511 тэрбумын хуваарилалт ба зочин банкууд “ахисан түвшин” хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

511 тэрбумын хуваарилалт ба зочин банкууд “ахисан түвшин” хүлээж байна

511 тэрбумын хуваарилалт ба зочин банкууд “ахисан түвшин” хүлээж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр твийтр хуудаснаа “Эдгээрээс нэлээн хэд нь манайх руу орж ирэх гээд “хоншоор” нь дутсан даа. Харин тэд чимээгүй буцаж, бид зээлийн хүү өндөр хэвээр үлдсэн. /популимзмын төлбөр/” гээд ICBC, China Construction Bank-ийг дурджээ. Тэрбээр “Форбес”-ийн жагсаасан дэлхийн томоохон банкуудын индексээс эхний хоёрт жагссаныг дурдсан нь энэ. Урьд нь бол ийм мэдэгдлийн дор түүнийг “эрлийз” гэхээс эхлээд элдвээр зүхдэг байв. Харин энэ удаад хандлага өөр. “Тэгээд хэн хожсон юм бэ”, “Уг нь ороод ирсэн бол манайд л хэрэгтэй байсан юм” гэцгээх болжээ. Энэ хандлага нь “банкны тухай яриа” халуухнаар өрнүүлэх болсон, тодруулбал зээлийн хүүг “уралдан буулгах”, төсвийн хөрөнгөөс 511 тэрбум төгрөг гаргуулан банкуудыг дахин хөрөнгөжүүлэх кампанит ажлуудын дуулианд зөв уур амьсгал нэмэх нь үү гэсэн горьдлого төрүүлэв.

ICBC банкны тухайд Монголд төлөөлөгчийн газраа нээгээд есөн сар болж байна. Төлөөлөгчийн газрыг нь Монголд нээх шийдвэрийг Монголбанкны захирлуудын зөвлөл 2017 оны нэгдүгээр сарын 5-нд гаргасан байдаг.

Энэ үеэр “УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гадаадын банкны салбар Монголд үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулах анхны хууль болох юм. Энэ хуулийн төсөлд, манай улсад үйл ажиллагаа явуулах гаднын банк нь Монгол Улсад төлөөлөгчийн газраа дор хаяж нэг жил ажиллуулсан байх шаардлагатай тухай заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, ICBC банк нь төлөөлөгчийн газраа нээж, хууль батлагдвал жилийн дараа өөрийн банкны салбараа нээх боломжтой болно. Одоогоор БНХАУ-ын “Bank of China” Улаанбаатар хотод салбараа нээн ажиллуулах хүсэлт гаргасан байдаг ч зохицуулах хуулийн заалтгүйгээс тодорхой шийдэлд хүрээгүй байна” хэмээн мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, нэг жил үйл ажиллагаагаа явуулснаа дараа Монголын парламент салбараа нээх зөвшөөрөл өгөх нь гэсэн хүлээлт үүсгэчихээд байгаа хэрэг.

Өнөөдрөөс тоолбол гурван сарын дараа гэсэн үг. Энэ талаар эрх бүхий зарим хүн Хятадын талд тодорхой амлалтыг албан бусаар өгсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл ч бий. Үүнтэй урьтаж Монголынхоо банкуудыг чадваржуулах үүднээс ОУВС-ийн зөвлөгөөг “хань татаж” 511 тэрбум төгрөгөөр “чадалтай банк босгох операци” эхлүүлсэн байж болзошгүйг бид харж байна.

Нууцын нууц, маш нууцаас маш нууц гэгддэг арилжааны банкуудын активын “жинхэнэ” дүн мэдээ цөөн хэдэн хүний гарт буй. УИХ-ын гишүүдэд хүртэл гарт нь ч бариулахгүй шахам харуулчихаад буцаагаад авсан тэр мэдээ юу өгүүлснийг “үнэрлэж чаддаг” нь “үнэрлэчихээд” байна.

ICBC, China Construction Bank-ны түншүүд 511 тэрбумаас хамгийн том хэсгийг хүртэнэ. Асуудлыг нууцаар хэлэлцэнэ. Үнэнийг бичвэл гүтгэсэнд тооцно. Гүтгэсэнд тооцвол шүүх хурал хаалттай хуралдана. Ялаас бусад мэдээлэл нууц. Ийм орчинд 511 тэрбумын зарцуулалт, хуваарилалтын талаар хэн ч дуугарах боломжгүй байгаа биз.

ICBC банкийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд авсан “Стандарт” банкны хувийг эзэмшдэг болсноор нь бид “танина”. Төрийн даалгавар бол “Стандарт” банкныхантай зөвшилцөөд Арбитрын шүүхээс шийдвэрлэсэн Монголын талын төлөх өрийг зохицуулах, хүүг түр зогсоох талаар хэлэлцээ хийгээд ир” гэчихсэн байгаа. Хардаж таахад “ICBC-ийн салбарыг нээхэд дэмжлэг үзүүлнэ гэвэл “Монголоос авах 100 тэрбум ам.доллар ч яамай байна аа, дуугүй зөвшөөр” гэсэн шийдвэрийг Бээжинд гаргахад ICBC татгалзахгүй. Том эрх ашгийн төлөө үлэмж алдагдлыг ч хүлээн зөвшөөрөх үүрэг бүхий банктай хамтрах аюултай гэдгийн жишээ энэ. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд “төр дэх мэдэл нь бага бол…” гэсэн хаалтыг оруулсан нь хамгийн чухал заалт юм. Энэ хууль батлагдсаны бараг маргааш нь л ICBC болон түүний өмнө Монголд төлөөлөгчийн газраа нээгээд гурван жилийн нүүр үзэж байгаа Bank of China нарын  хувьд хошигнож хэлэхэд Монголд “ахисан түвшний статустай” болж чадах эсэх нь шийдэгдэнэ.

Монголчууд хуулийн дээрх заалтаас гадна дотооддоо банкуудаа чадавхжуулах, зээлийн хүүгээ бодлогоор бууруулах зэргээр чадах ядахаараа “вакцин” хэрэглэх гэж байгааг тэд сонирхон харж байгаа. 

Одоо бидэнд ямар боломж үлдэв. Улстөрийн тодорхой хүрээнд “Стандарт” банкинд төлөх “өрийг тэглэсэн” байх “гавьяа” хэрэгтэй байгаа биз ээ. Бонусанд нь зээлийн хүүг бууруулчихлаа гэсэн нэг оноо, банкуудаа чадавхжуулсан болон ОУВС-ийн даалгаврыг биелүүлсэн бас нэг оноо гэхчлэн түүгээд байвал чамгүй л дээ.

Харамсалтай нь 511 тэрбум төгрөгөөр арилжааны банкуудаа “тэтгэсэн” ч ICBC, China Construction Bank салбараа нээхээр “төлөвлөгдсөн” бол яах вэ? Яагаад Сангийн яам сайн ажилласан ч гэсэн одоо дарах өрийнхөө тухай зовлон тоочоод байна вэ. Ямар нэг “ингэхээс өөр арга байсангүй” гэсэн ойлголт өгөх шаардлагатай байгаа юм биш биз. Тэр урьдач нөхцөлийг бид сайн ойлгож дараагийн хийх амлалтыг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн болсон байх ёстой юм биш биз.

Төрийн банкийг хувьчлах тухай хэлэлцүүлгийг ч гэсэн анхааралтай ажиглаарай. Яагаад Хятадын төрийн өмчит банкуудад хаалгаа нээхдээ Монголын төр муу ч сайн ч өөрөөр нь овоглосон ганц банкаа хувьд гаргах ёстой юм бол. Цаг хугацааны хувьд хардахад илүүдэхгүй.

Монгол томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. “Хөдөлгөнө” гэдэг билүү. Тэр үед нь дотоодын банк нь санхүүжүүлбэл гадагшаа урсах ам.долларын урсгалыг зогсооно гэсэн тайлбар эсэргүүцэх аргагүй сонсогддог. Тэгэхээр томоохон төслийн ТЭЗҮ бариад ирэхэд нь Монголын зарим нэг том банк хүссэн зээлийг нь олгож чаддаг болсон байх нь л дээ. Эсэргүүцэхэд бэрх байгаа биз. Яг ийм тайлбартайгаар төсвөөс активаа зузаатгасан банкууд шинэ /гадны/ өрсөлдөгчөө тосох нь. Гэхдээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн батлагдсаны дараа…

Дашрамд дурдахад энд аюул зөгнөж, түгшүүрийн харанга дэлдэх гэсэнгүй. Эрхэм гишүүний жиргэсэн болон түүнийг дэмжсэн хүмүүсийн хариулт бодит үнэн. “Улс төрд ХЭРВЭЭ гэж байдаггүй” гэдэг ч хэрвээ дээрх банкууд “хоншоортой” байгаад Монголд салбараа нээсэн бол бидэнд ашигтай байсан. Өнөөдрийн тулгамдаад байгаа ипотекийн болон бусад зээлийн хүүг бууруулах асуудалд ч, том төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрт ч эерэг нөлөөтэй. “Анхаар, Хятадын банк орж ирж залгих нь. Хаалгаа бариарай” гээд байсан “популизм”-ын төлбөрт төсвөөс ямар хэмжээний зарлага гарч байгаа, аж ахуйн нэгжүүд, өрх, иргэдийн “зовлонт амьдралын түүх” бүгд хамаатай. Уг нь сайн ч, муу ч Монголын төр тийм популизмгүйгээр Хятадын төрийн банкуудад хаалгаа цэлийтэл нээх шийдвэр гаргахгүй л байсан биз.

Харин одоо хэрхэхийг банктай ямар нэг байдлаар харилцдаг хүн бүр анхааралтай ажиглах цаг ирлээ. Наадам ойртлоо. Наадмын өмнөхөн УИХ-ын чуулган завсарлахдаа хэрхэн хуулиудыг онцолж түүвэрлэн яаран бөөндөж баталдгийг бүү март! Ингээд гурван сарын дараа, түүнээс хойш банкны салбар хэрхэн “өөрчлөгдөж” ирэх намар шинэ хуультай, шинэ салбаруудтай болсон байхыг цаг хугацаа л харуулах биз ээ. Дашрамд дурдахад яг тэр үеэс УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил эхэлнэ. Санхүүжилтээ яаж босгодог талаар ам алдсан улстөрчдийн яриаг алдалгүй цээжлэхэд илүүдэхгүй. Одоогоор банкнаас болон өмч хувьчлалаас хэрхэн сонгуулийн мөнгө “босгодог” талаар яриад эхэлчихсэн нь “гэрчийн тайлбар” мэт тэмдэглэгдэн үлдсэн.  

У.ОРГИЛМАА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж