ДАШТ-д шуугиан тарьсан сагсчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

ДАШТ-д шуугиан тарьсан сагсчид мэдээлэл хийнэ

ДАШТ-д шуугиан тарьсан сагсчид мэдээлэл хийнэ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Баг тамирчид 16:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусны дараа VIP танхимд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна. 

С.Тулга дасгалжуулагчтай 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Филиппиний Манила хотод болсон FIBA 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг наймд шалгаран түүхэн амжилтыг үзүүлсэн талаар мэдээлсэн билээ. 

FIBA 3×3 ДАШТ-д эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Тодруулбал, манай залуус Филиппин, ОХУ, Бразилыг хожин шилдэг наймд үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдсон ч наймдугаар байрыг эзэлсэн. Мөн Ази тивийн багуудаас Монгол Улсын баг ганцаараа хэсгээсээ шалгаран хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авсан юм. ДАШТ-ийг зохион байгуулсан Филиппин 11 байрт орсон бол Япон 14, Йордан, Индонез 19, 20 дугаар байрыг эзэлжээ. 

50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багуудыг хожсон Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид багтсан билээ. 

Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаараа “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой аж. Тиймээс дараа дараагийн тэмцээнд улам сайн оролцож олимпийн наадамд эх орноо төлөөлөхийг төлөө улам их хичээхээ баг тамирчид тэмцээний дараа хэлж байсан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж