Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдний 11 мянга нь харааны, 8500 нь сонсголын, 4200 нь хэл ярианы бэрхшээлтэй иргэд юм. Өөрөөр хэлбэл, харах, сонсох, ярих бэрхшээлээс шалтгаалан нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 24 орчим хувийнх нь мэдээлэл хүртэх эрх хязгаарлагдмал байдаг ажээ.
Тэдэнд зориулсан дохионы орчуулга, үсгэн болон дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаарх семинар өнөөдөр /2018.6.14/ болж байна.
Уг семинар нь “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын байгууллага “Жайка”-тай хамтран 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Семинарын үеэр “Жайка”-гийн мэргэжилтэн, төслийн ахлах зөвлөх Чиба Хисаогаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн мэдээлэл хүргэх талаар тодрууллаа.
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ямагт зөрчигддөг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-д үүнийг шийдвэрлэх ямар шийдэл багтсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийгэм, сэтгэлзүйн сөрөг хандлага, мэдээлэл харилцаа холбоо, хууль эрх зүйн зохицуулалт гэсэн дөрвөн хэсгээс бүтсэн нийгмийн оролцооны саад тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг 2013 онд “Жайка”-д тавьсан. Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа шиг хандлага олон улсад дэлгэрч байгаа. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцуулах хандлага юм. Энэ хандлага Монголд хэрэгжих шаардлагатай байсан тул Засгийн газрын шийдвэрээр төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцэд мэдээлэл харилцаа холбоо, нийгмийн сэтгэл зүйн сөрөг хандлагыг арилгахаар ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоонд саад болж байгаа мэдээлэл харилцаа холбооны асуудлын талаар өнөөдрийн семинараар ярилцаж байна. Энэ саадыг хэрхэн багасгах вэ?
-Семинар дээр сонсгол болон хараа, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд телевиз үзэх боломж олгох, телевизүүдийн нэвтрүүлэг дээр бичгэн тайлбар болон дохионы орчуулга байрлуулах технологийг тайлбарлаж байна. Олон улсад энэ технологи хэрэгжээд эхэлсэн. Монголд ч хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл, бичгэн орчуулга, дохионы орчуулга, дуут тайлбар зэрэг нэмэлт үйлчилгээг телевизийн нэвтрүүлэгтэй зэрэг явуулах юм.
-Иргэн тусгай төхөөрөмжтэй байх шаардлагатай юу, телевизээс тэдэнд зориулсан нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэх юм уу?
-Нэгдүгээрт, зурагттай холбох төхөөрөмж байх шаардлагатай. Тухайн телевизээр гарах мэдээ, төхөөрөмжийн технологитой зэрэг цацагдана. Ингэснээр тун хялбараар, технологиор асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Хоёрт, телевизүүд нэвтрүүлэгтээ хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ авах хүсэлтээ ирүүлнэ. Энэ үйлчилгээг авахад телевиз өөрөө төсөвтэй байх шаардлагатай. Гуравт, бичиг, болон дохионы орчуулгыг үргэлж бэлтгэдэг орчуулгын компани байгуулагдан. Энэ гурван нөхцөл бүрдсэнээр Монголд аль ч нэвтрүүлгийг дохио болон бичгийн орчуулгатайгаар үзэх боломжтой болох юм.
-Олон дамжлагатайгаас гадна нэлээд төсөв шаардлагатай мэт санагдлаа?
-Засгийн газар болон холбогдох байгууллагууд энэ үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэмж олгодог эндээс нь тухайн төхөөрөмжийг олгодог байхаар ярилцаж байгаа. Семинарын хүрээнд энэ асуудлыг ярилцаад тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
-Төсөл 2020 онд өндөрлөнө. Энэ үед ямар үр дүнд хүрсэн байх вэ?
-Бидний хамгийн том зорилго бол Засгийн газар болон төрийн бус байгууллагууд дээр дурдсан дөрвөн бэрхшээлийг багасгаж, хамтран ажиллах боломжтой бүх зүйл дээр хамтардаг болгох. Өөрөөр хэлбэл, “Жайка”-гийн төсөл өндөрлөсөн ч дээр дурдсан байгууллагууд хамтран ажилладаг байх.
Р.Ренчиндулам