Монгол Улсын ГХЯ болон ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутаг дахь улс орнуудын хамтын ажиллагаа, энхтайван итгэлцлийг бэхжүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэмэгдүүлэх, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлыг цогц байдлаар хэлэлцэх, санал бодлоо илэн далангүй хуваалцах яриа хэлэлцээний платформ юм.
Хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон болон бусад улс орны судалгааны хүрээлэнгүүд, засгийн газрын түвшний төлөөллүүд, НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ нь “1.5 дугаар сувгийн яриа хэлэлцээ” бөгөөд экспертүүд, судлаачдын судалгааны дүгнэлт, саналыг бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид хамт оролцож сонсдог.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал нь үндсэн болон салбар хуралдаануудаар 2025 он хүртэлх Зүүн хойд азийн аюулгүй байдлын орчны тулгамдаж буй асуудлууд, сорилтууд, улс орнуудын оролцоо, бодит хувь нэмэр, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурал АНУ-ын ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын түүхэн уулзалтын дараахан болж буйгаараа онцлогтой юм. Хуралд оролцох улс орнуудын оролцооны түвшин жил ирэх бүр өсч байгаа нь энэ арга хэмжээний ач холбогдлыг илтгэж байна.