Зуны улирал эхлэхэд Туул голын эрэг амарч зугаалах хүн, авто машины хөлд дарагддаг. Иргэд гол ус бараадан амарч зугаалах үедээ архидан согтуурах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж усанд амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Ингээд Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Гачууртын Хар-усан тохой гэх газар очиж онцгой байдлын аврагчидтай уулзаж, завь, техник хэрэгслийг нь сурвалжилснаа хүргэе.
Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Хар усан тохой гэх газраас Хан-Уул дүүргийн нутаг Сонсголонгийн гүүр хүртэл Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид хэсэг, хэсгээрээ өдөр бүр эргүүлд гарч байна. Хэсэг тус бүр 8-9 хүнтэй. Тэд усчин аврагч, шүхэрчин аврагч гээд төрөл бүрээр мэргэшчээ.
Аврагчид 11:00- 21:00 цагийн хооронд Туул голын эрэг орчмоор эргүүл хийж, иргэдэд хандан сонор сэрэмжтэй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө өгдөг байна. Нэг үеэ бодвол тэдний завь техник хэрэгсэл хангалттай болжээ. Онцгойнхон зургадугаар сарын 13-аас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд эргүүл хийх юм байна. Урьд нь иргэд дуудлага өгөхөд тухайн дуудлага өгсөн газарт машинаар явж очдог байжээ. Харин энэ жилээс дуудлага өгсөн тухайн газарт очихын тулд Туул гол дагуу моторт завиар 5-10 хугацаанд очдог болсоныг аврагчид онцлов. Мөн нэмэлтээр моторт мотоциклуудыг ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн аврах 105-р ангийн бүрэлдэхүүн усны дадлага сургуулилтдаа гарсан байна. Нэг моторт завь, хоёр моторт мотоцикл, хоёр сэлүүрт завьтайгаар сургуулилалтаа хийж байна. Дадлагын үеэр Нийслэлийн аврах 105-р анги, аврах бүлгийн дарга Б. Баттулгаас зарим зүйлсийг тодруулсан юм.
Тэрбээр ‘Хотын даргын захирамж гарсантай холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтарсан завьт эргүүл хийдэг. Завьт эргүүл Гачууртын Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Баянзүрхээс Зайсан, Зайсангаас Яармаг, Сонсголон гэсэн чиглэлд ажиллаж байна. Баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд хоёр бүлэг ажилдаг. Нэг бүлэг нь долоон хүнтэй. Завь техник хэрэгслийн тал дээр манайх Нийслэлийн хэмжээнд хангалттай хүрэлцээтэй. Иргэддээ анхааруулж хэлэхэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулъя’ гэлээ
Гамшгаас урьдчилан сэргийлэх албаны дарга хурандаа Г.Нэргүй ‘Туул голын эрэг дагуух айл өрхийн хүүхдүүд хараа хяналт муутай байна. Гэр нь ойрхон болохоор голын усанд чөлөөтэй ордог. Хараа хяналтгүй усанд орсноор усны түвшин ихэссэн үед живж, осолдох эрсдэлтэй. Тийм учраас зуны гурван сарын турш завьт эргүүлүүдийг ажиллуулдаг. Гэхдээ бүх газарт, цаг тутам завьт эргүүлүүд хүрч ажиллаж чадахгүй. Тодорхой цэгүүдэд тодорхой цагт ажилладаг. Эцэг эхчүүд, амрагчид голын эргээр амарч зугаалахдаа усны аюулаас өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ амь насыг хамгаалах нь зүйтэй юм. Зөвхөн аврагчдын ажил гэхээсээ илүү иргэн хүний өөрсдийн ухамсараас шалтгаалж байна’ гэв.