Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах багийнхан Өвөрмонголын нутаг, Шилийн гол аймгийн харьяат малчин Н.Насанбатынд 2018 оны зургаадугаар сарын 11-ны өдөр зочиллоо. Биднийг зочид хүлээж авахад зориулсан найман ханатай монгол гэртээ тэрбээр урилаа.
Гэрийн хойморт монгол, ханз бичгээр бичсэн жааз өлгөөтэй байлаа. Ингээд биднийг гэрийн эзэн хүлээн авч монгол хоолоор дайлж, элгэмсэг дотноор угтан авав.
Цахар үүлдрийн хонийг үржүүлдэг
Н.Насанбатынх Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Цагаан дэрс гацаанд нутагладаг. Н.Насанбат гуай энэ нутагтаа эхнэр хоёр хүүхдийн хамт 30 гаруй жил малаа маллан аж төрж байна. Тэднийх 200 га талбай бэлчээр нутагтай бөгөөд 300 гаруй цахар хонь, үхэр малладаг тус хошуундаа тэргүүний өрхийн нэг ажээ. Тэднийг нутаг хошуундаа алдартай хөдөлмөрч, ажилсаг айл гэдгээр хошууныхан андахгүй сайн мэднэ. Энэ нутагт эдгээр өрх айлыг гололгоот өрх гэж нэрлэдэг байна.
Одоогийн байдлаар Н.Насанбатынх ноос махны чиглэлээр цахар үйлдвэрийн 300 гаруй хонь 24 үхэртэй. Нэг үхрээс 30-40 литр сүү саадаг гэж бидэнд хэлэв. Мөн малаа бэлчээх бэлчээр багатай учир цахар хонь малладаг гэдгийг учирлаж байлаа. Гэрийн эзний мэдээлснээр цахар хонь нь төллөлт сайтай, эм хонины 40 хувь нь ихэрлэдэг, өсөлт хурдан ноос, махны гарц өндөртэй гэв.
Цахар хонины тухайд Герман үйлдвэрийн хонийг энэ нутгийн хоньтой хээлтүүлэн гаргасан хонийг хэлнэ. Тус үүлдрийн хонины мах ноос нь үнэ хүрдэг, өсөлт сайтай, өндөр үржих чадвартай, тэжээлд дасахдаа сайн, генетикийн тогтвортой байдлыг хангадаг зэрэг онцлог давуу талтай аж. Дунджаар нэг хониноос 6-7 кг ноос бэлтгэн авдаг. Харин нас гүйцсэн эр хонь дунджаар 91 кг, эм хонь нь 65 орчим кг жинтэй байдаг аж. Сонирхуулахад, Хөвөөт шар хошууны хэмжээнд 180 мянга гаруй цахар хонийг тэжээн үржүүлж байгаа юм байна.
Монгол гэрт амьдрах нь тун цөөн
Энд амьдарч буй малчин өрхийг ажиглаваас Монгол гэрт амьдрах нь тун цөөн. Учир нь дийлэнх нь хашаа хороогоо суурин хэлбэрээр барьжээ. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшилтэй уялдан тэд аж төрж байна. Эднийх гэхэд малынхаа хашаа хороо бүрийг камержуулж түүгээрээ малаа харж, худгаасаа кноп дараад л ус авч малаа усалдаг.
Малын ашиг шимээсээ жилд 80 мянган юань буюу 30 сая төгрөгийн орлоготой юм.
Миний анхаарлыг хамгийн их татсан зүйл нь энэ нутгийн малчин зон олны ахуй амьдрал байлаа. Нутгийн малчид нь элбэг хангалуун аж төрдөг юм байна. Тэдэнд улсаас байшин барихад нь дэмжлэг үзүүлж тухайн хот айлд гүний худаг татаж өгдөг. Мөн малчдад нутаг зааж өгч, хашаа татна. Тэр ногдсон газарт маллах бог болоод бодын тоог бас заана. Жил бүр малынх нь тоогоор багахан тэтгэмж өгнө. Нэгэнт нутаг бэлчээр малын тоог зааж өгсөн учир малын тоог нэмэгдүүлж болохгүй. Чанартай мал үржүүлэх нь энэ нутгийн малчдын гол зорилго ажээ. Харин малчид нь малынхаа ашиг тусыг өөрсдөө хүртэнэ. Машин техник худалдаж авахад нь улсаас мөн л дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Дээрх бүх хөнгөлөлт, дэмжлэг тариачдад мөн адил хамаатай. Ингэж л хөдөө аж ахуйгаа дэмждэг юм байна. Эндээс харахад нүүдлийн мал аж ахуй фермер хэлбэрт шилжиж байгаа гэж дүгнэмээр.
Малын өвчлөл гардаггүй
Энэ үеэр өрхийн тэргүүн Н.Насанбаттай цөөн хором ярилцав.
-Сайхан зусаж байна уу та? Энэ жил зуншлага ямархуу байна вэ?
-Та бүхэн сайн байцгаана уу. Би Шилийн гол аймгийн Н.Насанбат гэдэг малчин байна. Манай энд энэ жил хур бороо сайн байна.
-Цахар хонь бусдаас ямар давуу талтай вэ?
-Манай аймаг цахар хонийг илүүтэй өсгөдөг. Тоо толгойг улам дээшлүүлэхийг манай нам, засгаас илүүтэй дэмжиж байгаа.
-Малын түүхий эдээ хэрхэн яаж борлуулдаг вэ?
–Наймаачид манай үүдэнд ирээд авдаг. Үнэ нь тогтмол үнэтэй. Нэг килограмм нь 26 юань байдаг.
-Манайд малын өвчлөл элбэг тохиолддог. Энэ нутаг хошуунд ямар байдаг вэ?
Малчин ард нь их зочломтгой
Өвөр Монгол нь 1.18 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, БНХАУ-ын нийт газар нутгийн 12 хувийг бүрдүүлдэг юм байна. Малчин ардууд нь ч зочломтгой бөгөөд Монгол Улсаас ирсэн гэхээр цаанаа л нэг элгэмсүү угтана. Биднийг очиход хийцтэй цай, хонины чанасан мах, боорцог тэргүүтнийг ширээн дээрээ өржээ. Хамгийн сонирхолтой нь, биднийг хонины чанасан гэдсээр дайлсан нь өөрийн эрхгүй монголдоо очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эндхийн монголчууд босоо монгол бичгээрээ уншдаг, бичдэг, уртын дуугаа дуулан хуур цуураа, тоглон суудаг ард түмэн гэж бодоход сэтгэлд ойр бөгөөд дотно санагдана. Ингээд бидний Шилийн гол аймаг дах аялал өндөрлөж, гэрийн зүг хөлгийн жолоо заллаа.