Израиль хоёр фронтод тулалдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Израиль хоёр фронтод тулалдаж байна

Израиль ба Газын зурвасын хил дээр байдал хурц хэвээр байна. Ням гаригийн орой Палестины ХАМАС бүлгийн зарласан эвлэрэл исламчуудад Израилийг пуужингаар буудах боломжийг нь хаасангүй. Израиль өөрөө бүхий л хүчээрээ хөрш Египеттай харилцаагаа хэвийн болгохыг хичээж байна. Харин Египетэд Кэмп-Девидийн гэрээгээ таслах  боломжийн талаар улам бүр хүчтэй дуу гарах болсон байна.

“Гурав хоногийн хүчирхийлэлд” төгсгөл тавин Израильтай эвлэрч буйгаа Палестины “ХАМАС” хөдөлгөөн наймдугаар сарын 21-ний орой зарлав. Тэр нь тухайн өдрийн 21:00 цагаас хүчин төгөлдөр болох ёстой байлаа. Мөн энэ бүгдийн зэрэгцээ Газын зурвас дахь Палестины бүх бүлэглэл түүнд хамрагдсангүй нь тодорхой боллоо. Даваа гаригт шилжих шөнө Израилийн нутгийг пуужингаар харвах ажиллагаа үргэлжлэв.

Нийтдээ палестинчууд 14 пуужинг Израилийн зүг харвасан байлаа. Урьдчилсан мэдээгээр хохирол, сүйрэл гараагүй байлаа.

Сануулахад энэ бүсийн байдал нь өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр Израилийн Эйлат гэх алдартай амралтын газрын ойролцоо гарсан цуврал терророос үүдэн хурцатсан юм. Тэр аллагуудаар найман израиль хүн амь үрэгдсэн байна. Үүнээс хэдэн цагийн дараа Израилийн нисэх хүчин Газын зурвасын алан хядагчдын байгууламжуудад цуврал цохилт өгсөн байв. Палестины хэт даврагчдын «Град» ба «Кассам» пуужингаар буудсаны хариу удаан хүлээгдсэнгүй.

Египетийн хилээс холгүй гар­сан дэлбэрэлт ба аллага нь Из­раиль, Египетийн харилцааг улам муут­галаа. Египетийн хэдэн хилчин са­нам­саргүйгээр Израилийн суманд өрт­сөн нь Египетэд Израилийн эс­рэг хөдөлгөөнийг эрчимжүүлэв. Хэд хо­ногийн турш хэдэн зуун хү­мүүс Каир дахь Израилийн  Элчин сайдын яамны өмнө цугларан 1978 онд хоёр орон АНУ-ын зуучлалаар байгуулсан Кэмп-Дэвидийн энхийн гэрээг цуцлахыг шаардаж байна. Үү­нээс гадна Египет Элчингээ эргүү­лэн татахаа илэрхийлж, үүгээрээ бяцхан сүрдүүлэг хийгээд авсан аж.

Израиль Арабын ертөнцийн хамгийн чухал түншээ  авч үлдэхээр бүхий л хүчээр оролдож байна. Ням гаригийн орой Израилийн ерөн­хийлөгч Шимон Перес Иерусалим дахь өөрийн өргөөнд Рамаданы ариун сар дуусаныг тохиолдуулан баярын зоог барив. Баярын зоогт Египетийн элчин сайдын орлогч Мустафа Элькуни, Иорданы элчингийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Даифала Али Эль-Фаиз нар байлаа. Баярын үг хэлэхдээ Израилийн ерөнхийлөгч ноён Перес Египетийн зочдын өмнө израиль нисгэгчдийн алдаа гаргасны төлөө уучлалт гуйж “хэн ч цэргийнхний үхлийг хүсээгүй” гэжээ.  Ингэж хэлэхдээ тэрээр “эрх чөлөөтэй байж, эдийн засгийн цэцэглэлтийг амсан мэдрэхийг” Египетэд хүссэн байна.

Ер нь бол өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны эмгэнэлийн дараа Израиль Египетээс уучлалт гуйснаас гадна тэднээс Синайн хойгт терроризмын эсрэг тэмцлээ мэдэгдэхүйц идэвхжүүлэхийг шаардлаа. Энэ даваа гаригт Каир Израилийн саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа харуулан Синайн хойгт нэмлт хүчин оруулахыг зөвшөөрөх хүсэлтээ Израилаас хүссэн байв. Тэр зөвшөөрөл нь удалгүй нааштай шийдэгдэх нь тодорхой болсон.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж