Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2010 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 284 гэмт хэрэг бүртгэгдсэнээс есөн хүн нас барж, 225 хүн гэмтэж байжээ. Энэ тоо жилээс жилд өссөөр 2016 онд 1,499 гэмт хэрэг бүртгэгдэж 18 хүн нас барж 1,217 хүн гэмтсэн байна. Зургаахан жилийн дотор гэмт хэрэг тав, амь насаа алдсан хүний тоо хоёр, гэмтсэн хүний тоо тав дахин нэмэгдсэн гэсэн үг. Сүүлийн долоон жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 104 хүн нас баржээ.
Тэгвэл жендерт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг өнөөдөр /2018.06.14/ Нэгдсэн үндэстний байгууллага болон Үндэсний статистикийн хороо хамтран танилцууллаа. Энэхүү судалгааг түүврийн аргаар хийсэн бөгөөд 15-64 насны 7300 гаруй эмэгтэй судалгаанд хамрагдсан байна. Судалгааны мэдээлэл цуглуулж эхэлснээс хойш судалгаанд оролцохоос цааргалах тохиолдлууд гарч зарим эмэгтэй ярилцлагын цаг, товыг байнга хойшлуулах эсвэл ярилцлага өгөхөөс зайлсхийж байсныг судлаачид ярилаа. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 46.9 хувь нь Улаанбаатар хотынх бол 53.1 хувь нь хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүд.
‘хэн бүхний хувьд маш үнэ цэнэтэй’
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Маш нуугдмал шинжтэй хүчирхийллийн хэлбэрийн тухай үг нээн, өөрсдийн үнэн түүхээ ярьж, хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдгүйгээр уг судалгааны ажлыг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Эдгээр эмэгтэйчүүдийн өгсөн мэдээлэл нь ирээдүйд жендерт суурилсан хүчирхийлэлгүй нийгэмд амьдрахыг эрмэлзэж буй хэн бүхний хувьд маш үнэ цэнэтэй. Мэдээлэл цуглуулахад идэвхтэй оролцсон 7300 гаруй эмэгтэйчүүд, тэдгээртэй ярилцлага зохион байгуулсан бүх эмэгтэй судлаачиддаа онцгойлон талархаж байна. ‘Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан 2017” судалгаа нь Монгол Улсад уг сэдвээр хийсэн тоон болон чанарын анхны томоохон хэмжээний судалгаа болж байна. Энэ судалгаа нь ихэнх тохиолдолд хаалттай хаалганы цаана үйлдэгдэн нууц хэвээр үлддэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн үйлдлүүдийг олж илрүүлснээрээ ихээхэн онцлог’ гэж байлаа.
Эмэгтэйчүүдийн хувьд хамтрагчийнх нь зүгээс үйлдсэн хүчирхийлэл тэдний амссан цор ганц хүчирхийлэл биш гэж судалгаанд дурджээ. Тухайлбал, тэд 15 наснаасаа хойш эцэг эх, ах дүүс, гэр бүлийн бусад гишүүд эсвэл огт танихгүй этгээдийн зүгээс үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
Харин хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 42,8 хувь хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн бол тэдгээр эмэгтэйчүүдийн 71.6 хувь нь хүнд буюу ноцтой гэмтжээ. Бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг ихэвчлэн муу хэмээн дүгнэж, сэтгэцийн өөрчлөлтийн хэд хэдэн шинж тэмдэг тэдэнд илэрсэн тухайгаа ярьсан байна.
‘Авсан байраа өөрийн нэр дээр болголоо гэж дарамталдаг’
Дээрх судалгаанаас харахад эдийн засгийн хүчирхийлэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 22.9 хувьтай гарчээ. Улсын дунджаар сүүлийн 12 сард эмэгтэйчүүдийн 12.0 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байхад энэ үзүүлэлт хотод хамгийн өндөр буюу 13.2 хувь байна. Эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үзүүлэлтийг харахад бүрэн дунд боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүд хамгийн их өртжээ. Мөн бие даан орлого олдог эмэгтэйчүүд ч эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг аж. Тухайлбал, нөхөр нь эхнэрийнхээ гэр бүлийн орлогод оруулж буй хувь нэмрийг нь үл тоох “Хүний хийдэггүй юмыг хийж байгаа юу” гэх зэргээр ажлыг нь дорд үзэх, ‘Авсан байраа өөрийн нэр дээр” болголоо гэх зэргээр дарамталдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн хүчирхийлэлд 20-44 насны эмэгтэйчүүд хамгийн ихээр өртжээ.
“Манай ээж намайг аяга хагалсан ч зоддог”
Амьдралдаа бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Улаанбаатар хотод хамгийн их буюу 22.1 хувь байна. Сүүлийн 12 сард бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг аймгуудаар авч үзвэл, Говь-сүмбэрт 7.3 хувь, Архангайд 6,8 хувь, Ховд аймагт хамгийн бага буюу 1.1 хувь байна.
Орхон аймгийн эмэгтэйчүүдийн 18.1 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Мөн амьдралдаа бусдын зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дундговь, болон Улаанбаатар хотод улсын дунджаас дээгүүр байна. Эндээс харахад хөдөө орон нутагтай харьцуулахад хот, суурин газар амьдардаг эмэгтэйчүүд бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд илүү өртжээ. Ихэвчлэн гэр бүлийн бусад гишүүд энэ төрлийн хүчирхийллийг үйлддэг аж.
Судалгаанд хамрагдсан 15-19 насны охины ярилцлагын хэсгээс:
- ‘Манай ээж намайг аяга хагалсан ч зодно, аавд уурласан уураа надад гаргаж байнга намайг зоддог байсан. Тэр миний хамрыг хүртэл хугалж байсан”
- ‘Тэтгэврийн насны эмэгтэйн ярианаас “Ач зээ маань гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Үүнээс болж би хүргэндээ зодуулж, гэрээсээ хөөгдөж 2- 3 жил дарамтад амьдарсан. Цагдаад өгсөн гээд гэрийг маань хүртэл буулгаж байсан. Тэтгэврээр минь тэжээлгүүлж байсан атлаа л дарамталдаг. Охин маань биднийг өмөөрөөд зодуулна. Сүүлдээ нөхөртөө захирагдаад тоохоо больсон”
“Хойд эцгийн хамаатан намайг бас ээжийг хүчирхийлсэн”
Бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15-аас дээш насандаа өртсөн эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд залуу эмэгтэйчүүд түлхүү өртсөн гэж судалгаанд дурджээ. Бэлгийн хүчирхийллийн үйлдлүүдийг дунд болон хүнд гэж хоёр ангилдаг бөгөөд дунд хэлбэрийн хүчирхийлэлд хүсээгүй байхад бэлгийн хавьталд орохыг завдах, хүсээгүй байхад биед нь хүрэх зэрэг үйлдлүүдийг хамруулж үздэг аж. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд хүчээр бэлгийн харьцаанд орох, архи, мансууруулах бодис хэрэглэсэн үед бэлгийн харьцаанд орох зэргийн үйлдлүүдийг хамруулан үздэг байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн цөөнх нь дунд хэлбэрийн хүчирхийллийн тухай ярьжээ. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэл нь гадаа гудамжинд 14.3 хувь, ажил дээр 13.6 хувь, өөрийн гэрт 12.6 хувь, сургуулийн орчинд 12 хувь ихэвчлэн болдог байна. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйн өөрийн гэрт 65 хувь хээр газар, ой мод, цэцэрлэг хүрээлэнд 10.9 хувь болдог аж. Дийлэнх нь хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмслэх, хүүхдээ авхуулах, мөн хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэдгээ ярьжээ.
Энэ төрлийн судалгаанаас харахад архидан согтуурснаас үүдэн гарсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч эмэгтэй өөрийн гэр бүлийн нэр хүнд болон эдийн засгийн байдлаас хамаараад цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй байна. Судалгаанд хамрагдсан 15-19 насны охидын ярилцлагын хэсгээс:
- “Анх тийм зүйл болоход би яахаа мэдэхгүй байсан. Аавын эгч ‘чиний болон аавын чинь нэр хүнд унана, шоронд орно’ гэсэн. Тэгээд би тэвчиж өнгөрүүлсэн. Жирэмсэн болсон учир өсвөрийн эмч, сэтгэл зүйч нар надад зөвлөгөө өгөөд “цагдаад өг” гэсэн. Гэхдээ би айгаад хэнд ч хэлж чадаагүй”
- “Танилцах үдэшлэг дээр би архи ууж, биеэ хянах чадвараа алдсан байсан. Биеэ хянах чадвараа алдсан байсныг барны хамгаалагч мэдээд намайг хүчирхийлсэн”
- “Хойд эцгийн хамаатан намайг бас ээжийг хүчирхийлсэн. Ээж түүнийг цагдаад өгсөн. Гэвч тэр 2-3 сая төгрөг өгч, ээж гомдлоо татаж авч байсан”
Энэ үеэр албаны хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд Засгийн газар болон иргэний нийгмийн олон талт хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байлаа.
Э.Бурам