Одоог болтол Ерөнхийлөгч Засгийн газраас ирүүлсэн Австрали, Тайландын вант улсад ажиллах Элчин сайд нарын нэрийг хүлээн аваагүй байна. Энэ асуудлаас болж, Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэж чадалгүй, завсарлах нөхцөл үүсчээ.
Долдугаар сар гарахад 20 хүрэхгүй хоног үлдээд буй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн асуудлаа нэг талд гаргахгүй бол УИХ ирэх аравдугаар сар гартал Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэхгүй завсарлах болж байгаа юм.
Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаад Тайландын вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулах саналаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг хоёр дахь удаагаа дэмжээгүй явдал гэж хэлж болно.
Жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөн, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар, Г.Тэнгэрийг Япон улсад суух Элчин сайдаар томилуулахаар болж, УИХ-аар дэмжүүлсэн ч шинээр томилогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсан тул буцаасан.
Гол нь Засгийн газар өмнө дэмжээгүй хүмүүсийн нэрийг хоёр дахь удаагаа Элчин сайдад зүтгүүлсэн нь хамгийн их анхаарал татдаг. Намаас нь Засгийн газрыг хүчлэх даалгавар өгөв үү, эсвэл Ерөнхийлөгчтэй тодорхой тохироо хийсний үндсэн дээр дахин оруулж ирсэн нь саадтай тулав уу гээд асуултыг араасаа дагуулдаг.
Ямартай ч, УИХ тавдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэн Шведийн вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэгийг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргалыг, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилох зөвшилцөх саналыг дэмжиж баталсан.
Дээрх шийдвэр гарснаар жилийн турш Элчин сайдаа хүлээсэн Канад, Япон улс дахь Монголын Элчин сайдын яамд шинэ Элчингээ хүлээн авах бэлтгэл хангасан юм.
Мөн Ерөнхийлөгчийн хувьд сааталгүй шийдэх ёстой дуулиантай нэгэн Элчин байгаа нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц. Засгийн газрын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн оруулж ирсэн хүсэлтийг УИХ-аас дэмжиж түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар зөвшөөрсөн. Гэвч, Б.Хурцыг Элчин сайдаар явуулахыг дэмжсэн Ерөнхийлөгч одоог хүртэл итгэмжлэх жуух бичгийг нь өгөлгүй хүлээлгэж байгаа юм. Энэ нь Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын адил зөвшилцөх саналыг буцаахаас аргагүйд хүрэв үү гэсэн болгоомжлолыг төрүүлэх болсон ч БНСУ-ын талаас агрумен ирүүлээгүй тул явуулж чадахгүй байгаа гэх мэдээлэл ч байна.
Г.ХОРОЛ