Ерөнхийлөгч Завхан аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Завхан аймагт ажиллалаа

Ерөнхийлөгч Завхан аймагт ажиллалаа

Орон нутгийн хаваржилтын байдалтай танилцаж, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн дуу хоолойг сонсч тэдгээрийг бодлого шийдвэртээ тусгах зорилгоор хөдөөг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа.

Аймгийн засаг дарга Я.Санжмятав “Энэ жил зуншлага тааруу, бэлчээр хадлангийн ургац муу, малын тарга тэвээрэг хангалтгүй байсан зэргийг харгалзан өвлийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах арга хэмжээг авч ажилласан. Гэвч цас их орж, цаг агаар муудаж өвөлжилтийн байдал хүндэрлээ. Онцгой байдал болон тамгын газар байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хүний эрүүл мэндэд онцгойлон анхаарч, тамгын газрын хэлтсийн дарга нар сумдыг бүсчлэн хариуцаж ажиллаж байна. Засгийн газар хоёр ч удаа ажлын хэсэг ирүүлж, өвөлжилтийн байдалд үнэлгээ хийлээ. Батлан хамгаалах яаманд хүсэлт гаргаснаар туулах чадвартай машин 5-ыг авч, өвчилж болзошгүй өндөр настан, эх хүүхдийг төвд татан авчирч, хүндрэлтэй сумдад өвс тэжээл, хүнс эм зэргийг хүргэх ажлыг зохион байгуулсан” гэж танилцууллаа.

Малаа алдсан малчдыг ажлын байраар хангаж, амьдралыг нь дээшлүүлэх, малчдын өр зээлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хөрөнгө хүч шаардсан томоохон ажлууд хүлээгдэж байгааг аймгийн удирдлага ярьж байна. Аймгийн хэмжээнд малчдад туслах хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм байна.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улиастай сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч, бүрэн эрхийн хугацаандаа баримталж ажиллах гол бодлого чиглэлүүдээ танилцуулсан. Монгол хүний аюулгүй байдал, шүүх эрх мэдлийн шинэтгэл, шударга ёсыг тогтоох, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг шинэчлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бий болгох, үндэсний соёл өв уламжлалыг хадгалан, сэргээж дэлгэрүүлэх, байгал орчноо хамгаалах, улам бүр нэмэгдэж байгаа дэлхийн дулаарлаас үүдэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг үндсэн чиглэлээр Ерөнхийлөгч баримталж байгаа бодлогоо дэлгэрэнгүй танилцууллаа.

Шударга ёсыг тогтоох, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх Ерөнхийлөгчийн бодлогыг тууштай дэмжиж байгаагаа уулзалтад оролцож, асуулт асууж саналаа хэлсэн иргэд дуу нэгтэй илэрхийлж байлаа.

Тухайлбал Улиастай сумын иргэн н.Доржготов, н.Банзрагч нар шударга ёс тогтоох ажлыг хуулийн шинэчлэлтээс эхэлж байгааг дэмжиж байгаагаа хэлсэн. Малаа алдаж, орлогын эх үүсвэргүй болсон малчид цаашдаа хэрхэн амь зуулгаа залгуулах талаар санаа зовж , энэ талаар төрөөс ямар оролцоо дэмжлэг байж болохыг асууж байна. Ерөнхийлөгчийг дагалдан ажиллаж байгаа ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Засгийн газар малаа алдсан өрхүүдийг малжуулахаар тооцоо судалгаа хийж, тодорхой хөрөнгө мөнгө гаргахаар төсөвлөж байгааг хэллээ. Малгүй болсон 2 мянган айл өрхөд дунджаар 7.5 тэрбум төгрөгийн мал олгох бөгөөд, энэ нь нэг өрхөд 65 мал оногдоно гэсэн үг юм байна. Энэ асуудал гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болжээ. Ерөнхийлөгч, “ Хөдөө аж ахуйн салбар шинэ бодлого, чиглэлээр явах явах цаг нь болсон гэдгийг нөхцөл байдал харуулж байна. Уулзсан малчид ч ингэж хэлж байгаа. Үр ашиг багатай, олон сая малын хөлд бэлчээр талхлагдаж, газрын гарц жил ирэх бүр муудаж байна. Бэлчээрийн даацдаа тааруулж, өндөр ашиг шимтэй, эрчимжсэн мал ах ахуй эрхлэхийг төрөөс бодлогоор дэмжинэ. Уулзсан малчид , мал маллаж байгаа өрхийн нэг хүнд ногдох малын тоо толгойг тогтоох, түүнээс илүү гарсан бол татвар оногдуулах, малын хөлийн татварыг бог бод гэж ялгалгүй авах талаар санал хэлж байна. Та бүхэн ч энэ талаар саналаа хэлээрэй. Бид суманд эдийн засгийн зохицуулалтыг хийлгүй орхигдуулж ирлээ. Хуучин цагт сум- нэгдэл гэж байсны адил одоо сумын хэмжээнд хамтрал хоршоо гэж нэгдэж, зохион байгуулалтад орох нь зөв хэлбэр юм. Малчид хамтраад бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, хуримтлал бий болгох хэрэгтэй” гэж хэллээ. Айл өрхүүдийг, ялангуяа малчдыг ядууралд хүргэж өрхийн эдийн засагт хүнд дарамт учруулж байгаа оюутны сургалтын төлбөрийн талаар Ерөнхийлөгчийн баримталж байгаа бодлого иргэдийн хамгийн их анхаарч, хүсэн хүлээж байгаа асуудлуудын нэг болох нь мөн энэ уулзалтаас харагдсан.

Ерөнхийлөгч “Оюутны тэтгэлгийн хууль” санаачилж, ажлын хэсэг уг хуулийн төслийг боловсруулж бэлэн болгосон, хэдхэн хоногийн дараа Иргэний танхимаар хэлэлцэгдэх гэж байгаа тухай ярилаа. Энэ хуульд туссанаар бол, оюутны сургалтын төлбөрийг төрөөс 50 хувь санхүүжүүлэх, онцгой сайн сурсан оюутнуудын төлбөрийг төр бүрэн хариуцах, мөн төрийн албан хаагчийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого хэвээр үлдэх зэрэг олон давуу талууд бий. Зөвхөн сургалтын төлбөрийн асуудлыг шийдээд зогсохгүй, дээд боловсролын чанарыг шинэ шатанд гаргаж, ажлын байрыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдэх учиртай хуулийн төсөл бэлэн болоод байгаа билээ. Улс төрийн намуудын бэлэн мөнгөний амлалтыг иргэд сануулж, шаардаж байна.” Нэгэнт амласан учраас бид нэхэж байна. Гэвч нөгөө талдаа, бэлэн мөнгө тараах нь үнийн хөөргөдлийг дагуулахаас өөр сайн зүйл авчрахгүй байна” гэж энэ талаар саналаа хэлсэн иргэд онцолж байв.

Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдийн засгийн үр өгөөжөө богино хугацаанд өгөх томоохон төслүүд амжилттай хэрэгжих эхлэл тавигдаж байна. Ингэснээр бид наад зах нь цалин тэтгэмжээ нэмэх боломжтой болно. Төр засаг иргэддээ бэлэн мөнгө тараах биш харин данс нээж хуримтлал бий болгох ёстой. Тэр хуримтлалыг оюутны сургалтын төлбөр, эмнэлгийн үйлчилгээний төлбөр, даатгал, орон сууцны төлбөрт зориулна, барьцаалж зээл авч бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт зохицуулалтыг нь төрөөс хийж өгч болно. Цаашдаа бэлэн мөнгөний амлалтыг хуулиар хориглож, бүрмөсөн зогсоох хэрэгтэй” гэж ярилаа.

Улиастайчууд, эрчим хүчний хүрэлцээг сайжруулах, баруун бүсийн нэмэгдэл бий болгох, хуучин цагт ажиллаж байсан малын тэжээлийн болон гурилын үйлдвэрүүдийг сэргээх, банкны өр зээлийн асуудал зэрэг орон нутагт болон малчдын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар хөндөж, Ерөнхийлөгчтэй харилцан ярилцлаа. Нутгийн иргэдийн тавьсан, эрчим хүчний хангамж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хүртээмж зэрэг асуудлуудаар анхаарч, арга хэмжээ авч ажиллахыг дагалдан яваа дэд сайдуудад үүрэг болголоо.

Дараа нь Ерөнхийлөгч Завхан аймгийн төр захиргааны байгууллагуудын алба хаагчидтай товч уулзалт хийсэн. Иргэдэд түргэн шуурхай үйлчилж, тэднийг сонсч, эрх ашгийг нь хүндэтгэж ажиллахыг зөвлөлөө. “Монгол Улсын төр байгаа учраас иргэн байгаа биш харин иргэн байгаа учраас төр байгаа гэдгийг санаж ажиллаарай. Аливаа шийдвэр журам гаргахдаа иргэдээс заавал асууж, тэднийг оролцуулдаг байх хэрэгтэй. Иргэн оролцсон шийдвэр хэрэгжихдээ ч амархан байдаг. Бид орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж , энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Орон нутагт эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг бол даргын эрх мэдэл нэмэгдэнэ гэсэн үг биш, энэ бол иргэдэд өгч байгаа эрх мэдэл юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Завхан аймаг дахь томилолтоо өндөрлөөд, Говь-Алтай аймгийг зорилоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж