Цэнхэр нүдэн бүсгүй Г.Маргад-Эрдэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэнхэр нүдэн бүсгүй Г.Маргад-Эрдэнэ

Цэнхэр нүдэн бүсгүй Г.Маргад-Эрдэнэ

“Шинэ нэр” буландаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын (УДБЭТ) балетын жүжигчин Г.Маргад-Эрдэнийг урьж, ярилцлаа. Тэрбээр 14 настайгаасаа тус театрт ажиллаж байгаа юм. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын гол дүрээр хүүхдүүд түүнийг сайн мэдэх байх. Мөн тэрбээр сүүлийн үед бүжиглэхээс гадна дэлгэцийн бүтээлд тоглох болсон. Тухайлбал, “Яллагч” киноны гол дүрд тоглосон юм.  


Төрсөн он: 1998.4.12

Төгссөн сургууль: Монгол Улсын консерватори

Мэргэжил: Балетын жүжигчин

Одоо эрхэлж буй ажил: УДБЭТ-ын балетын жүжигчин

Сошиал хуудас: Maagi Maggy

-Хоёр жилийн өмнө УДБЭТ-ын отгон балетчин гэж дуудуулж байсан. Одоо дүү нартай болсон уу?

-Миний хувьд Хөгжим, бүжгийн сургуульд сурч байх хугацаандаа энд ажилласан. Гэрээний ажилтнаас эхлээд үндсэн ажилтан хүртлээ зургаа дахь жилдээ ажиллаж байна. Одоо 20 настай гэхээр 14 настайгаасаа ажиллаж эхэлжээ. Тухайн үедээ УДБЭТ-ын хамгийн бага балетын жүжигчин гэж явдаг байсан бол одоо надаас хоёр дүү хүүхдүүд энд ажиллаж байгаа.

-Мэргэжлээрээ зургаан жил ажиллахдаа бүтээсэн дүрээсээ онцлохгүй юү?

-Энэ хугацаанд театрт тоглож байгаа бүх жүжигт оролцож, гол болон туслах дүр бүтээхээс гадна олны хэсэгт тоглодог. Миний хувьд “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын гол дүрийг бүтээсэн.

-Өлмий дээрээ хөнгөн, хөнгөн алхаад тайзан дээр бүжиглэх үед яг  ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үзүүлбэрээ үзүүлчихээд хүмүүсийн алга ташилтыг сонсох хамгийн гоё мэдрэмж. Энэ үед мэргэжилдээ дахин дурладаг. Балет уран бүтээлчээс асар их тэвчээр шаарддаг урлаг. Бүжиглэж байх үедээ алдаа гаргахгүйн тулд тэр агшинд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Жүжгийн дараа маш их амьсгаадаж, хөлөрдөг, хөл их өвддөг, ядардаг.

-“Яллагч” киноны гол дүрийг бүтээсэн байсан. Яагаад дэлгэцийн бүтээл рүү орох болов?

-Энэ кинонд тоглохоос өмнө “Дурлах санал” киноны гол дүр дээр ажилласан. Найзуудынхаа саналаар дүрийн шалгаруулалтад ороод, тэнцээд тэгээд л кинонд тоглох болсон юм.

-“Яллагч”-д бүтээсэн дүр тань сэтгэлзүйн драм. Ийм дүр бүтээх нь жүжигчнээс маш их чадвар шаарддаг. Энэ дүрийг бүтээхээс айсангүй юү?

-Кино маань маш хүнд сэдэв хөндсөн. Миний хувьд Сүүнтэргэл охины (киноны гол дүр) үзэж туулсан зүйлийг амьдрал дээр мэдэрч байгаагүй. Бодитоор үзэж, туулаагүй зүйлийг өөр дээрээ мэдэрч, жүжиглэнэ гэдэг асар хүнд юм билээ. Сэтгэл зүй тогтворгүй, тайван биш болчихдог юм билээ. Дүрийн шалгаруулалтад орох үед Сүүнтэргэл охины ээж болох жүжигчинтэй адил байна гэхэд нь урам орсон. Бэлтгэл хийгээд, дүр дээрээ ажилласаар ард нь гарсан.

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Киноны нээлт дээр манай ээж, эмээ, хамаатнууд ирсэн. Кино үзээд бүгд уйлсан. Би дээрээ хоёр ахтай айлын ганц охин. Энэ утгаар ээж минь надад бүхнээ зориулж, бүх талаар дэмждэг. Ядраад ороод ээж хөлийг минь барьж өгдөг. Жил ирэх бүр ээжийгээ улам их хайрлаж байгаа.

-Олон улсын тэмцээн уралдаанд хэр оролцож байна вэ. Цаашдын зорилго, зорилтоо сонирхуулахгүй юү?

-Тэмцээн уралдаанд аль болох оролцохыг хичээдэг. Заримдаа тоглолт давхцаад оролцож чаддаггүй. Тиймээс эртнээс төлөвлөөд олон улсын тэмцээнд идэвхтэй оролцоно гэж бодож байгаа. Мөн мэргэжлээ ахиулж дахин суралцана. Ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө сонирхуулахад нэг ийм л байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Олон амжилтын эзэн болохыг хүсье.   

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!