Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

FiFA-2018: B хэсэг

ПОРТУГАЛЫН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Португалын шигшээ баг Европын бүсийн В хэсэгт 27 оноогоор хэсгээ тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Гэхдээ эцсийн мөч хүртэл Швейцарын шигшээ багтай хүчтэй өрсөлдөөн өрнүүлсэн бөгөөд хожил болон хожигдлын харьцаа тэнцсэн ч гоолын зөрүүгээр Португал хэсэг тэргүүлсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Р.Патрисиу, А.Лопеш, Бету
  • Хамгаалагч: Б.Алвеш, Пепе, Ж.Понте, Р.Геррейру, Р.Перрейра, Р.Диаш, М.Руй, С.Суарес
  • Хагас хамгаалагч: М.Фернандеш, Ж.Моутинью, Ж.Мариу, Бернарду Силва, Адриен Силва, У.Карвальо, Б.Фернандеш
  • Довтлогч: К.Роналдо, Р.Куарежма, Андре Силва, Г.Гедеш, Ж.Мартинс

Од тоглогч: Кристиано Роналдо

Маргаангүй дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо юм. Хэдийгээр 33 настай ч К.Роналдо клуб болон шигшээ багийнхаа хамгийн чухал тоглогч байсаар байгаа. Португалын шигшээ багийн бүх цаг үеийн бүхий л амжилтыг эзэмшигч К.Роналдо 4 дэх дэлхийн аваргадаа оролцож байна. Магадгүй энэ удаагийн дэлхийн аварга бол түүний сүүлийнх байх.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Андре Силва

Италийн АС Милан клубт хүчин зүтгэдэг 21 настай довтлогч А.Силва Португалын шигшээ багаас тодоор гялалзах тоглогч юм. Порто клубээс 38 сая еврогоор өнгөрсөн 2017 оны зун АС Милан клубт ирсэн А.Силва клубынхээ төлөө 10 гоол оруулсан. Харин шигшээ багтаа 23 тоглолт хийхдээ 12 гоолыг оруулаад байна. А.Силва дэлхийн аваргаар К.Роналдотой Португалын довтолгооны гол шугамыг тэргүүлнэ.

Дасгалжуулагч: Фернандо Сантос

63 настай Португал мэргэжилтэн Ф.Сантос 2014 оны 9 сараас шигшээ багийнхаа жолоог удирдан залж байна. Ф.Сантос 4 дэх жилдээ шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд 2016 онд Португалын шигшээ багаа удирдан Европын аваргад түрүүлсэн. Одоо тэр амжилтаа ахиулан дэлхийн аваргын алтан дагинын төлөөх өрсөлдөөнд орох гэж байна.

Дэлхийн аваргын түүх:

Португалын шигшээ баг домогт тоглогч Эйсебиогийн эрин үед буюу 1966 оны дэлхийн аваргын 3-р байранд шалгарч байсан бол сүүлд Л.Фигугийн эрин үеийн төгсгөл, К.Роналдогийн эрин үеийн эхлэл үе болох 2006 оны дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байсан. Харин 2014 онд хэсгээс гарч чадаагүй.

Боломжит амжилт:

Хэсгээс гарах боломж маш өндөр. Харин хэсгийн эхний тоглолтоо Испанитай хийх бөгөөд энэ тоглолтоос аль нь хэсгээ тэргүүлэхийг шийдвэрлэх чухал тоглолт болж байна. Магадгүй сүүлийн удаагаа дэлхийн аваргадаа оролцож буй К.Роналдо шигшээ багаа дунд шөвөгт хүргэх боломж бий.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16-ний 02.00 цаг. Португал – Испани
  • 2018 оны 6 сарын 20-ны 20.00 цаг. Португал – Марокко
  • 2018 оны 6 сарын 26-ны 02.00 цаг. Иран – Португал

ИСПАНИЙ ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ баг Европын бүсийн G хэсгийг 9 хожил, 1 тэнцээтэй хаалгандаа 3 гоол алдаж, өрсөлдөгчдийнхөө хаалганд 36 гоол оруулснаар хэсгээ тэргүүлсэн. Тус хэсэгт дэлхийн 4 удаагийн аварга Итали болон Албани, Израиль, Македон, Лихтенштейн улсууд багтсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Д.де Хеа, П.Рейна, К.Аррисабалага
  • Хамгаалагч: С.Рамос, Ж.Пике, Д.Карвахаль, Х.Альба, С.Сапиликуэта, Н.Монераль, Начо, А.Одриосола
  • Хагас хамгаалагч: А.Иньеста, Д.Силва, С.Бускетс, Коке, М.Асенсио, Иско, Т.Алкантара, Сауль
  • Довтлогч: Д.Коста, Я.Аспас, Родриго, Л.Васкуэс

Од тоглогч: Андрес Иньеста

Өдгөө 34 настай А.Иньеста одоо ч гэсэн шигшээ багийнхаа төвийн шугамын орлуулшгүй тоглогч хэвээр байсаар байна. Түүний талбайд багаа удирдан зохион байгуулах чадвар нь энэ удаад ч шигшээ багтаа хэрэгтэй байгаа. Харин түүний ажлыг хийх дараагийн тоглогчид бол Д.Силва, М.Асенсио, Иско нарын залуус юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Марко Асенсио

Испаний шигшээ багийн бүрэлдэхүүн энэ удаагийн дэлхийн аваргад нэлээд ахимаг талдаа орно. Ялангуяа дундаа А.Иньеста 34, Д.Силва 32, С.Бускетс 29, Т.Алкантара 27, Иско, Коке нар 26 настай. Харин Реал Мадридын залуу хагас хамгаалагч М.Асенсио шигшээ багтаа хамгийн залуу тоглогч болж байна. Иймд тэрээр өөрийгөө нэг шат ахиулах хариуцлагатай том тоглолтын өмнө ирээд байна.

Дасгалжуулагч: Фернандо Йерро

Испаний шигшээ баг дэлхийн аварга эхлэхээс ердөө 1 өдрийн өмнө дасгалжуулагч Х.Лопетегиг ажлаас нь халсан бөгөөд шигшээ багаа экс Реал Мадридын хамгаалагч Ф.Йерро удирдахаар болсон. Нэгэн цагт Испаний шигшээ баг болон Реал Мадрид клубийн хамгаалалтыг нуруундаа үүрч явсан Ф.Йерро ердөө нэг өдрийн өмнө шигшээ багийнхаа дасгалжуулагчаар томилогдоод байна.

Дэлхийн аваргын түүх:

Испаний шигшээ баг 2008-2012 онд Европ болон дэлхийн дэвжээнд өөрсдийн хаанчлалыг тогтоож чадсан. Энэ дөрвөн жилийн хугацаанд Европын аваргад 2, дэлхийн аваргад 1 удаа түрүүлсэн. Харин 2014 оны дэлхийн аваргад хэсгээсээ гарч чадаагүй.

Боломжит амжилт:

Дөрвөн жилийн өмнөх алдаагаа цайруулахаар Оросод ирж байгаа. Дэлхийн аваргын өмнөх сорилгыг маш амжилттай давж, нөхөрсөг тоглолтуудыг ч амжилттай хийсэн. Гэхдээ ердөө нэг өдрийн өмнө дасгалжуулагч нь солигдсон явдал бол багийн дотоод уур амьсгал, тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай болоод байна. Ямартаа ч хэсгээс гарах болов уу?

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16-ний 02.00 цаг. Португал – Испани
  • 2018 оны 6 сарын 21-ны 02.00 цаг. Иран – Испани
  • 2018 оны 6 сарын 26-ны 02.00 цаг. Испани – Марокко

ИРАНЫ ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Ираны шигшээ баг түүхэнд анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-нд дараалан оролцож байна. Анх 1978 онд оролцсон бол 1998, 2006 онуудад оролцоод хамгийн сүүлд 2014 онд ороод байсан. Тэгвэл 2018 онд дахин Азийн бүсээс эрхээ аван орж байна. Ингэхдээ Ираны шигшээ баг Азийн бүсээс 2 шатны сонгон шалгаруулалтыг давахдаа хожигдол хүлээлгүй дэлхийн аваргын эрхээ авсан Азийн цорын ганц шигшээ баг болсон. Сонгон шалгаруулалтын хүрээнд хаалгандаа ердөө 5 гоол алдсан бол 36 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: А.Бейранванд, М.Мазахери, А.Абедзадех
  • Хамгаалагч: М.Хажсафи, Р.Чешми, М.Мохаммади, М.Пуралиганжи, М.Ханзаде, П.Монтазери, М.Хоссейни, Р.Резаейн
  • Хагас хамгаалагч: М.Тораби, С.Эзатолахи, М.Шожаей, О.Эбрахими, В.Амири, С.Годдос, А.Жаханбахш, А.Дежага
  • Довтлогч: К.Ансарифард, Р.Гучаннежхад, М.Тареми, С.Азмоун

Од тоглогч: Сардар Азмоун

Оросын Рубин Казань клубийн довтлогч 23 настай С.Азмоун шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 33 тоглолтонд оролцож 23 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байна. Клуб болон шигшээ багийнхаа орлуулшгүй тоглогч болоод буй С.Азмоун шигшээ багтаа туслахад бэлэн болсон.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Саид Эзатолахи

21 настай Оросын Амкар Перм клубын тоглогч С.Эатолахиг онцлох хэрэгтэй. Хэдийгээр Оросын Ростов клубтээ тогтмол тоглож чадахгүй байгаа ч хурд, техникээр ялгарах С.Экатолахи шигшээ багийнхаа х-фактор байж болно.

Дасгалжуулагч: Карлос Кейруш

Мозамбик улсад төрсөн Португал мэргэжилтэн К.Кейруш бол Ираны шигшээ багийн том “хөзөр” юм. Ираны шигшээ багийг 2011 оноос хойш удирдаж байгаа К.Кейруш 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 62%-н амжилттай байгаа нь түүнийг ямар шилдэг дасгалжуулагч болохыг харуулж байна.

Дэлхийн аваргын түүх:

Өмнө нь дөрвөн удаа оролцохдоо амжилт үзүүлж чадаагүй. Харин 1998 оны ДАШТ-нд хэсэгтээ улс төрийн гол “дайсан” АНУ-ын шигшээ багийг 2-1 харьцаатай буулгаж авсан нь Ираны шигшээ багийн дэлхийн аваргын түүхэн дэх цорын ганц хожил юм.

Боломжит амжилт:

Нягт хамгаалалт, хурдтай тоглолттой Ираны шигшээ баг хүнд хэсэгт багтсан. А.Жаханбахш, С.Азмоун нарын хэрхэн тоглох нь Ираны шигшээ багийн цаашдын амжилтад нөлөөлнө. Гэхдээ хэсгээс гарах бодит боломж тун бага байна.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 15-ний 23.00 цаг. Марокко – Иран
  • 2018 оны 6 сарын 21-ны 02.00 цаг. Иран – Испани
  • 2018 оны 6 сарын 26-ны 02.00 цаг. Иран – Португал

МАРОККОГИЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Баруун Африкийн Марокко улсын хөлбөмбөгийн шигшээ баг 20 жилийн дараа дэлхийн аваргад эргэн ирсэн. Мароккогийн шигшээ баг Африкийн сонгон шалгаруулалтын 2 шатын сорилыг давсан. Тэрээр Африкийн 3-р шатны сонгон шалгаруулалтын С хэсэгт Кот д’Ивуар, Габон, Мали улсуудтай багтан хэсгээ тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Я.Боуну, М.Мохамеди, А.Таньяти
  • Хамгаалагч: М.Бенатиа, А.Хакими, Х.Менди, М.да Коста, Р.Саисс, Н.Дирар
  • Хагас хамгаалагч: Х.Зийех, К.Аль-Ахмади, Ю.Беланда, Ф.Фажр, М.Буссуфа, Ю.Айт-Беннассер, Н.Амрабат, С.Амрабат, А.Арит, М.Карсела-Гонсалес
  • Довтлогч: А.Эль-Кааби, Х.Бутаиб, Ю.Эн-Несери, А.Бухаддуз

Од тоглогч: Хаким Зийех

Нидерландын хөлбөмбөгийн дээд лигийн 2017-2018 оны ШИЛДЭГ тоглогчоор нэрлэгдээд буй 25 настай Х.Зийех шигшээ багийнхаа хамтаар Оросод ирээд байна. Нидерландын Аякс клубын шилдэг хагас хамгаалагч Х.Зийех өнгөрсөн онд лигтээ болон клубтээ шилдэг тоглогч болсон. Шигшээ багтаа 18 тоглолтонд оролцоод буй Х.Зийех талбайн төвийг бүрэн хариуцана.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Амине Харит

Шигшээ багийнхаа төлөө ердөө 3 тоглолтонд оролцоод буй 20 настай А.Харит Мароккогийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч юм. Тэр Европын ТОП лигт тоглож буй А.Харит өнгөрсөн улиралд Шальке04 клубын төлөө нийт 32 тоглолтод оролцоод байна.

Дасгалжуулагч: Эрве Ренар

Франц мэргэжилтэн Э.Ренар Африкийн улсуудаар ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Тэрээр 2012 онд Замбиг, 2015 онд Кот-д’Ивуар улсыг удирдан Африкийн цомд түрүүлсэн бөгөөд Африкийн цомыг хоёр өөр улс удирдан түрүүлсэн анхны дасгалжуулагч болсон. Энэ удаа тэр Мароккогийн шигшээ багийг 20 жилийн дараа дэлхийн аваргад хөтлөн авчирлаа.

Дэлхийн аваргын түүх:

Мароккогийн шигшээ баг 5 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Хамгийн анх 1970 онд орсон бол хамгийн сүүлд 1998 оны Францын дэлхийн аваргад оролцсон. Харин хамгийн өндөр амжилтаа 1986 оны Мексикийн дэлхийн аваргаар үзүүлж байсан бөгөөд шөвгийн 16-д шалгарсан.

Боломжит амжилт:

Туршлагатай дасгалжуулагч, ур чадвартай, хурдтай залуу тоглогчдоос бүрдсэн Мароккогийн шигшээ баг хүндхэн хэсэгт багтсан. Испани, Португалын шигшээ багуудтай өрсөлдөж хэсгээс гарна гэж бодохгүй байна. Ерөнхийдөө хүлээлт бага юм.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 15-ний 23.00 цаг. Марокко – Иран
  • 2018 оны 6 сарын 20-ны 20.00 цаг. Португал – Марокко
  • 2018 оны 6 сарын 26-ны 02.00 цаг. Испани – Марокко

Б.БЯМБАБАЯР

Эх сурвалж: www.eurosport.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж