“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлт боллоо

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлт боллоо

Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулийг албан ёсоор нээж үг хэллээ.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр албан ёсоор эхэлж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургууль 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

Харин энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирсэн юм. Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж