Газрын тос боловсруулах үйлдвэртэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэртэй хамтарна

Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканыг Ерөнхий сайд С.Батболд өчигдөр хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хамт хоёр улсын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Үүний дараа Хятадын талаас хийж байгаа хамгийн өндөр түвшний энэ айлчлал хоёр улсын Ерөнхий сайд нарын тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох ач холбогдолтой юм. Талууд Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулга, бодит хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа уулзалтын үеэр танилцууллаа.

БНХАУ болон Монгол Улс бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үздэг гэдгийг нарийн бичгийн дарга Жоу Юнкан хэлээд сайн хөршийн хувьд Монголын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэв. БНХАУ-ын тал мөн уул уурхай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хилийн боомтыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Санамж бичигт талууд Жоу Юнканы айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна. Мөн 40 сая юаны буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. 

Түүнчлэн хууль тогтоох байгууллага, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, залуучууд, улс төрийн нам, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ажлуудаа эрчимжүүлэх тухай ярилцлаа. Манай орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлээд Засгийн газар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэснээр энэхүү уулзалт өндөрлөсөн юм.

Б.Энхмаа

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж