ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэртээ 1980 оны зуны XXII олимпийн наадам болж байсан “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн арга хэмжээ боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлсний дараа дэлхийн сая, сая хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээсэн ДАШТ албан ёсоор эхэлж байна.
“Лужник” цэнгэлдэх хүрээлэнд “А” хэсгийн ОХУ, Саудын Арабын тоглолт энэ цагт эхэллээ. Энэ тоглолтоор ДАШТ-ийн албан ёсны тоглолтууд эхэлж байна.
Тоглолтын эхний гоолыг Арабын хаалганд найм дугаартай Юри Гавински оруулснаар 21 дэх удаагийн ДАШТ-ий анхны гоолын эзэн боллоо. ОХУ баг тоглолт эхлээд 24 минут өнгөрч байхад тоглолтыг 1:0-оор тэргүүлж эхэллээ. Тоглолт 90 минут үргэлжилнэ.
Хоёр баг өмнө нь ганцхан удаа буюу 1993 оны 10 сард нөхөрсөг тоглолт хийхэд Саудын Арабын шигшээ баг 4-2 онооны харьцаагаар ялалт байгуулж байжээ. Тэгвэл хоёр дахь удаагаа дэлхийн аваргын нээлтийн тоглолтод таарч байгаа нь энэ юм. Гэхдээ өнөөдөр эхний гоолыг ОХУ-ыг баг оруулж чадлаа. Олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хойд хөршийн тоглогчид 21 дэх удаагийн ДАШТ-ий анхны гоолыг орууллаа.
Саудын Арабын шигшээ баг 2018 он гарсаар 9 тоглолт хийхдээ 3 хожиж, 1 тэнцсэн бол 5 удаа хожигдсон. Гэхдээ хожигдсон тоглолтууд нь Итали, Герман, Бельги зэрэг хүчтэй багууд байсныг онцлох хэрэгтэй. Харин тэдний өрсөлдөгч ОХУ-ын шигшээ баг бүх тоглолтыг оролцуулаад сүүлийн 10 тоглолтоос ердөө ганцхан хожил авсан бол 3 тэнцэж 6 удаа хожигдоод байна.
Нээлтийн арга хэмжээг гэрэл зургаар хүргэж байна.
СОНИН ХАЧНААС:
- Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд нэг хоногийн өмнө Испанийн шигшээ баг дасгалжуулагч Ж.Лопетегиг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тухай Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалес өчигдөр мэдэгдлээ. Одоогоор Испанийн шигшээ багийг удирдах дараагийн дасгалжуулагчийн нэр тодорхой бус байна.
- “Орос-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болох тамирчдын жагсаалтад Лионел Месси (Аргентин), Неймар (Бразил), Антон Гризманн (Франц), Кристиано Роналдо (Португал), Харри Кейн (Англи), Тимо Вернер (Герман), Габриел Жесүс (Бразил), Ромелу Лукаку (Бельги), Луис Суарез (Уругвай), Томас Мюллер (Герман) нарын шилдэг хөлбөмбөгчдийг нэрлэж байна.
- Москва хотын төвд Хамовники дүүрэгт орших “Лужник” цэнгэлдэх хүрээлэн анх 1956 оны долдугаар сард нээгдэж байсан. Тэгвэл энэхүү цэнгэлдэх хүрээлэнд гол тоглолтууд болно. Тодруулбал, өнөөдөр болох ОХУ,Саудын Арабын нээлтийн тоглолт, Герман-Мексик, Португал-Марокко, Дани-Францын тоглолтууд болох хуваарьтай. Мөн шөвгийн 16, хагас шигшээгийн нэг тоглолтууд болохоос гадна “Алтан цом”-ын төлөө өрсөлдөх шигшээ тоглолт болно.
- Энэ жил 31 настай Аргентиний шигшээ багийн тоглогч Лионел Мессигийн хувьд сүүлийн дэлхийн аварга гэж байгаа ч тэр гэртээ “Алтан цом”-той харихыг хүсч байгаа.
- Португалын шигшээ багийн ахлагч Роналду Орост ирэхийн өмнө ард түмэндээ дараах амлалтыг өгсөн юм. “Би та бүхэнд юу амлаж чадах вэ гэвэл түрүүлэх зорилготой оролцоно. Би аливаа зүйлд бодитой ханддаг. Бид түрүүлэх гол магадлалтай багуудын нэг биш. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй. Испанитай хийх эхний тоглолт маш чухал. Хэсгээсээ гарна гэдэг асуудал байдаг. Тиймээс манай багийн залууст их том хариуцлага ирлээ” гэсэн юм.
- Оросууд ДАШТ-ийг Москва, Санкт-Петербург, Сочи, Самар, Казань, Ростов-он-Дон, Волгоград, Доод Новгород, Самаранск, Екатеринбург болон Калининград гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн нэг сарын турш үргэлжилнэ. Тэмцээний нээлтийн тоглолт, финалын тоглолтууд Москва голын эрэг дээрх “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болно.
- Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг 38 сая ам.долларын урамшуулал авах бол хэсгээс гарч чадаагүй ч 17-32-р байранд шалгарсан багууд тус бүртээ 8 сая ам.долларын мөнгөн урамшуулалтай.