Загвар өмсөгч, "Гэрэлт" гудамжийг санаачлагч О.Билгүүн

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч, "Гэрэлт" гудамжийг санаачлагч О.Билгүүн

Загвар өмсөгч, "Гэрэлт" гудамжийг санаачлагч О.Билгүүн

Загвар өмсөгч О.Билгүүнийг  бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ням гаригийн үдэш бүр  цэнхэр дэлгэцээр үздэг болоод буй. Учир нь тэрбээр “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож өөрийгөө хүчтэй оролцогч  гэдгийг шоуны дугаарт бүрт батлан харуулсаар байгаа билээ. Ингээд Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гэрэлт гудамж” төслийн үүсгэн байгуулагч,төслийн удирдагч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүний ярилцлагыг хүргэе.

Юуны түрүүнд “Яг түүн шиг” шоуны  зургаа  дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе.

-Баярлалаа.

-Шоунд оролцох урилга хүлээж авахад танд ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?

-Анх санал ирэхэд би их бодсон. Би чадах болов уу, яах бол гэж их эргэлзсэн. Шоунд оролцох саналаас татгалзсан ч удаа бий. Бусад долоон оролцогч нараа харахад авьяаслаг залуус байсан болохоор өөртөө эргэлзэж байсан. “Яг түүн шиг  шоунд ороод үз”,“Өөрийгөө сориод  үз” гэж найз нарынхаа зөвлөснөөр тус шоунд орохоор шийдсэн дээ. Одоо бол орсондоо харамсдаггүй. Харин ч ямар азаар оров гэж бодож байгаа шүү.

-Тайзан дээр загвар өмсөж алхдаг хүнд микрофон бариад дуулахад арай өөр мэдрэмж төрнө биз?

-Сурагч байхдаа олон уралдаанд оролцсон болохоор биеэ барих нь гайгүй. Гэхдээ загвар өмсөхөөс мэдээж өөр. Илүү сонирхолтой.

-Таны хувьд  хоёр ч дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан. Тэр ч утгаараа  шоуны  дүр хувиргалт зэргийг хөнгөхөн давж гараад байх шиг санагдсан?

-MN-25 дугаар суваг” телевизийн “Би хайртай” олон ангит кино болон  “Хүлэгү” пикчерс, “Эмоци” продакшны хамтран бүтээсэн “Гурван найз эргэж ирсэн нь” кинонд тоглосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас амархан байгаагүй. Кинонд тоглосноороо чамлахааргүй туршлага хуримтлуулсан.Тэр ч утгаараа шоуны баззер сонголтоор өөр, өөр дүрд хувирахад тухайн  хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд боломжийн санагддаг. Би нийтэч, хөгжилтэй зантай хүн л дээ. Магадгүй даруухан зантай хүн байсан бол бүрэг ичимхий зангаасаа болоод дүрээ сайн гаргаж чадахгүй байсан ч байж  магадгүй. “Яг түүн шиг”  шоу маань хүнийг  шахаж задалж өгч чаддаг гэдгийг тод жишээ юм болов уу? гэж бодож байна.

-Та Америкийн дуучин  Тэйлор Свифт-ийн “Shake it off” дууг шоуны тайзнаа гайхалтай амилуулсан. Эмэгтэй хүний тэр бүр зориглож өмсөж чаддаггүй 12 см-ийн өсгийт дээр тун ч чадварлаг бүжиглэж харагдсан шүү.

-Хүмүүс их гайхаж байсан. Би тэр гутлыг  анх удаа өмсөж үзээд шууд л гүйж үзсэн. Эвтэйхэн санагдсан. Хөлд эвгүй биш байсан болохоор урамшаад бэлтгэлээ сайн хийсэн. Бүжиглэж байхад тэнцвэр алдаад дэнжгэнэх үе бол байсан.  

Шоуны зургаан дугаарыг эргээд харахад дуурайхад  хамгийн амархан болон хэцүү дүр ямар дүрүүд байв?

-Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын дүрийг дуурайхад хамгийн амархан байсан. Харин хамгийн хэцүү дүр нь Туркийн дуучин Таркан. Турк хэл их хэцүү хэл хугалчих гээд./инээв/  Дээрээс нь бүжгийн хөдөлгөөн нь туялзаад их секси гэх юм уу даа. Би тийм ч сайн бүжиглэж чадаагүй. Мөн Солонгосын дуучин Рейн-ий  дүр бүжигтэй учраас хэцүү санагдсан. Дуулаад бүжиглэнэ давхар биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал зэргийг нэг доор гаргах бас л амаргүй юм билээ.

-Үзэгчид таныг их дэмжиж байгаа биз дээ?

-Моделийн хүрээнийхэн л намайг сайн мэднэ үү гэхээс үзэгчид бол төдийлөн сайн мэдэхгүй. Шоуны үеэрх хувь хүн бүрийн зан чанар амбиц, зан араншинг  нэвтрүүлэг маань тод харуулж байгаа. Тэр ч  утгаараа үзэгчдэд О.Билгүүн гэж ийм залуу байдаг юм байна гэх  бодол төрж байгаа байх. Бага ч гэсэн намайг гадарладаг болсон байх гэж бодож байна. Үзэгчид намайг дэмжиж байгаа нь одоо байгаагаасаа илүү их хичээх хэрэгтэй гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна даа.

-Энэ ням гарагт  ямар алдартны дүрээр үзэгчидтэйгээ уулзах билээ?

-Фаррел Уильямс болон Дафт Панк хамтлагийн  ‘Get lucky’  уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана. Энэ дуун дээр бүжиглэхгүй ч Фаррел Уильямс-ийн донжтой хөдөлгөөнийг нь гаргах гэж их хичээж байгаа. Ямартай ч энэ  ням  гаригийн дугаарт нэг сюрприз бэлдсэн байгаа. Тэр сюрпризийг ням гаригийн дугаараас үзээрэй.

Та шоугаа өндөрлүүлсний дараа юу хийхээр төлөвлөж байна даа.

-Шоуны дараа  урлагийн пиар менежментийн компанийг үүсгэн байгуулъя гэсэн бодолтой байгаа.

НАДАД ТОХИРОХ, АШИГТАЙ БИЗНЕС НЬ ЮУ ВЭ ГЭДЭГТ СУРАЛЦСААР ИРСЭН

-Одоо шоуны талаарх яриагаа өндөрлөөд таны хувийн амьдралын талаар ярилцъя. Та загвар өмсөөд хүмүүст ид танигдаж эхлэх үедээ БНСУ руу явчихсан. Эндээ байсан бол хүмүүст илүү танигдах байсан гэж санагддаг.

-БНСУ-руу явсан нь миний нүдийг нээж өгсөн гэж боддог. Тэнд Ионсей их сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Монголдоо байгаад байсан бол юу ч бүтээж, хийж чадахгүй байсан байж магадгүй. Хүн юм үзэж нүд тайлахын хирээр ухаан суудаг юм байна. Гадаадад амьдраад, гадаад хүнтэй танилцаад тэдний амьдралын хэв маягийг сонирхоод явж байхад өөрийн улсын хөгжил болон өөрийгөө яг ямар төвшинд байгааг мэдэрдэг. Тэр ч утгаараа үзэл бодол зорилго минь өөрчлөгдсөн.

Тэнд байхдаа загвар өмсдөг байсан уу?

-Үгүй. Элдэв зүйлд сатааралгүй солонгос хэлээ түргэн сурахад л илүү анхаарсан. Дунд сургуулийн сурагч байхаасаа барилгын ажил хийж, ажлын амтыг мэдэрчихсэн болохоор тэнд ч бас зүгээр суугаагүй. Тэр үед аав минь барилгын материалын бизнес эрхэлдэг байв. Би тэндээс материал татаж, Монгол руу ачуулах, солонгос түншүүдтэйгээ харилцах зэрэг ажлыг нь нугалдаг байсан.

-Нэлээд олон төрлийн бизнес эхэлсэн ч босгож чадалгүй шатсан гэж сонсож байсан. Түргэн хоолны газар хүртэл ажиллуулж үзсэн гэсэн үү?

-Би 13 настайгаасаа барилга дээр туслах ажилчин хийдэг байсан. 14-16 нас хүртлээ зөөгч , бармен цэвэрлэгч гээд л бүгдийг хийдэг байсан даа.17 настайгаасаа бизнес эрхлэх гэж оролдсон. Одоо бодоод үзэхэд 36 бизнес эрхэлж байснаас 33 бизнес нь шатаж байсан байгаа юм. Барилгын материал борлуулах, түргэн хоолны газар, клуб ажиллуулах, машин угаалга, бургерийн газар,фитнесс, тавилгын цех, машины камер оруулж ирэх зэрээр нэлээдгүй олон удаа бүтэлгүйтэж байсан. Заримыг нь бүр мартаж орхиж. Тухайн үед туйлбаргүй гэхээсээ илүү туршлагагүй байсан юм. Өрөнд ч их орсон доо. Өрөнд орохоороо л байраа барьцаанд тавиад зээл авчихна. Тэр болгоноос надад тохирох, ашигтай бизнес нь юу вэ гэдэгт суралцсаар ирсэн.

-Та багаасаа л амьдарлын  ухаанд суралцаж өссөн бололтой. Магадгүй өвөө эмээ дээрээ өссөн болохоор тэдний арга ухаан байсан болов уу?

-Тиймээ. Тэд маань  надад  хүн хөдөлмөрлөж амжилтад хүрдэг гэдгийг  багаас минь ойлгуулсан. Бизнес хийж амжилтад хүрэх  гэж байгаа бол эхлээд доод  төвшнөөс нь эхлэх хэрэгтэй  гэж бодоод  цэвэрлэгч хүртэл хийж явлаа.  Зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө үеийнхэн биш дандаа өөрөөсөө ах хүмүүстэй нийлдэг байсан. Хэрэв үеийнхэнтэйгээ нийлээд явбал тэдэнтэй нэг төвшинд байх байсан гэж боддог юм. Дунд анги байсан бол төгсөн ангийн хүүхдүүдтэй, төгсөх анги байсан бол оюутан  залуустай  нийлдэг байсан. Ер нь өөрөөсөө насаар ах хүмүүсээс суралцах зүйл их бий.

-БНСУ-аас Монголд ирээд удалгүй “Гэрэлт гудамж” төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлсэн. Хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хэр хангалуун байдаг вэ?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ.

Одоогоор нийт 440 метр урт гудамж буй. Ирэх зунаас гэр бүлийн болон залуусын гэж тусгаарлан үйл ажиллагаа явуулна. Мөн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, тэдний хөтөлбөрт оруулах болсон. Өнгөрсөн жил гэхэд 5500 хүнийг ажлын байраар хангасан байна. Энэ талаас нь харвал үр өгөөжтэй зүйл. Нөгөө талаасаа гэрэлт гудамжийг хүмүүсийн хэл ам ч тойроогүй. Мэдээж алдаа дутагдал бий.

Цаашид алдаа дутагдлыг сайжруулахын төлөө л явж байгаа. Яваандаа улам л сайжирна. Бид бие биеэ дэмжих хэрэгтэй. Ингэж байж л аливаа улс хөгжинө. Бие биеийнхээ хийж бүтээсэн зүйлийг доош нь хийдэг ард түмэн хөгжихөд их цаг хугацаа авна байх.

-Таныг БНСУ-д байх хугацаанд Монголд таны эхнэрийн талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд их гарсан. Энэ талаар та уншиж байсан л байх.

-Намайг муугаар ярьж байсан хүмүүс хэзээ  ч надтай уулзаж байгаагүй хүмүүс л  байдаг. Намайг таньдаг юм уу? гэхээр үгүй гэдэг, надтай нэг удаа үг сольж үзсэн юм уу гэхээр бас л үгүй гэдэг. Чи хэнээс сонссон юм гэхээр мэдэхгүй,хэн нэгэн яриад явж байсан гэдэг. Мэдээж манай эхнэр надаас арван насаар эгч байсан. Бид сайхан үртэй болсон. Охин маань одоо дөрвөн настай. Эхнэр бид хоёр салсан ч охиноо сайхан өсгөөд явж байна.

-Ирээдүйн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач.

Би ирээдүйд смарт хот байгуулна гэсэн зорилготой. Гадаадад байгаа 250 мянган монголчуудыг нутагшуулах шинэ хотыг байгуулахыг хүсдэг. Дэлхийн улс орнууд өөр гариг дээр амьдарна гэж ярьж байхад бид нар шинэ хот байгуулна гэж ярьж байхад гайхаад байх зүйл биш гэж бодож байна. Өндөр хөгжилтэй орнууд зөндөө л   дагавар хот байгуулж  болоод байхад шинэ үеийн залуусаас  яагаад ийм зорилт гарж  болохгүй гэж. Тийм биз дээ.  Шинэ хот байгуулах боломжгүй зүйл биш шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж