Москва хот гүзээлзгэнээ хурааж эхэллээ. Ирэх долоо хоног гэхэд нийслэл хотын дэлгүүрүүдийн лангуун дээр шинэхэн гүзээлзгэнүүд өрөгдөнө хэмээн Москва мужийн Хөдөө аж ахуй, хүнсний яамны тэргүүн Андрей Разин хэлжээ.
“Энэ зургадугаар сарын 8-наас гүзээлзгэнээ хурааж эхэллээ. Манай Москвагийн сорт болох амтлаг шүүслэг “Корона”, “Полка” сортын гүзээлзгэнүүд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн боллоо. Эдгээр сорт нь Москва хотын цаг агаартай тун зохицдог. Том хэмжээтэй ургадаг сорт. Тээвэрлэлтийн нөхцөлийг ч сайн даадаг” хэмээн сайд хэлжээ.
Гүзээлзгэнэ нарны шууд тусгал сайн байвал сайн ургадаг. Энэ жилийн хавар Москва орчимд өмнөх жилүүдээс арай сэрүүн, бүрхэг өдөр олон байснаас энэ жилийн гүзээлзгэнийн ургац хэд хоногоор оройтсон байна.
Сайдын хэлснээр тариаланчид наймдугаар сар хүртэл москвачуудыг гүзээлзгэнээр хангаж чадах ажээ. Москва хотод нийтдээ 121,3 гектар газарт гүзээлзгэнэ тариалдаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ