"Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна"

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна"

"Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна"

“Үндсэн хууль ба боловсролын эрс шинэчлэл” хэлэлцүүлгийг  өнөөдөр /2018.06.14/  Монголын Үндэсний Ардчилсан нам /МҮАН/-аас зохион байгууллаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөх оруулах асуудлаар  ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж, санал асуулга явуулсан.  Тэгвэл МАХН,  Монголын Үндэсний Ардчилсан нам, Монголын ногоон нам,  Иргэний зориг ногоон намуудын зүгээс Үндсэн хуулийг  үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэдгийг тус хэлэлцүүлгийн үеэр тодотгов. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтөд боловсролын салбарыг онцгойлон авч үзэж, эрс шинэчлэлт хийх шаардлага тулгарсныг сануулаад өнөөгийн нийгмийн ядуурлын шалгаан нь  боловсролын системийн гажуудал, хоцрогдолтой холбоотой гэдгийг тэд онцоллоо. Боловсролын системд өөрчлөлт хийх гол асуудал нь мэдлэг өгөх гэхээсээ илүү мэдлэгийг олж авах арга барилыг эзэмшүүлэх тогтолцоо руу оруулах шаардлагатай гэдгийг  Монголын ногоон намын дарга  О.Бум-Ялагч  тодотгосон юм. 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

-Монголын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин, чадавхийг бүрдүүлэх нь боловсролын салбараас ихээхэн хамааралтай. Ялангуяа өнөөгийн нийгмийн ядуурал, ажилгүйдэл ёс суртахууны доголдол, цаашлаад  өр, зээл өсөж байгаа нь боловсролын системтэй шууд холбоотой. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч  өр, зээл  нь яагаад буурахгүй байна вэ гэхээр түүнийг нь шингээж чадах гүйцэтгэл, чадамж, боловсон хүчний бааз суурь бий болоогүй байна  гэсэн үг.

Багш нар суулт зарлаж цалингаа нэмэгдүүлье гэж байгаа. Тэгвэл боловсролын салбараас гарч байгаа бүтээгдэхүүн нь боловсролынхоо салбарын багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх хэмжээний баялаг бүтээгчдийг төрүүлэхгүй байгаатай холбоотой. Нийгмийн эмзэг бүх асуудал боловсролоос улбаатай. Үндсэн хуулийг өөрчлөхтэй хамт боловсролын системийн эрс шинэчлэлийг хамтад нь хийхгүй бол цаашид яаж хөгжих үү, ажилтай, орлоготой байх уу гэдэг нь туйлын эргэлзээтэй болох юм. Манай намын зүгээс өнөөгийн тэгшитгэсэн боловсрол нь өөрөө биднийг мохоо болгож байна. Төрөлжиж мэргэшээгүй, дундаж боловсролтой мөн энэ тэндээс диплом олоод авчихсан ийм хүмүүсийн цуглуулга болж байгаа болохоос биш ажлын  байранд тэнцэх чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж чадахгүй байна.  Тиймээс бага наснаас нь авьяас чадварт нь суурилсан  солонго боловсролын системийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Монголын боловсрол зарлагын системтэй явж ирсэн. Тэгвэл үүнийг өөрчилж, орлогын боловсролын систем рүү шилжих ёстой гэсэн зарчмыг манай намын зүгээс дэвшүүлж байгаа. Өнөөдөр оюутны зээлээс цалингийн зээл рүү шилждэг ийм л нийгэмд бид амьдарч байна. Ихэнх нь зээлийн энэ эргүүлгээс гарах боломжгүй. Цаашлаад тэтгэврийн зээлд орох  хувь заяа хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Тийм учраас энэхүү хувь заяагаа өөрчилье гэвэл бид боловсролын системээ өөрчлөх ёстой.

Монгол хүн 25-50 нас хүртлээ идэвхтэй ажилладаг бол хөгжингүй орны иргэд 15-75 хүртлээ буюу 60 жил идэвхтэй ажилладаг ийм онцлогтой. Монголчуудын хөдөлмөрийн нас бага учир бидэнд цаг хугацаа алтнаас илүү үнэтэй. Гэтэл тэгшитгэсэн боловсрол буюу 12 жилээр дунд сургууль төгсгөдөг энэ систем нь өнөөдөр монголын нийгмийг улам ядуурал руу түлхэж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-“Монгол Улсад өнөөдөр нүүрлээд буй хямралуудыг давахад жижиг засвар төдий хийх байдлаар буюу Үндсэн хуулийн ганц нэг зүйл заалтыг өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй гэдгийг сүүлийн жилүүдэд нийгэм өөрөө харууллаа. Тиймээс бидний зүгээс шинэ дээд Үндсэн хуулийг боловсруулан гаргаж байгаа.  Манай намын зүгээс энэхүү хэлэлцүүлэгт шинэ дээд Үндсэн хуульд тусгасан боловсролын талаарх өөрчлөлт, үндсэн бодлогуудыг танилцууллаа.

Өнөөгийн боловсролын тогтолцоог 1990 оноос өмнө баримталж ирсэн уламжлалт буюу төрөөс бүх зардлыг нь дааж иргэдээ сургаж эргээд ажлын байраар хангадаг байсан энэхүү тогтолцоо руу оруулах шаардлагатай байна. 1992 оны Үндсэн хуулиар эдийн засгийг  чөлөөт гараар зохицуулна. Мөнгөтэй нь боловсрол эзэмшиж, хэн хүссэн сургууль байгуулж, хүүхдүүдээс мөнгө авч диплом өгч болно гэсэн энэ зарчим руу оруулснаар  өнөөгийн дипломтой ажилгүйчүүд мөн дэлхийд байхгүй хамгийн олон их, дээд сургуулиудтай, төгссөн залуус нь ажлын байранд тэнцдэггүй ийм  л систем рүү оруулчихсан. Тиймээс үүнийг засахын тулд  дэлхийн нийтийн жишгээр их дээд сургуулиудын боловсролын тогтолцоо дахь төрөөс оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнийг Үндсэн хуульд тусгайлан оруулж “Хүн бүр гарал үүсэл, эдийн засгийн чадавхаас үл хамааран сурч боловсрох эрхтэй” гэж  тунхаглаж өгөх.

Өнөөдөр  сургуулийн өмнөх болон суурь боловсролын зардлыг төр хагас дутуу дааж байгаа. Хүн ам цөөнтэй, хоёр том хөрштэй манайх шиг улсын хувьд чадварлаг боловсон хүчнийг олноор бэлтгэж байж хоёр хөрштэйгөө өрсөлдөх боломж бүрдэнэ. Чадварлаг боловсон бэлтгэж чадаагүйг илтгэх хамгийн сүүлийн жишээ бол Оюутолгойн гэрээ.

Монголын ногоон намын дарга  О.Бум-Ялагч :

-Боловсролын системд өөрчлөх хийх ёстой гол асуудал нь мэдлэг өгөх гэхээсээ илүү мэдлэгийг олж авах арга барилыг зааж өгөх тогтолцоо руу оръё гэдэг саналыг манай намын зүгээс дэвшүүлж байгаа.  Мэдлэг авах аргачлалыг бага наснаасаа мэдээд авчихвал өөртөө хэрэгтэй мэдлэгийг олж авах чадварт сууна. Мөн гадаадын улсад оюутан сургадгаа больж, өндөр мэргэжил боловсролтой гадаадын багш нарыг Монголдоо урьж ажиллуулах шаардлагатай байна.

Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Өнгөрсөн хугацаанд бид Зөвлөлт маягийн боловсролын системээр явж ирсэн. Энэ нь манай нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх асуудал нь  өнөөдөр  тавигдаж байна. Олон улсад хөрвөх чадвартай боловсрол эзэмшсэн хүмүүс шоронд яагаад ороод байна вэ, яагаад хулгай хийгээд байна, яагаад төрд гарангуутаа зан нь хувираад байна вэ зэрэг нь эзэмшсэн боловсролоосоо бус хувь хүн өөрөө төлөвшиж чадсан уу, хүмүүжил олж авч чадсан уу гэдэгтэй шууд холбоотой.

Бид боловсролын эрс шинэчлэлийн асуудлыг ярихдаа монгол уламжлал, ёс заншил монгол хүний онцлогт суурилсан  шинэчлэлийг боловсролын системдээ хийх цаг нь ирсэн. Өндөр боловсрол эзэмшсэн ч хувь хүний ёс суртахуун, зан ааш, бусадтай харилцах харилцаанд доголдол гарч байгаа учраас  нийгэмд хулгай, болох бүтэхгүй бүхэн нүүрлэж байна. Дээд боловсролтой гэдэг талаас нь үнэлэх бус монгол хүн болж төлөвшиж чадсан уу гэдгээр нь боловсролын тогтолцооны анхдагч асуудлыг ярилцах шаардлага бий болсон. Энэ бол эрс шинэчлэлийн үндэс гэж ойлгож байгаа. Гэтэл манайд шууд тулган хүлээлгэх, захиргаадах системээр боловсролыг олгож  ирсэн. Би ч гэсэн үүний  нэг бүтээгдэхүүн нь.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж