нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Монголд их, дээд сургууль төгссөн төгсөгчөөс мэргэжлийн боловсролын сургууль төгссөн хүн нь ажлын байранд түлхүү хангагдаж байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдах шаардлагатай байгаа.
-Уялдуулахын тулд ямар ажил хийх вэ?
-Манай улс залуучуудын орон. Тэднийг ажилтай, орлоготой болгоход анхаарах цаг болсон. Боловсрол сургалтын хуулийн шинэчлэлийг энэ онд багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Мэргэжилтэй боловсон хүчнийг олшруулахад нийгмийн түншлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг болосон хүчин бэлтгэх шаардлагатай.
Р.Ренчиндулам