Шинэ төмөр замын төслийг дэмжив | News.MN

Шинэ төмөр замын төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр замын төслийг дэмжив

Засгийн газрын хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар шинэ төмөр замын төслийн талаар хэлэлцэн “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёрдахь үе шатны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, төсөлд заасан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав.

Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө.  Төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавина. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барихаар тооцоолж байна. Төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. Шинэ төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “МакКинсей энд Компани” хийжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

АВТОЗАМЫН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛНЭ

“Автозамын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд автозамын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын байгууллагуудын бэхжүүлэх зорилт тавьж байна.

Энэ онд багтан бэлтгэл ажлаа хангах бөгөөд 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгах юм. Хөтөлбөрийг улс, орон нутгийн төсөв, “Замын сан”, гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, хандив зэргээс санхүүжүүлэхээр тооцоолжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд нийслэлийн автозамыг шинэчлэн сайжруулж, аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай зам, 990 км хурдны зам барихаар зорьж байгаа. Өнөөгийн байдлаар автозамын үндэсний компаниудын чадавхи дээрх зорилтыг хангах түвшинд хараахан хүрээгүй, замын салбарт мэргэшсэн хүний нөөц ч дутмаг байна. Тухайлбал манайд автозамын 500 орчим инженер, 5 мянга гаруй мэргэшсэн ажилчин байгаа бөгөөд инженерийн тоог 2 дахин, мэргэжсэн ажилчдын тоог 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.  Мөн автозамын салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлт оновчтой биш, хэрэгжилт, үр ашиг хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулалтын  бодлого, хэрэгжүүлэх зохистой арга механизм бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Түүнчлэн “Замын сан”-гийн хөрөнгө хүрэлцээгүй байдгаас зайлшгүй шаардлагатай зам засвар, арчлалтын дөнгөж 30 орчим хувийг гүйцэтгэдэг байна. Иймээс “Замын сан” бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгох, засвар арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлж, ээлжит засварыг байнга хийж хэвшүүлэх хэрэгтэй байгаа гэж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам үзжээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн “Автозамын салбарын чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТЛАВ
    
“Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Шинэчилсэн хэлэлцээрийн дагуу талуудын эрх бүхий байгууллагууд зорчигч болон ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн маршрутыг тохиролцон, зорчих зөвшөөрлийг харилцан тэнцүү тоогоор солилцоно. Ингэснээр тогтоосон тээврийн маршрутаар харилцан нутгийн гүндээ тээвэрлэлт хийх нөхцөл бүрдэх юм.

Хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг талуудын дотоодын хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын тээвэр хийх эрхтэй тээвэрлэгч гүйцэтгэх юм байна. Тээвэрлэгч нь хоёр улсын хооронд тээвэр хийхдээ автомашины зорчих, эсвэл онцгой зөвшөөрлийн бичиг заавал авсан байх шаардлагатай. Жолооч нь зөвхөн зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичигт заасан тээврийн маршрутаар тээвэр хийх ёстой юм.
 
ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХАТУУ АНХААРУУЛЛАА

Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах гэж байгаа талаар гадаадын зарим улстай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээ сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч тус газрын дарга ирээгүй учир хойшлогдлоо.

Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах  үүргийг удаа дараа  авсан Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат хоёр ч удаа ийнхүү  ирээгүй тул асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож байна. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд  Засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ  ажлаа хийж чадахгүй байгаа,  цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой,  үнэн  зөв мэдээллийг олон нийтэд  тайлбарладаггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй  энэ байгууллагын удирдлагатай хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа хэллээ. Ирэх долоо хоногийн хуралдаанд тус байгууллагын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр оролцон ажлаа танилцуулахыг хатуу үүрэг болголоо.

ТОВЧ МЭДЭЭ

•    “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Орон сууц худалдаж авсан болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлөх, тооцоо хийх, баталгаажуулах, хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх,  тооцоо хийх, баталгаажуулах талаар журамд тусгасан байна. Асуудлыг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

•    Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн талаар хэлэлцэн дэмжлээ. 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордоны “Г” танхимд Сангийн сайд С.Баярцогт болон холбогдох хүмүүс мэдээлэл хийхээр болжээ.

•    Энэ оны 2 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны байгууллагуудад 19790 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрийн шийдвэрлэлт 96.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар буурсан гэсэн үг юм. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 384 771 өргөдөл, гомдол ирүүлсний шийдвэрлэлт 97.6 хувьтай байгаа нь өмнөх улиралтай харьцуулахад 0.6 хувиар буурчээ. Энэ нь өмнөх улиралд ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын тоо 3 дахин нэмэгдсэнтэй холбоотой юм. Иргэд ихэвчлэн мөнгөн тусламж үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, малчдын нийгмийн асуудалд анхаарах, ажлын байртай болгох, өндөр хөгжилтэй оронд төрийн сангийн зээлээр суралцах, газар эзэмших, гэр, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд туслалцаа үзүүлэх, бага хүүтэй зээл авахыг хүсч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хандсан байна.

•    БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо ирэх сарын 6-11-ний өдрүүдэд болох Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн үзэсгэлэн яармагт Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Манай тал үзэсгэлэн яармагийн үеэр улсынхаа хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн харилцааны талаар илтгэл тавьж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн томоохон төслүүдээ танилцуулан бизнес эрхлэгчдийн хоёр талын уулзалт хийх юм.

•    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээ, их засварын ажлын эрхийг аймаг, нийслэлд шилжүүлсэн, зураг, төслөөс шалтгаалан сонгон шалгаруулалтыг нь зарлалгүй хугацаа алдаж байгаа худалдан авах ажиллагааг 10 дугаар сарын 1-ний дотор эхлүүлсэн байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж