Болсон хэрэг явдлыг тодруулбал, үер буух үед гэрт дөрвөн настай хүүхдээс гадна хоёр ч бага насны хүүхэд байжээ. Эцэг, эх нь хоёр хүүхдээ аварч чадсан бол дөрвөн настай хүүхдээ аварч чадаагүй байна. Гэнэт их үер гэрт нь эрчлэн орж ирж, хүнтэй юутай нь хамж явжээ.
Сумын төв бүхэлдээ усанд автсан бөгөөд хашаа хороо олноор сүйдсэн байна. Иймээс суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Булган аймгийн Онцгой байдлын газраас 28 албан хаагч ажиллаж, сэргээн босгох ажиллагааг эхлүүлжээ. Гамшгийн хэмжээг хараахан тодорхойлж амжаагүй байна гэж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хэллээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мөн өчигдөр 15.30-16.00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсноос үер буужээ. Ус зайлуулах даланд иргэн Д унасан байсныг онцгойгийнхно эсэн мэнд гаргаж эмнэлэгт хүргэсэн байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газрынхан үерт автсан газраас 86 хүнийг гаргажээ. Сумын хэмжээнд 15 айлын гэр хашаа усанд автсан байна. Иймээс усыг зайлуулах арга хэмжээ авч, ажиллажээ.
Г.ХОРОЛ