“Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалт нь Авлигатай тэмцэх газрын /АТГ/-ын үндэсний хөтөлбөр дэх үе шаттай сургалтуудын нэг аж.
Уг сургалтаар дамжуулж, авлига албан тушаалын гэмт хэрэг мөрдөн шалгах, илрүүлэх, шийдвэрлэхтэй холбоотой хууль сахиулах байгууллагуудын болон авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг чадавхжуулах юм.
Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын санхүүгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскис удирдан явуулж байна. Сургалт хоёр өдрийн турш АТГ-ын “Олон нийтийн төв”-д болно. Үүнд Монгол улсын шүүх, прокурор, тагнуул, цагдаа, Төв банкны болон авлигатай тэмцэх байгууллагын мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Баасанням хэлэхдээ “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угааж байгаа явдал түүнтэй тэмцэхэд тулгарч буй бэрхшээл нь олон улсад юу байна, түүнийг хялбар аргаар даван туулах боломж нь юу вэ гэдгийг мэдэж, туршлага солилцох нь сургалтын гол зорилго юм. Мөн Монгол Улсын хэмжээнд авлигатай тэмцэхэд тулгардаг бэрхшээлүүд гадаадын улс орнуудад тулгардаг нь сургалт зохион байгуулагчийн ярьж байгаагаас харагдаж байна” гэв.
Ц.Бадамханд