Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцно

Засгийн газрын өчигдрийн ху­рал­даан Шинэ төмөр замын төс­лийг хэлэлцсэнээр эхэлсэн юм. Ин­гээд төслийг дэмжин баталсан бай­на. Төслийг хэрэгжүүлэхэд эх­ний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийд­вэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө. Тухайн төслийн хү­рээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Таван­толгой-Гашуунсухайтын 267 км, На­рийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавих аж. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болох тооцоотой юм.

Үүний дараа “Автозамын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг улс, орон нутгийн төсөв, “Замын сан”, гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, хандив зэргээс санхүүжүүлэхээр тооцоолжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд нийслэлийн автозамыг шинэчлэн сайжруулж, аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай зам, 990 км хурдны зам барихаар зорьж байгааг ч энэ үеэр танилцуулсан байна. Өнөөгийн байдлаар автозамын үндэсний компаниудын чадавхи дээрх зорилтыг хангах түвшинд хүрээгүй, замын салбарт мэргэшсэн хүний нөөц ч дутмаг байгаа аж. Тухайлбал манайд автозамын 500 орчим инженер, 5 мянга гаруй мэргэшсэн ажилчин байгаа бөгөөд инженерийн тоог 2 дахин, мэргэжсэн ажилчдын тоог 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.  Үүнээс гадна “Замын сан”-гийн хөрөнгө хүрэлцээгүй байдгаас зайлшгүй шаардлагатай зам засвар, арчлалтын дөнгөж 30 орчим хувийг л гүйцэтгэдэг байна.

Энэ өдөр Ерөнхий сайдыг багагүй бухимдуулаад авсан зүйл нь Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах  үүргийг удаа дараа  авсан Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат хуралд ирээгүй явдал байлаа. Тэрээр хоёр ч удаа ийнхүү  ирээгүй тул асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож байгаа аж. Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах гэж байгаа талаар гадаадын зарим улстай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээ сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч ийнхүү дахин хойшлогдлоо.

Иймд Ерөнхий сайд С.Батболд  “ажлаа хийж чадахгүй байгаа,  цөмийн хаягдлын талаар элдэв шуу­гиан гараад байхад мэргэжлийн бай­гууллагын хувьд тодорхой,  үнэн  зөв мэдээллийг олон нийтэд  тайл­барладаггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй энэ байгууллагын удирд­лагатай хатуу хариуцлага тооцох ёс­той” гэдгээ хэллээ. Ингээд ирэх долоо хоногийн хуралдаанд тус байгууллагын удирдлагыг бү­рэн бү­рэлдэхүүнээр оролцон аж­лаа танилцуулахыг хатуу үүрэг болгосон байна.

Мөн хуралдааны хэлэлцэх асууд­лын дараалалд “Монгол Ул­сын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байсан бөгөөд уг асуудлыг танилцуулсны дараагаар иргэдэд мэдээллэх байсан.  Уг журамд орон сууц худалдаж авсан болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлөх, тооцоо хийх, баталгаажуулах, хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх,  тооцоо хийх, баталгаажуулах талаар  тусгасан байна. Гэвч энэ асуудлыг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж