Монголын хуульчдын холбооны Захиргааны эрхзүйн хороо, Нээлттэй нийгэм форумаас “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” нээлттэй хэлэлцүүлгийн өнөөдөр /2018.06.14/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбооны Захиргааны эрхзүйн хорооны гишүүд оролцсон юм.
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хууль дахь
3.1.7.улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа.
ТАЙЛБАР: Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулах үндэслэл болохгүй.
5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэсэн заалтуудыг шинэ хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар тусгаж өгснийг хуульчдын зүгээс эсэргүүцлээ.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
“3.1.7.Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа.”
5.1.1 дэх заалт: Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага;” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Хэрэв дээрх хоёр хуулийн заалт батлагдвал Засгийн газар, яамдын эрх хэмжээг нэмэгдүүлж харин иргэн, ААН, хуулийн этгээдийг Захиргааны ерөнхий хуулийн хамгаалалтгүй болгож байгаа учир хуульчид ийн эсэргүүцэж байгаа юм.
Жишээ нь, иргэний өмчилсөн газрыг нь хурааж авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэж бодъё. Иргэн нөхөн олговор авмаар байдаг. Гэтэл Засгийн газар огт нөхөн олговор өгөхгүй гээд шийдвэр гаргачихсан байвал иргэн гомдоно. Энэ тохиолдолд тухайн иргэн шүүхэд хандлаа гэхэд шинэ хуулийн өөрчлөлтүүд энэ чигээрээ батлагдвал иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болох нөхцөл бүрдэх юм.
Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэтэл одоо Хуулв зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудсан дахь олон нийтэд нээлттэй байршуулагдсан шинэ хуулийн төсөлд 3.1.7 дугаар заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулчихсан байгаа. Өөрчлөн найруулахдаа Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгаж өгсөн. Түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гээд заагаад өгчихсөн байна. Энэ өөрчлөлтөөр иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний том заалт болно. Засгийн газар иргэн, хуулийн этгээд рүү шууд чиглэсэн шийдвэрийг олноор нь гаргадаг.Ийм төрлийн маргаан үүслээ гэхэд иргэн шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхгүйд хүрнэ. Жишээлбэл Засгийн газрын шийдвэрийн дагуу гээд аль нэг хувь хүн, компанийг өмчийг, газрыг хураагаад авбал шүүхэд гомдол гаргах эрхгүй үлдэнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Захиргааны ерөнхий хууль алдаагүй хэрэгжээд л явж байгаа. Тиймээс ч хуульчдын зүгээс энэ шинэ хуулийн төслөө эргэж хар. Иргэн, хуулийн этгээдийн эрхийг шууд байдлаар зөрчих нөхцөл байдал үүслээ’ гэдгийг анхааруулж байгаа гэлээ. Энэхүү хуулийг төслийг боловсруулж байгаа нь улс төрийн зорилготой гэсэн шүүмжлэл ч гарах болсон. Мөн Засгийн газар хэмжээлшгүй эрхтэй болж магадгүй хуульчид сануулж байна.