Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу хүмүүсийн хэлж заншсанаар Хүүхдийн паркад өчигдөр 15.00 цагийн үед тоглоом эвдэрч дөрвөн хүүхэд гэмтсэн.
Хэргийн газарт цагдаа болон нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан ажилласан.
Уг тоглоом нь 2010 онд ашиглалтад орсон бөгөөд хүүхдийн баярын өмнөхөн шалгалт хийхэд, төмөр эд ангиуд зэвэрч гадаргууг нь цэвэрлэх шаардлагатай болсон байжээ.
Гэмтсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч П.Баярсайханаас тодрууллаа.
-Хүүхдүүдийн бие ямар байгаа вэ?
-Өчигдөр 16.00 цагийн орчимд паркийн тоглоом эвдэрснээс болж гэмтсэн гэх 10-14 насны дөрвөн хүүхэд ирсэн. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байсан. Бид яаралтай тусламж үзүүлж, мөн шинжилгээ хийж, зураг аваад ноцтой гэмтэл илрээгүй тул дүүргийнх нь эмчийн хяналтад шилжүүлсэн.
-Тэдний биеийн байдал гайгүй гэсэн үг үү?
-Биеийн байдал нь харьцангуй, тогтвортой байна. Одоогоор харьяа дүүргийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа. Үзлэг хийх явцад ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй, шархтай гэсэн онош тогтоогдсон. Сүүлд нь хоёр хүүхэд нэмэгдэж ирсэн. Тэд нар 103 дээр үзүүлээд явсан гэлээ.
Э.Ариун