Энд чухам юу барих гэж байгаа юм бэ гэж асуухад тэнд ажиллаж байгаа ажилчид юу ч дуугарсангүй. Харин ч удаан зогсвол хүрч ирээд зодох янзтай. Нэлээн тойрч байгаад барилгын ажлын инженертэй нь уулзах гэсэн боловч ажлын байрандаа байсангүй. Харин инженергүйгээр барилгын ажил үргэлжлэх. Хүмүүсээс сураг сонсвол энд усан оргилууртай цэцэрлэг барина гэж байгаа гэх. Лавлаж асуух гэсэн ч хариулах хүн олдсонгүй. Ажилчид нь мэдэхгүй байгаа юм бол хорооныхон нь мэдэж байгаа болов уу гэтэл бас л үгүй ажээ. “Тийм ажил эхэлчихсэн юм уу” гэж асуух хүн хорооны ажилчдын олонх. Ямартай ч хамгийн ойлгомжтой хариулт гэвэл энд орон сууцны барилга барьж байгаа бөгөөд тоглоомын талбай нураасан нь ус болон дулааны шугам суулгаж байгаа гэх. Харин шинээр босох байрныхаа урд өвөрмөц тохижилттой цэцэрлэг барих юм гэнэ.
2008 оноос тоглоомын талбайн урдхан талд байрлах дөрвөн давхар шар байшинг чанарын шаардлага хангахгүй хэмээн нураасан ажээ. Тухайн үедээ сагсны талбай, хүүхдийн цэцэрлэг барина гэж байсан ч цагийн эрхээр замхрав. Одоо ч тэр үеийн хүүхдүүд нь том болсон гэж бодсон юм байлгүй. Оронд нь барилгын шилдэг компани гэх тодотголтой “Бүти” компанийн “Зөгийн үүр” орон сууцны барилга сүндэрлэж байгаа гэх. “Уг нь тоглоомын талбайг нураагаад эхлэхээр нь дургүйцэж байсан л даа. Гэхдээ энэ талбайг засах гэж байгаа гэсэн. Ер нь ч одоо юманд итгэхээ больсон цаг шүү дээ. Анх талбайд орон сууц барихгүй л гэж байсан одоо нар үзэхгүй л өндөр барилга босч байна” гэж III хорооны иргэн н.Коля ярилаа. Ийнхүү барилгын ажилчид, хорооны мэргэжилтнүүд, удирдлагууд нь ч тэр мэдэхгүй байсан зүйлийг жирийн иргэд бидэнд хуучилсан юм. Нураагаад байгаа тоглоомын талбайд уг нь тэндхийн 10 гаруй угсармал таван давхар байшингийн хүүхдүүд ирж тоглодог байсан гэх. Учир юу гэвэл ихэнх барилгууд нь туслах зам дагуу байрладаг учраас хүүхдийн тоглоомын талбай барих зай байдаггүй гэнэ.
Зөвхөн энэ тоглоомын талбай ч биш баригдаж байгаа орон сууцны нөгөө талд байрлах хэмжээгээрээ дунд зэрэг тоглоомын талбайн тал хэсгийг нь нураажээ. Бохирын шугам татаж байгаа нь энэ аж. Тэнд хүүхэд тоглох нь бүү хэл хүн явахад ч хэцүү болжээ.
Тэнд өмнө нь тэмээ байсан болов уу гэмээр хоёр бөхтэй “цогцос” байх. Газрыг нь ухах явцад өрөмдлөгийн доргионоос болж толгой нь тасарчээ, зайлуул. Хүүхдүүд дээшээ авирахад зориулагдсан жижиг төмрөн шат, дугуй хэлбэртэй тоглоомнуудын заримынх нь тал хэсгийг таслаад, заримыг суурьнаас нь ховхлоод барилгын ажлын хог тавьдаг хэсэгт орхижээ.
Энэ барилгын ажлаас болж зөвхөн хүүхдүүд ч хохирч байгаа юм биш. Барилгын ажил шөнөжингөө үргэлжилдэг учир тэндхийн оршин суугчид унтахад тун бэрх аж. Тэднийг энд эвдэлж байх хооронд замын эсрэг талд шив шинэхэн сагсны талбай босчээ. Яг л хүний орчлонгийн жам гэлтэй. Нэг нь дуу хадаан нүд аниж байхад нөгөө нь шинээр мэндэлж байгаа юм шиг. Өвлийн цагт тэр талбай нь мөсөн гулгуурын талбай болох юм гэнэ.
Нэг барилга барихын тулд нэгнийгээ эвдэлдэг монгол тогтолцоо үйлчлээд удаж байна. Харин тэднээс асуух нэг асуулттай байна. Тэр нь “Хүүхдүүд хаана тоглох вэ?”
"Ардын эрх" сонин