АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын дараа Хятадад айлчлахаар болсон. Түүнийг Пүрэв гаригт /2018.06.14/ БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин Бээжин дэх Ардын хурлын их танхимд хүлээн авч уулзлаа.
Талууд Сингапурын түүхэн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна. Удирдагч Си Жиньпин түүхэн уулзалтыг сайшаагаад Вашингтонтой цаашид олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хоёр тал нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ нь Хойд Солонгосын гол худалдааны түнш, ойрын холбоотон гэдэг утгаар айлчлалыг хийсэн. Хойд Солонгост тогтоосон хоригийг цөмийн зэвсгээс бүрэн татгалзтал хэвээр байлган, хамтарч ажиллахыг Бээжингийн талаас хүсжээ. Мөн Өмнөд Хятадын тэнгист явуулж буй цэргийн ажиллагаа бүс нутгийн аюулгүй байдлыг хурцадмал байдалд хүргэж болзошгүйг хүртэл сануулсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Бээжинд айлчлахаас өмнө БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Япон улсын албаны төлөөлөгчидтэй Сөүл хотод уулзсан юм.
Эх сурвалж: Reuters