Л.П.Быков: Оросын уран зохиол өмнө олборлосон хүдрээ л боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Л.П.Быков: Оросын уран зохиол өмнө олборлосон хүдрээ л боловсруулж байна

Л.П.Быков: Оросын уран зохиол өмнө олборлосон хүдрээ л боловсруулж байна

Орчин цагийн Оросын уран зохиолын талаар нэрт шүүмжлэгч, профессор Леонид Петрович Быковтой Уралын их сургуульд урилгаар ажиллаж байгаа утга зохиол судлаач, доктор, профессор Ц.Магсарын хийсэн ярилцлагыг хүргэж байна.


– Леонид Петрович, Та Уралын их сургуулийн Орчин үеийн Оросын уран зохиолын тэнхимийг 25 жил толгойлж байна. Өнөө цагийн Оросын уран зохиолыг ерөнхийд нь яаж үнэлж болмоор байна. Бадамлаад цэцэглээд байна уу, байрандаа зогсчихоод байна уу?

-Уран зохиолын дотоод өрнөл талаас нь авч үзвэл байрандаа зогсчихсон гэж би лавтайяа хэлэхгүй. Гэхдээ бадамлаж цэцэглээд байгаа юм ч бас алга л байна. Яруу найргийн явц байдлын талаар дээхэн үед “Вопросы литературы” сэтгүүлд “Хямрал уу, Дэвшил үү, Хүчээ нөөгөөд байна уу” нэрийн дор мэтгэлцээн болсон юм. Одоогийн энэ байдал сүүлийн асуултад нь тохирохоор юм шиг. Шинэ зуун гараад нэлээн явчихлаа шүү дээ. Гэтэл манай үгийн урлагт Ахматовагийн хэлсэнчилэн “он тооллын биш, онгод тааллын” XXI зуун эхэллээ гэж үзье гэвэл эрт байна. Асуудал, сэдэв талаасаа ч туурвил зүй талаасаа ч харьцуулж хэлбэл өнөөгийн зохиолчид өмнөх үеийнхээ нээж олборлосон хүдрийг л үргэлжлүүлэн боловсруулж байх шив дээ. Гэхдээ, ажиглаад байхад баримтат бич­лэгийн үнэ цэнэ илт өсөөд байгаа юм. Нам­тар, дурьдатгал, өдрийн тэмдэглэл, заавал алдар суутнуудын гэлтгүй архивын баримт сэлт нь уншигчдын эрэл­тэд нийцэж, дуулиан шуугиан тарьж байгаа байд­лаараа бол зохиол­чийн бодож олсон үйл явдал дунд зохиомол дүрүүд тэмцэлддэг уламжлалт үргэлжилсэн үгийн уран зохиолтой өр­сөл­дөх боллоо.Бас яруу найргийн “гол дүрүүд” (яруу найрагчид) нэлээн өөрчлөгдөж, хот, нийслэлд оршин суудаггүй шүлэгчдийн нэрсээр баяжиж байна.

– Хэн хэний нэрийг хэлэх вэ, Та?

-Өнгөрсөн цаг үеэс, тухайлбал ХIX, ХХ зуунаас ялгаатай нь энэ цаг үеийнхэн бие биеэсээ гойд товойж гарсан юм алга. Хуучин бол Пушкин, Толстой, Достоевский, Чехов нарыг ярьдаггүй юм аа гэхэд Некрасов, Тургенев, Блок, Горький, Твардовский, Солженицын гээд л манлайд нь заавал нэрс байдаг байв. Гэхдээ өнөө цагийн “уран зохиолын тэнгэрт” бүдэг ч гэсэн гэрэлтэх одод зөндөө л байна. Үргэлжилсэн үгээр гэхэд Людмила Петрушевская, Михаил Шишкин, Людмила Улицкая, Валерий Попов, Захар Прилепин, Алексей Иванов (дашрамд хэлэхэд манай сургуулийн төгсөгч), яруу найргаар Олег Чухонцев, Геннадий Русаков, Сергей Гандлевский, Вера Павлова, Юрий Казарин нарыг нэрлэж болно. Жүжгийн зохиолчдоос нэрлэвэл Николай Коляда, Ярослав Пулинович гээд манай уралынхан байна. Миний ижил овогтон Дмитрий Быков гэж олон чиглэлээр бичдэг эрхмийг нэрлэхгүй байж болохгүй. Тэр бол хүүрнэл, уянгын зохиол, нийтлэл, шүүмжлэлийн аль алийг бичдэг хүн. Мэдээж манай тэнхимийн багш нарт энэ асуултыг тавибал өөр нэр хэлнэ л дээ.

– Та нэг уулзалт дээр “Донцова ганихралд тустай эм, харин Достоевскийг амьдралд тустай эм гэж нэрлэвэл зохилтой” гэж хэлсэн байсан. Оросын номын дэлгүүрүүдийн тавиур дээр зөгнөлт, адал явдалт, “эмэгтэйчүүдийн хүүр­нэл” зохиол их бай­даг юм байна. Ингэхэд өнөө­дөр юу оройлоод байна вэ?

-Лангуун дээгүүр гэвэл дэлхий даяар олон нийтийн уран зохиол давамгайлж байна. Соёл иргэншил үүнийг тойрохгүй юм байна. Эстрадын одод цэнгэлдэх хүрээлэн дүүргэж байхад филармонийн үзэгчдэд тийм олон тооны “тэг” хэрэггүй л дээ. Гэвч уншигчийн чадвар гойд шаардаад байхгүй ном, уншингаа амрах, зугаацах, ахуй амьдралаасаа чөлөөлөгдөх номнууд чинь өнөөдөр түргэн хоолны газраар үйлчлүү­лэхтэй адил хэрэгтэй байна шүү дээ. Зүй нь энд ч гэсэн уран зо­хиолын зохих төвшин бай­маар байгаа юм. Адал явдалт зохиолчдын дундаас Б.Акунин юугаараа онцгойрсон бэ гэвэл нийгэм-түүхийн хамаа­ралтай агуулгад адал явдлын явуулга оруулчихсан байхгүй юу. Гэхдээ тэр бол шударга хүн, өөрийгөө зохиолч гэхгүй, ердөө л гоодон бичээч (беллетрист) гээд байгаа.

Дарья Донцовагийн тухайд мэдээж сүүлийн жилүүдэд Оросын хамгийн ихээр ном нь хэвлэгдэж байгаа зохиолч гэлээ ч тоон хувиараа Леонид Юзефович юм уу, Евгений Водолазкины хэмжээнд хүрэхгүй. Энэ хоёр ч бас л Оросын уран зохиолын ирээдүйн том шагналын эзэд юм шүү дээ. Одоо чинь бас нэг онцлог зүйл гараад ирсэн. Теле сүлжээ, интернэт, өнөөгийн цахимжсан орчин нөхцөлд төрийн анхаарал халамжаас холдсон уран зохиол маань бичигчдийн хувьд ч, уншигчдын хувьд ч хувь хүний асуудал болсон. Ийм нөхцөлд зарим нь адал явдалт зохиолыг ар араас нь угсруулж уншаад байдаг. Гэтэл тоогоор цөөн нөгөө нэг хэсэг нь Ольга Славникова юм уу, Владимир Сорокины зохиол бүтээлд татагдаж байх жишээтэй. Гол нь энэ хоёрыг хооронд нь хольж хутгахгүй, нэгийг нь нөгөөгөөр орлуулахгүй байх л их чухал. Өнгөц харахад аль аль нь үсэгтэй цаас л юм даа. Ийм болохоор би оюутнууддаа хэлдэг юм, зүгээр нэг унших номоо битгий худалдаж ав, дахин дахин унших номоо л худалдаж ав гэж.

– Та утга зохиол судлаач төдийгүй нэрд гарсан шүүмжлэгч хүн. Ингэхэд шүүмжлэл өөрөө өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу. Шүүмжлэлийн барьж буй үзүүлэлтээр уран зохиолын байдлыг үнэлээд явж болох уу?

-Номон далай болчихоод байгаа одоо цагт чиглүүлэгч огт илүүдэхгүй. Ер нь нэг зүйлийг анзаар даа. Бид ганц нэгээрээ кино ч юм уу, театр үзнэ гээд явдаггүй биз дээ. Юм үзчихээд тэр талаар сэтгэгдлээ хуваалцмаар болж таарна. За яахав, номыг ганцаараа уншдаг гэж бодъё. Гэтэл уншсан зүйлээ ч бас хэн нэгэнтэй хэлцэж яримаар болдог биз дээ. Би шүүмжлэгчийнхээ хувьд бол нэг тийм буянтай ярилцагч л байхсан гэж боддог. Зохиолчтой ч, уншигчтай ч шүү дээ. Миний бодол санаа, үнэлэлт дүгнэлтийг заавал хүлээн зөвшөөрөх албагүй л дээ. Бид чинь өөр өөр байж гэмээ нь бие биенийхээ сонирхлыг татна шүү дээ. Хэрэв миний ярьж байгаа зүйл уншигчид сонирхолтой, уншсан зүйлийн талаар тэдэнд юм бодогдуулж, уншаагүй бол уншмаар санагдуулж байгаа бол би дэмий зүйл ярьж бичээгүй л байхгүй юу. Харалган байдлаас хэн ч ангид биш шүү дээ, улстөрчид, шүүмжлэгчид ч. Булгаков юм уу, Платоновыг уран зохиолын оргилд байна гэж үеийнхнээс нь олж харсан хүн олон бил үү, сана даа. Гэхдээ бас нөгөөтэйгүүр Достоевскийг анх хэвлэгдэхэд нь л Белинский “Шинэ Гоголь төрлөө!” гэж уулга алдан угтсан байдаг. Шүүмжлэл эхлээд өөртөө шүүмжлэлтэй байх ёстой. Иймээс л шинэ Белинский, шинэ Писарёв өнөөдөр олдохгүй байна шүү дээ. Гэхдээ л шүүмжлэгчдийн хамтын субъектив хүчин чармайлтаар өнөө цагийн уран зохиолын явцын объектив дүр зураг хангалттай гарчихаад байгаа гэж би боддог. Харин өнөө үед шүүмжлэлийг урьдынх шигээ ихээр уншдаггүй нь харамсалтай.

– Леонид Петрович, Таны олон жил ажиллаж байгаа энэ тэнхим дэлхийн хамгийн нэр хүндтэй гэгддэг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх албан ёсны эрхтэй. Энэ нэр төрийн хэрэг бодвол танай тэнхимийн нэр хүндтэй холбоотой байх. Нэр дэвшигчдийг та нар ямар шалгуураар сонгодог нь сонин байна?

-Ийм эрхийг манай хамт олонд олгосон байдаг нь бахархалтай бөгөөд хариуцлагатай үйлс юм.Түүнийг олгосон явдал өмнө нь ажил­лаж байсан.бас одоо ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, Уралын их сургуулийн нэр хүндтэй холбоотой. Сонголт дараах байдлаар явдаг юм. Арванхоёрдугаар сард Шведийн академиас албан хүсэлт ирдэг. Энэ удаагийнхыг ч оны өмнө авчихаад байна. Энэ үед уран зохиолын мэргэжлийн профессорууд дэвшүүлэх нэрийн судалгаагаа явуулаад дууссан, хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болсон байдаг. Хэлэлцүүлэг удаан үргэлжилсээр дүнгийн хуралдаан болдог. Хэд хэдэн шалгуур бий. Уншигчдын дунд олсон амжилт, уран бүтээлийнх нь гоо зүйн ололт гэх мэт. Сайн ном дэлхийд цөөнгүй гарч байна шүү дээ.

Гол нь зохиолч онцгойрч ялгарсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусадтайгаа адилгүй, бас уран бүтээл нь нийгмийн оюун санааны амьдралын гол гол хэрэгцээ, хандлагыг илэрхийлсэн байх ёстой. Манай тэнхимийн нэр дэвшигч, Белоруссын зохиолч Светлана Алексевичийг хоёр дахь жилд нь зүтгүүлж байж 2015 оны Нобелийн шагналд хүргэсэн шүү.

– Энд улс төрийн оролцоо байгаагүй юу?

-Уран зохиол ямагт амьдралтай очиж холбогддог. Улс төр ч ялгаагүй, байгаль, хайр сэтгэл, шинжлэх ухаан, эдийн засгаас дутуугүй амьдралд их оролцоотой зүйл юм. Ер нь үзэл суртлыг амьдралын ч бай, уран сайхны ч бай бодит байдлаас авч хаях боломжгүй юм. Тэгээд ч Нобелийн шагналыг олгох бүрт ялангуяа, манайханд, янз бүрийн хэл үг дагалдах юм байна шүү дээ. Тэгэхдээ манай нобельтонгууд бүгд шагналынхаа чансааг үзүүлчихсэн хүмүүс. Баримтад тулгуурлан бичсэн Алексевичийн номууд л гэхэд жинхэнэ урлагийн түвшинд нийтгэн ерөнхийлсөн бүтээлүүд байгаа. Тэдгээрт өгүүлж буй туйлын онцгой нөхцөл байдлын гэрч нь түүхийн сорилтод орсон бодит хүн шүү дээ.

– Яриагаа арай өөр асуул­таар чилээе. Та нэгэнтээ Монголд очиж байсан. Тэр тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Нээрээ л нэгэнтээ очсон юм шүү. Түүнээс хойш гурван арван жилд өнгөрч дээ. Энэ хугацаанд танайд ч, манайд ч юм их өөрчлөгдлөө дөө. Тэгэхэд чинь Уралын их сургуульд суралцах хүсэлтэй элсэгчдээс бид очиж шалгалт авсан юм. Улаанбаатарт их халуун дулаанаар угтан авч байсан. Бас орос номын дэлгүүрээр орж гэртээ байхдаа авч чадаагүй номнуудаа тэндээс олж авсандаа их олзуурхсан шүү. Тэгэхэд манайд сайн ном ховор байлаа. Дараа нь бид нэг алслагдсан аймагт очсон юм. Танай уудам зэлүүд их тал нутаг намайг гайхашруулсан. Би ч өөрөө бас хөдөө нутгийн жаалуудыг гайхашруулсан. Тэд над шиг шаргалтсан амьтныг лав анх удаа харсан байх. Одоо бүгд том болоо биз дээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж