Банк өөрийн хөрөнгийн дутагдлаа өөрөө нөхнө

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Банк өөрийн хөрөнгийн дутагдлаа өөрөө нөхнө

Банк өөрийн хөрөнгийн дутагдлаа өөрөө нөхнө

Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсний үр дүнд нийт банкны салбарын өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан тухай Монголбанк 2 дугаар сард мэдээлсэн. Мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол 512 орчим тэрбум төгрөг болж байгаа бөгөөд Монголбанкнаас  урьдчилан таамаглаж байсан төсөөлөлтэй дүйцсэн болохыг тайлбарлаж байсан билээ.  Монгол Улсын банкны салбарын нийт актив 28.7 их наяд төгрөг байгаатай харьцуулахад энэ нь нэмэгдүүлж болохуйц хэмжээ болохыг Монголбанкны Ерөнхийлөгч ярилцлагадаа дурджээ.

Ямартай ч активын чанарын үнэлгээний үр дүнгээр банкууд энэ оны 12 сарын 31-нийг дуустал өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах үүрэг хүлээсэн байгаа. Хэрэв заасан хугацаанд өөрийн дутагдсан хөрөнгийг нөхөн бүрдүүлж чадахгүй бол Төр менежмент хийж, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд эрсдэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авахаар хуулийн төсөл санаачлан хэлэлцэж эхлээд буй. “Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай” хуулийн төслийн гол үзэл санаа нь банк өөрийн хөрөнгийн дутагдалд орох үед авах арга хэмжээг тодорхой болгоход чиглэх юм.

Гэхдээ энд тэмдэглэж хэлэхэд аль нэг банк өөрийн хөрөнгийн дутагдалд орлоо гэхэд төрөөс санхүүжилт өгч, дэмжлэг үзүүлэх явдал огтоос биш. Харин өөрийн хөрөнгийн дутагдалд орлоо гэхэд тухайн банкыг дотоод боломжоороо буюу ашигтай ажиллагаагаа нэмэгдүүлэх, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, эсвэл банкны эзэд нь өөрсдөө нэмж хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшигч нэмэх гэсэн сонголтуудыг өгнө. Төр эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдгийн хувьд  банк заасан хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй тохиолдолд санхүүгийн тайлан дахь хохирлыг эздээр нь хүлээлгэж, өөрийн эзэмшилд хувьцааг нь шилжүүлж авч болох ч энэ нь хамгийн сүүлд хийгдэх арга хэмжээ.

Мэдээжийн хэрэг банкны эзэд өөрсдийн өмч, эрх мэдлээ төртэй хуваалцах сонирхол байхгүй нь лавтай. Мөн Төв банк ч гэсэн эцсийн зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байгааг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл банкууд 2018 оны төгсгөл гэхэд өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох 14 хувийг хангахаар бизнес төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд энэ нь бүрэн биелж болохуйц юм байна. Боломж байгаа учраас энэ хууль хэрэглэгдэхгүй ч байж болно. Үндсэндээ банк эрсдэлд орохоос сэргийлсэн хууль байх учраас гал гарсан тохиолдолд бэлэн байдлаа хангасан байх явдал юм. Түүнээс бус хууль гаргах гэж байгааг банкны салбарт хүндрэл үүссэнтэй зүйрлэж ойлгож болохгүй.

Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль нь өөрөө дан ганц өнөөдрийн нөхцөл байдлаас илүүтэйгээр ирээдүйд чиглэсэн хууль. Монголбанкнаас банкны салбарын реформыг хэрэгжүүлж байгаагийн хүрээнд 10 орчим багц хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг боловсруулсан ба түрүүчээс нь хууль тогтоогчидоор өргөн бариулж, хэлэлцүүлэн, батлуулаад байгаагийн нэг нь энэ хууль юм. Олон Улсын стандарт, жишигт эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог чухалчилдаг болсон энэ цаг үед Монгол Улсын банкны салбарын чадавхыг сайжруулж, цаашдын аюул эрсдэлээс сэргийлэн, Базелийн хорооны стандартуудыг нэвтрүүлэх эхний бэлтгэл ажлуудын нэг нь энэ хууль аж.

Улс орны эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг нөхцөлдүүлэгч нэг гол хүчин зүйл бол яах аргагүй эрүүл банк, санхүүгийн тогтолцоо. Учир юу вэ гэвээс, тэнд л иргэдийн мөнгийг хадгалж, зээлүүлж, хөрөнгө босгож, даатгаж, хувьцаа арилжаалж, нэг хөрөнгийг нөгөө ашигтай хөрөнгийн хэлбэрт шилжүүлж байдаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээлийн зуучлалын үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд цусны эргэлт болж, хэрэгтэй шаардлагатай байгаа тэжээл, бодисыг түгээж байдаг хэрэг. Тиймээс ч хөгжингүй орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд Банк, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарууд харьцангуй тэнцвэртэйгээр оролцож байдаг.

Харин Монгол улсын хувьд хараахан энэ нөхцөл хангагдаж чадаагүй байгаа буюу санхүүгийн зах зээлийн дариу 95 орчим хувийг банкны салбар бүрдүүлдэг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хөгжлөөс хамаарч байгаа ба нөгөө талаас иргэдийн санхүү-эдийн засгийн боловсрол, эрсдэл хүлээх чадвараас хамаарч байна. Тиймээс ч манай улсын хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын тулд банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй байх ёстой тулгуур зарчим болж байгаа юм. Энэ зарчмын нэг нь банк хүндрэх үед авах арга хэмжээ тодорхой байх явдал тул банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл нь эдийн засгийн цаашдын хөгжилд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Д.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж