Хойд Солонгосын удирдагч Абэтэй уулзах уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдагч Абэтэй уулзах уу?

Хойд Солонгосын удирдагч Абэтэй уулзах уу?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун он гарсаар дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Хятад, БНСУ болон сөргөлдөгч АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзлаа. Энэ нь Солонгосын хойгт хэзээ мөдгүй дайн дэгдэж магадгүй түгшүүртэй нөхцөл байдлыг 360 градус эргүүлсэн үйл явдал болов. Хойгийн уур амьсгал зөөлөрснийг ашиглан Японы талаас барьцаалагдсан иргэдийнхээ асуудлаар Пхеньяны удирдагчтай хэлэлцээ хийхээр хичээж байна. Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудалд дэмжлэг авахын тулд Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нарыг Ким Жон Унтай уулзахаас өмнө уулзаж ятгасан юм.

Японы хэвлэлүүдэд мэдээлснээр тус улсын засгийн газраас ерөнхий сайд Шинзо Абе болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг товлохоор ажиллаж эхэлжээ. Түүнчлэн Монгол Улсад хоёр дахь өдрөө үргэлжилж буй Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа” олон улсын бага хурлын үеэр Япон болон Хойд Солонгосын талууд уулзахаар болжээ. Японы Санкей сонинд мэдээлснээр Шинзо Абэтэй хийх уулзалтын талаар Сингапурын уулзалтын үеэр яригдсан аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан. Эх сурвалжийн мэдээлснээр Шинзо Абэтэй уулзахад бэлэн гэж Ким Жон Ун хэлсэн аж. Улмаар Шинзо Абэг ирэх наймдугаар сард Пхеньянд айлчлуулах зэргээр Японы талаас уулзалтын хэд хэдэн хувилбарыг судалж эхэлжээ. Мөн ирэх есдүгээр сард ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Шинзо Абэ Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийж болох гэнэ.

Хойд Солонгос нь 1970-1988 оны хооронд тагнуулын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Японы иргэдийг хулгайлан авсан аж. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нь 2002 онд Японы ерөнхий сайд асан Жуничиро Койзумитэй уулзахдаа тус улсын иргэдийг хулгайлан авснаа хүлээжээ. Үүнээс хойш Япон улсаас хэлэлцээ явуулсны үр дүнд хэдэн иргэнийг нутаг буцаасан боловч Токио илүү олон иргэний мэдээллийг шаарддаг. Япон улсын засгийн газраас гаргасан албан ёсны нэрсийн жагсаалтад 17 хүн байдаг ч үүнээс олон хүн Хойд Солонгост хулгайлагдсан гэж үздэг байна. Харин хоёр орны харилцааг хэвийн болгох шаардлагын хүрээнд Япон улс нь 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колоничилж байхдаа учруулсан хохирлоо төлөхийг Пхеньян шаарджээ. Япон улс шаардлагыг хүлээн авбал зугаацуулагч эмэгтэйчүүдийн хэрэгт Өмнөд Солонгост төлснөөсөө илүүг Пхеньянд өгөх хэрэгтэй болох гэнэ.

Японы эргийн дагуу оршин суугчид учир битүүлгээр сураггүй болох явдал 1977-1983 оны хооронд гарах болжээ. 2002 онд Хойд Солонгосын удирдагч агсан Ким Жон Ил албан ёсоор Японы иргэдийг хулгайлснаа мэдэгдэхээс өмнө тэднийг Хойд Солонгосын тагнуулууд барьж явсан хэрэг цуу яриа төдий байжээ. Ким Жон Ил Японы 13 иргэний хулгайлсан гэж мэдэгдсэн боловч Токиогийн талаас 17 хүний нэрийг гаргаж, өөр сураггүй болсон 883 хүнийг Хойд Солонгост байгаа гэж хардаж буйгаа мэдэгджээ. Ким Жон Илийн мэдэгдлийн дараа Япон улсын таван иргэнийг эх оронд нь буцаасан ба тэд 20 орчим жилийн дараа гэр бүлтэйгээ дахин уулзсан байна. Үүнээс гадна 1953 онд хойгт дайн зогссоноос хойш Өмнөд Солонгосын 3800 гаруй иргэн Пеньянд хулгайлагдах эсвэл өөрийн дураар очсон байна. Хулгайлагдсан япон иргэд Хойд Солонгосын цэргийнхэн болон тусгай албаныханд өөрийн орны хэл, соёлыг албан хүчээр заадаг  аж. Тухайлбал, Өмнөд Солонгосын зорчигч тээврийн нисэх онгоцыг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдсэн Пеньяны тагнуул өөрийгөө Яеко Тагучи гэгч япон эмэгтэйгээс тус улсын хэл, соёлыг сурсан гэж мэдэгджээ. Яеко Тагучи нь 1978 онд Хойд Солонгост хулгайлагдсан аж. Үүнээс гадна Мегуми Ёкота гэх 13 настай охин 1977 оны арваннэгдүгээр сард бадминтоны хичээлээсээ тарж яваад сураггүй болсон нь Хойд Солонгост хулгайлагдсан аж. Хойд Солонгосын талаас түүнийг 1994 онд амиа хорлосон гэж мэдэгдэж, 2002 онд чандрыг нь Японд илгээсэн боловч ДНК нь таараагүй байна. Үүнээс үүдээд түүнийг Хойд Солонгост эсэн мэнд амьдарч буй гэх таамаг байдаг аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Хойд Солонгосын иргэнтэй гэр бүл болж хоёр охинтой болсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж