“Хүйтэн дайн”-ыг төгсгөх Улаанбаатарын яриа

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

“Хүйтэн дайн”-ыг төгсгөх Улаанбаатарын яриа

“Хүйтэн дайн”-ыг төгсгөх Улаанбаатарын яриа

Зүүн хойд Азийн бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал эртнээс улбаатай ч хөрөнгө оруулагчдыг ямагт соронз мэт татдаг нь энэ бүс нутагт дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхол огтлолцдогтой холбоотой. Тэгвэл Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа” олон улсын V бага хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр /2018.06.14/ эхэллээ.

Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах зорилгоор Улаанбаатарын яриа хурлыг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар тав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал нь АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа шууд болж буйгаараа онцлог юм. Уулзалтын үеэр аюулгүй байдлаас гадна бүс нутгийн эдийн засаг, хүмүүнлэг, байгаль экологийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн Японы хэвлэлүүдэд мэдээлснээр тус улсын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай хоёр талын яриа хэлэлцээг хурлын үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Бага хуралд АНУ, Хятад, ОХУ, Энэтхэг, Өмнөд болон Хойд Солонгос, Франц, Герман, Япон улсын мэргэжилтэн, судлаачид, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази-Номхон далайн хамтын ажиллагаа (APEC) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгчид оролцож байна. Тавдугаар хуралдаанаар 2025 он хүртэлх бүс нутгийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хоёр өдөр хэлэлцэнэ.

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа” олон улсын бага хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр Зүүн Хойд Азид Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээ зогссон байх үед “Улаанбаатарын яриа” хурлыг санаачилж, 2014 онд эхлүүлж, өнөөдөр тав дахь удаагаа болж байна. Энэ бол Монгол Улс өөрийн бүс нутагт аюулгүй байдлыг хангахад дипломат ажиллагааны хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Энэ бүс нутагт энх тайвныг цогцлооход ямар асуудалд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцдэг. Хоёр хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгостой гар барин уулзалтын дараа уг хурал болж, Пхеньяны төлөөлөгчдийг оролцож буйгаа ихээхэн ач холбогдолтой. Дэлхийн II дайны дараа өрнөсөн “хүйтэн дайн” 1990-ээд онд олон улсад зогссон боловч Зүүн Хойд Азид өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ “хүйтэн дайн”-ыг төгсгөх яриа хэлэлцээ эхэлж байна гэж харж байна” хэмээн мэдэгдлээ.

АНУ-ын Жоржтаун их сургуулийн аюулгүй байдал судлалын зочин профессор Александр Мансуров “АНУ-ын хувьд “Улаанбаатарын яриа” хэлэлцээг өндрөөр үнэлж дэмждэг. Уг яриа хэлэлцээ нь Хойд Солонгосын асуудал болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудалд маш чухал бөгөөд олон ашиг сонирхолтой талуудыг нэг ширээнд суулгаж чаддагаараа онцлог юм.  Аюулгүй байдал гэдэг бол нийтийн ашиг сонирхол учраас ингэж ярилцах нь маш чухал гэж үздэг. АНУ нь хамтын эдийн засгийн хөгжил дэвшлийг дэмжсээр ирсэн. Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал холбоотон Өмнөд Солонгос, Япон, худалдааны түнш Хятад болон ОХУ, Монгол Улсууд оршдог учраас аюулгүй байдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал. АНУ нь тус бүс нутгийн орнуудтай худалдааны тарифыг багасгах, хөрөнгө оруулалтыг сайжруулахын төлөө байдаг” хэмээв.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос-Монгол судлалын төвийн эрхлэгч Александр Воронцов “ Улаанбаатарын яриа олон улсын бага хурлын үйл ажиллагаанд маш олон асуудлыг хэлэлцэж байна. Аюулгүй байдал хамтын ажиллагаанаас гадна, эдийн засаг, хүмүүнлэг, байгаль экологийн асуудлыг хүртэл хөндөн ярилцаж, хоёр, гурван талын уулзалтуудыг төлөвлөсөн. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар болон АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын дараа уг хурал болж байгаа нь ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад АНУ, Хойд Солонгосын хооронд ба АНУ, Японы хооронд гэх мэтчилэн олон талын харилцаа, яриа хэлэлцээний асуудлыг зохицуулахад Монгол Улс үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн ОХУ, Монголын харилцааг хөгжүүлэхэд том үүрэг гүйцэтгэж, хамтран ажиллах зорилго төлөвлөгөөний хүрээнд уг хурал болж байна. Олон улсын харилцааны уур амьсгал нааштай болж ирсэн нөхцөлд Улаанбаатарын яриа хэлэлцээ болж байгаа нь үр дүнтэй болно гэж харж байна” гэж мэдэгджээ.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж