Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо 24news.mn сайтад хаягласан гомдлыг 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр нягтлан хэлэлцээд тус сайтын нийтлэл нь сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.
Тиймээс 24news.mn сайтын редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.5-д заасан “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг тус тус зөрчсөн гэж Ёс зүйн хороо үзэв. Хэдийгээр 24news.mn сайт энэхүү нийтлэлээр хөндсөн асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн, өөрийн сайтад нийтэлсэн гэсэн хариу тайлбар өгсөн ч мэдээллийг нягтлан шалгаж, олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
Энэхүү гомдлыг Үлэмж Гросерс (Гүүд Прайс дэлгүүр) ХХК-аас 24news.mn сайтад 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн “Гүүд Прайс дэлгүүр үйлчлүүлэгчдээ баян ядуугаар нь ялгаад байна уу” гарчигтай нийтлэлд хаяглан ирүүлсэн юм. Энэхүү нийтлэлийг нөхцөл байдал, нарийн учрыг тодруулалгүй, асуудалд мэргэжлийн бус, ёс зүйгүй хандаж, хэт нэг талын мэдээллээр байгууллагынх нь нэр хүндэд халдсан байна гэж тус компани гомдсон аж.
Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба