Төөрөлдүүлэх мэдээллийн дайн

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Төөрөлдүүлэх мэдээллийн дайн

Ливиэс маш зөрөлдөөнтэй мэдээ­лэл ирж байна. Барууны орнуудын төлөөлөгчид ба Ливийн босогчид тус орны нийслэл сөрөг хүчний хяналтад орсон, Мауммар Каддафийн дэглэм уналаа гэж мэдээлж байна. Гэтэл Кад­дафийн талынхан эсрэгээр мэдээлэл өгч байна. Босогчдод баривчлагдсан гэх Каддафийн бага хүү сэтгүүлч нар­тай уулзан тэднийг босогчдод эз­лэгд­сэн гэх хотын гудамжаар авч явсан байв.

Босогчид хотыг бүрэн эзэлсэн гэдэг мэдээг Ливийн Засгийн газрын төлөөлөгчид бүрэн няцааж байна. Сануулахад, ням гаригийн шөнө Триполийн зах руу босогчдын отряд нэвтрэн Каддафийн цэргийнхэнтэй буудалцааныг эхлүүлсэн юм. Ням га­ригийн өглөөгүүр эрх баригчид цөөн тооны “зэвсэгт гэмт хэрэгтнүүдийн” довтолгоог  няцаалаа хэмээн эрх бариг­­чид мэдэгдэл хийжээ. Гэхдээ оройхон нь Ливийн Мэдээллийн сайд Муса Ибрагим тодруулахдаа “цөөн тооны зэвсэгт гэмт хэрэгтнүүдийн” довтолгооны улмаас 376 хүн амиа алд­­сан мөн мянга гаруй хүн шархадлаа гэсэн байв. Ням гаригийн орой босогчдын олон мянган хүнтэй цуваанууд нийслэлд орж ирсэн байлаа.

Ихэнх нь явган эсвэл пикап машин­тай пулеметаар зэвсэглэсэн босогчдын гол хүчин хотын баруун хэсгээс эсэргүүцэлгүйгээр орж ирэв. Каддафийн эсрэг хүчний өөр нэг отряд хотын боомтод буун бага зэргийн тулалдаан хийлээ. Нийс­лэлийн зүүн хэсэгт босогчид цэргийн томоохон баазыг эзлэн ихээхэн хэм­жээний зэвсгийн нөөцтэй болж авав. Мөн тэд нисэх буудлыг эзэлжээ. Хотын олон мянган хүмүүс тэднийг хөөр болон угтжээ.

Удалгүй босогчид бараг сөргөл­дөөнгүйгээр Ливийн телевиз ба хотын төв Ногоон талбайг эзлэн ав­чээ. Босогчид тэр талбайг “Үзэл бод­лынхоо талаа амиа алдсан шаналан тарчлагчдын” гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хотод Каддафийн хөргийг урж, шатааж дэвсэлж байлаа. Мөн хүмүүс Засгийн газрын ногоон тугийг шатааж байна. Зарим нэг мэдээгээр Триполи ийм хурдан унасан нь цэр­­гийн командлагчийн хотод эсэр­гүү­­цэл үзүүлэхгүй, шилжилтийн үн­­дэсний зөвлөлийг дэмжих гэсэн шийдвэр байсан гэж мэдээлж байв. Босогчид хотын 95 хувийг хянаж байна хэмээн мэдэгдсэн юм. Тэнд хүчтэй тулалдаан явагдаж байгааг ВВС дамжуулсан байв.

Ливийн лидерийн хүү Сейф аль-Ис­лам Каддафи наймдугаар са­рын 23-ны өглөө Триполи хотод ор­ших Agence France-Presse ба BBC News агентлагуудын сурвалжлагч нартай уулзжээ. Тэрээр Баб аль-Ази­зия дүүрэг дэх эцгийнхээ өргөөнд сур­валжлагч нартай уулзжээ. Тэр богино уулзалтын үеэр “Триполи бидний хя­налтад байна” гэж мэдэгджээ. Тэрээр Британийн сурвалжлагчид хэлэхдээ эцэг Муаммар Каддафи нь Триполид байгаа гэсэн байлаа.

Наймдугаар сарын 23-ны өглөө Ливийн Мэдээллийн сайд Муса Ибрагимын мэдэгдлийг “Al-Urubah” дамжуулахад тэр хотын 95 хувийг хя­налтдаа авсан гэх босогчдын яриа ху­дал гээд Засгийн газрын хү­чин нийслэлийн 75 хувийг хянаж бай­на гэжээ. Триполид 20-ноос довт­лон хотын ихэнхийг эзлээд бай­сан босогчид 23-ны өглөө гэхэд өм­нө эзэлсэн зарим газраа орхисон бололтой. Одоо хэн хотын ихэнхийг хянаж байна вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

“Одоо бид нар та бүгдийг “ха­луун цэгүүд” гэдэг гудамжаар авч яв­на. Та нар өөрсдөө байдал ямар байгааг харцгаа” гэж Каддафийн хүү хэлсэн байв. Түүний яриагаар Ливи улс НАТО-гийн хийсэн цахим мэдээллийн дайнд өртжээ. Мөн тэрээр босогчдыг “дээрэмчид” гэж нэрлээд тэднийг НАТО нийслэлд авчирсан гэв. “Тэд жинхэнэ цахим дайн явуулан, анархийг хөөрөгдлөө” хэмээн Сейф аль-Ислам хэлжээ.

Гэсэн ч босогчдын төлөөлөгч Триполийн 80 хувийг хянаж байгаа гээд тэд хотын эмнэлэг, зочид буудлууд зэрэг гол байгууламжуудад хяналттай байгаа учраас асуудал үүсч байна. Бид Триполийг бага хохиролтойгоор эзэлсэн гэжээ. Барууны улстөрчид өөрийн дэм­жигч­дийг ялсан гэдэгт итгэлтэй бай­на. “Бид одоо Каддафи хаана байгаа, юу хийж буйг мэдэж байна. Мөн эвлэршгүй дайчид үлдэн эсэргүүцэл үзүүлж буйг ч мэдэж байна. Харин дэглэмийн сүйрэл нь тодорхой” хэмээн Францын Батлан хамгаалахын сайд Жерар Лонге хэлэв. Америкийн ерөнхийлөгч Барак Обама үндэстэндээ хандахдаа “Каддафийн дэглэм төгсгөл рүүгээ ойртож байна” гэсэн байв.

Босогчид ялсныг батлахын тулд НҮБ “Каддафийн дэглэм унасны адаах шинэ үе эхэллээ” гэсэн тогтоол гаргах хэрэгтэй гэсэн санаачлагыг Испани гаргасан байна. Ер нь энэ долоо хоногт НҮБ Ливийн асуудлаар хуралдах товтой.

Ливийн хэрэг явдал шийдэгдэж байна. Шилжилтийн үндэсний зөв­лөл нь цаахшдын хэрэг явдлын өр­нөлтийг хариуцах ёстой гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Сүүлийн мэдээгээр Ливийн босогчид Мауммар Каддафийн өр­гөө­ний дотор хашаанд нэврэн орсон байна. Босогчдын төлөөлөгчийн хэлс­нээр өргөөний дор бараг 30 км орчим урттай хонгил байгаа ба тэнд цэргийн казарм зэрэг олон байгууламжтай ажээ. Хонгилийн нэг нь далайд гардаг гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж