Ихэнх нь явган эсвэл пикап машинтай пулеметаар зэвсэглэсэн босогчдын гол хүчин хотын баруун хэсгээс эсэргүүцэлгүйгээр орж ирэв. Каддафийн эсрэг хүчний өөр нэг отряд хотын боомтод буун бага зэргийн тулалдаан хийлээ. Нийслэлийн зүүн хэсэгт босогчид цэргийн томоохон баазыг эзлэн ихээхэн хэмжээний зэвсгийн нөөцтэй болж авав. Мөн тэд нисэх буудлыг эзэлжээ. Хотын олон мянган хүмүүс тэднийг хөөр болон угтжээ.
Удалгүй босогчид бараг сөргөлдөөнгүйгээр Ливийн телевиз ба хотын төв Ногоон талбайг эзлэн авчээ. Босогчид тэр талбайг “Үзэл бодлынхоо талаа амиа алдсан шаналан тарчлагчдын” гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хотод Каддафийн хөргийг урж, шатааж дэвсэлж байлаа. Мөн хүмүүс Засгийн газрын ногоон тугийг шатааж байна. Зарим нэг мэдээгээр Триполи ийм хурдан унасан нь цэргийн командлагчийн хотод эсэргүүцэл үзүүлэхгүй, шилжилтийн үндэсний зөвлөлийг дэмжих гэсэн шийдвэр байсан гэж мэдээлж байв. Босогчид хотын 95 хувийг хянаж байна хэмээн мэдэгдсэн юм. Тэнд хүчтэй тулалдаан явагдаж байгааг ВВС дамжуулсан байв.
Ливийн лидерийн хүү Сейф аль-Ислам Каддафи наймдугаар сарын 23-ны өглөө Триполи хотод орших Agence France-Presse ба BBC News агентлагуудын сурвалжлагч нартай уулзжээ. Тэрээр Баб аль-Азизия дүүрэг дэх эцгийнхээ өргөөнд сурвалжлагч нартай уулзжээ. Тэр богино уулзалтын үеэр “Триполи бидний хяналтад байна” гэж мэдэгджээ. Тэрээр Британийн сурвалжлагчид хэлэхдээ эцэг Муаммар Каддафи нь Триполид байгаа гэсэн байлаа.
Наймдугаар сарын 23-ны өглөө Ливийн Мэдээллийн сайд Муса Ибрагимын мэдэгдлийг “Al-Urubah” дамжуулахад тэр хотын 95 хувийг хяналтдаа авсан гэх босогчдын яриа худал гээд Засгийн газрын хүчин нийслэлийн 75 хувийг хянаж байна гэжээ. Триполид 20-ноос довтлон хотын ихэнхийг эзлээд байсан босогчид 23-ны өглөө гэхэд өмнө эзэлсэн зарим газраа орхисон бололтой. Одоо хэн хотын ихэнхийг хянаж байна вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.
“Одоо бид нар та бүгдийг “халуун цэгүүд” гэдэг гудамжаар авч явна. Та нар өөрсдөө байдал ямар байгааг харцгаа” гэж Каддафийн хүү хэлсэн байв. Түүний яриагаар Ливи улс НАТО-гийн хийсэн цахим мэдээллийн дайнд өртжээ. Мөн тэрээр босогчдыг “дээрэмчид” гэж нэрлээд тэднийг НАТО нийслэлд авчирсан гэв. “Тэд жинхэнэ цахим дайн явуулан, анархийг хөөрөгдлөө” хэмээн Сейф аль-Ислам хэлжээ.
Гэсэн ч босогчдын төлөөлөгч Триполийн 80 хувийг хянаж байгаа гээд тэд хотын эмнэлэг, зочид буудлууд зэрэг гол байгууламжуудад хяналттай байгаа учраас асуудал үүсч байна. Бид Триполийг бага хохиролтойгоор эзэлсэн гэжээ. Барууны улстөрчид өөрийн дэмжигчдийг ялсан гэдэгт итгэлтэй байна. “Бид одоо Каддафи хаана байгаа, юу хийж буйг мэдэж байна. Мөн эвлэршгүй дайчид үлдэн эсэргүүцэл үзүүлж буйг ч мэдэж байна. Харин дэглэмийн сүйрэл нь тодорхой” хэмээн Францын Батлан хамгаалахын сайд Жерар Лонге хэлэв. Америкийн ерөнхийлөгч Барак Обама үндэстэндээ хандахдаа “Каддафийн дэглэм төгсгөл рүүгээ ойртож байна” гэсэн байв.
Босогчид ялсныг батлахын тулд НҮБ “Каддафийн дэглэм унасны адаах шинэ үе эхэллээ” гэсэн тогтоол гаргах хэрэгтэй гэсэн санаачлагыг Испани гаргасан байна. Ер нь энэ долоо хоногт НҮБ Ливийн асуудлаар хуралдах товтой.
Ливийн хэрэг явдал шийдэгдэж байна. Шилжилтийн үндэсний зөвлөл нь цаахшдын хэрэг явдлын өрнөлтийг хариуцах ёстой гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Сүүлийн мэдээгээр Ливийн босогчид Мауммар Каддафийн өргөөний дотор хашаанд нэврэн орсон байна. Босогчдын төлөөлөгчийн хэлснээр өргөөний дор бараг 30 км орчим урттай хонгил байгаа ба тэнд цэргийн казарм зэрэг олон байгууламжтай ажээ. Хонгилийн нэг нь далайд гардаг гэнэ.
"Ардын эрх" сонин