Нөхөн сонгуулийн горилогчид тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн горилогчид тодорч эхэллээ

Нөхөн сонгуулийн горилогчид тодорч эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга албан ёсоор гишүүнээсээ чөлөөлөгдөж, улс төрийн хүрээнд нөхөн сонгуулийн сургаар Хэнтий аймагт нэр дэвшихээр горилогчид тодорч эхлэв.

УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нь нэгэнт тодорхой болсон. Сонгуулийн тухай хуульд зааснаас УИХ-ын гишүүний орон, гарсан суудлыг нөхөн сонгууль зохион байгуулах учиртай. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай. Гэвч сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийг зөвхөн зургаа, аравдугаар саруудад зохион байгуулах ёстой учраас ийнхүү Хэнтийн нөхөн сонгууль ирэх намраас наашгүй. Харин тэр болтол горилогчид бэлтгэлээ базааж болох нь.

  • 52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна гэж заажээ.
  • 52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

 Горилогчид хэн бэ?

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хавраас хойш 42-р тойргийг услах болсныг нутгийнхан гэрчилж буй. Тэрбээр өөрөө нэр дэвшихгүй байлаа гэхэд намынхаа дэд дарга С.Ганбаатарыг ч сойх боломжтойг тус намын генсек онцолжээ.  Гэхдээ Н.Энхбаяр энэ боломжийг алдахгүй өөрөө орж ирэх болов уу гэсэн таамаг бий. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хүчингийн” хэрэгт нэр холбогдсон цагаас эхлэн Хэнтий аймгаар ойр ойрхон зочилж,  хүүхэд, хөгшдийг тойглосоор ирсэн. Хэрэв ямар нэг тохиолдол эсвэл шалтгаанаар УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхгүй бол С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх боломжтой. Түүний хувьд 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй амжилт гаргасан. 

Улс төрийн хүрээнд Хэнтий аймагт нэр дэвших боломжтой дараагийн хүн бол МАН-ын дарга У.Хүрэлсүх байсан. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалдаа бат зогсохын тулд түүнийг өөрийн тойрогтоо дахин нэр дэвшинэ байх гэсэн таамаг байсан боловч тэрээр “Би хангалттай давхар дээлтэй, дахин нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлсэн гэсэн албан бус мэдээлэл цацагдах болсон. Түүнийг нэр дэвшихгүй сургаар одоогийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвших магадлалтай хүнээр нэрлэж эхэлсэн. Гэхдээ Н.Ганбямба ч түүний хувьд аймгийн намынхандаа би нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн байна. Гэвч намын дарга нэр дэвшихгүй бол МАН-аас хамгийн боломжтой хувилбар нь Н.Ганбямба гэх юм билээ.

Хэнтийд өвдөг шороодсон Ардчилсан намын экс Засаг дарга Ж.Оюунбаатарыг дахин сойх болов уу гэсэн таамаг байна. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил Засаг даргаар ажилласан ч ялалт байгуулж чадаагүй. Түүнээс гадна Ардчилсан намаас горилогчийн нэг бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар. Түүний хувьд мөн л 2016 оны сонгуульд нэр дэвшээд мултарсан.

Нөхөн сонгуулийн сургаар ийнхүү горилогчдын нэрс тодорч, бэлтгэлээ базааж эхэлж. Бүр ялагч нь тодорхой сонгууль ч гэж дүгнэж эхлэв. Гэхдээ ирэх аравдугаар сар хүртэл уяан дээрээ дүүхэлзэх нь. Гэвч тэр болтол зай ч байна, лай ч байна. Улс төрийн араншин цаг минутаар өөрчлөгддөг гэдгийг бодолцоход гэмгүй биз ээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж