Монгол Улс нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ жил бүрийн өдийд махны үнэ тэнгэрт хаддаг. Махны үнэ ханш, болон түүнийг хүрээлэн буцлах амьдралыг сонирхохоор өнөөдөр 08.00 цагт “Хүчит шонхор” захад очив.
Малчид хониноосоо хамгийн сайныг нь шилж өгдөг
Тэндхийн ажил аль хэдийнэ эхэлсэн байлаа. Хаалгаар ороход улбар шар халаадтай бүсгүйчүүд урт хутга хооронд нь үрэнгээ “Мах авах уу, эгчийн дүү. Шинэ, гоё мах байна шүү” гэж нэгнээсээ өрсөн дуугарна. Худалдагчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байв.
Заалны дунд хэсэгт сууж байгаа худалдагчаас махыг хэдэн төгрөгөөр авсныг асуусан юм. Хариултаас нь дүгнэхэд махны худалдагчид зарим махыг зарж байгаа үнээсээ бараг хоёр дахин бага үнээр авдаг юм байна.
Тухайлбал, үхрийн махыг 1 кг-ыг 4500 төгрөгөөр авч 7800 төгрөгөөр зарж байв. Харин ямааны махыг 1 кг-ыг нь 4500, хонины махыг 4800 төгрөгөөр авдаг ажээ. Мах авахдаа “Том биетэй малын махыг түлхүү авдаг, хонины махыг гэхэд 25 килограммаас илүү жинтэйг авна” гэв. Эндээс харахад малчид хоттой хониноосоо хамгийн сайныг нь шилж өгдөг бололтой.
Мөн энэ жилийн хувьд махны үнэ, тарга өмнөх жилийнхээс ямар байгаа зэргийг лавлахад “Махны үнэ нэг хэсэг нэлээд өссөн. Энэ нь олон зүйлээс шалтгаалсан. Нэгдүгээрт, хөдөөгүүр газрын гарц муу байж, мал муудаж, мах нийлүүлэлт багассантай холбоотой. Хоёрт, хятадууд махыг биднээс илүү үнээр авч байсантай холбоотой. Одоо малын тарга нэмэгдэж, мах нийлүүлэлт өссөнтэй холбоотойгоор үнэ нь буурах хандлагатай байна” гэлээ.
“Хүчит шонхор” захын амьдрал 04.00 цагт эхэлдэг
Махны худалдагчдын хэлж буйгаар “Хүчит шонхор” захын амьдрал өглөө бүр 04.00 цагт махны ченж нараас махаа худалдаж авахаас эхэлдэг гэнэ. Эрт ирэх тусам ченж нараас арай бага үнээр мах авах боломжтой. Махны ченж О.Баяраагаас махыг малчдаас хэдэн төгрөгөөр авдгийг лавлахад “Малчдаас малыг жинлэж аваад, Эмээлт дээр амьдаар нь авчирч зардаг. Заримыг нь нядлаад энд авчирч зардаг юм. Авсан махаа нэг килограммыг нь 300-500 төгрөгөөр ахиулж зардаг” гэлээ.
Өдөрт дунджаар 30 богийн мах шулдаг
‘Хүчит шонхор’ захын заалны баруун хэсэгт мах шулах хэсэг байдаг. Энэ хэсэгт ороход ногоон халаад, улаан нөмрөгтэй 18-20 орчим насны залуус шалмаг гэгч нь мах шулж байв. Тэд “Гаднын хүн гараарай, Мах шулуулах гэсэн юм уу, Ямар мах юм, Хаана байгаа юм” гэж нэгнээсээ өрсөн асууна. Энэ хэсэгт алхахад тос даасан шаланд гутлын ул зууралдаж байв.
Үүдний ойролцоо зогсоод, мах шулж буй нэгэн залуугаас зарим зүйлийг асууж амжлаа. Нэг бог малын махыг 5000 төгрөгөөр шулдаг гэнэ. Өдөрт дунджаар 30 орчим богийн мах шулдаг ажээ. Харин боссынхоо (махны худалдагчид) махыг 3500 төгрөгөөр шулдаг гэнэ. Мөн заалны түрээсэнд сард 100 гаруй мянган төгрөг төлдөг юм байна. Махыг шулаад ясыг нь яадаг нь сонин.
Тиймээс сагс дүүрэн шулсан яс түрж яваа залууг даган явсаар ачааны машины дэргэд ирэв. Тэнд ясыг ярайтал өрж байлаа.
Иргэдэд яс худалдахыг хориглосон
Монголчууд алжаал, ядаргаагаа тайлахаар ясны шөлийг олон янзаар хэрэглэдэг. Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой нь булууны яс. Тэр дундаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц гэж ярилцдаг. Тиймээс булууны яс хаанаас авч болохыг тэднээс асуухад залуу хэдэн тийш харснаа “Манай дарга загнана. Захаас иргэдэд яс гаргаж болдоггүй юм. Бүгдийг нь ачаад үйлдвэрт аваачиж өгдөг” гэв.
Залуусын дарга гэх эмэгтэйгээс энэ талаар лавлахад “Захын захиргаанаас иргэдэд яс худалдахыг хориглосон. Гэрээ байгуулсан компаниудад ясаа нийлүүлдэг” гэлээ.
Гулуузны хамгийн том нь 23 килограмм
Захын гадна тэвшин дээрээ гулууз эгнүүлэн өрсөн ачааны машин эгнэн зогсчээ. Тэнд хонины гулуузыг 1 кг-г нь 5500, ямааны гулуузыг 1 кг-ыг нь 4500 төгрөгөөр үнэлэн зарж байв. Харин гулуузны хамгийн том нь 23 килограммд хүрч байлаа. Мөн энэ хэсэгт зооринд хадгалсан гулууз зарж байв. Үнийн хувьд хонины гулуузыг 1 кг-ыг нь 4300, ямааны гулууз 1 кг-ыг нь 3700 гэж байлаа. Түүнчлэн хонины гулуузыг мах шулж буй хэсэгт аваачаад 24 цагийн дараа шулуулах боломжтой юм байна.
цувдай 400 төгрөг
Дараа нь дайвар бүтээгдэхүүн борлуулж буй хэсэгт орлоо. Тодорхойлж хэлэхэд бэрх нялуун үнэр хамар цоргино. Тэнд зүрх килограмм нь 3500 төгрөг, хэл 8000 төгрөг гэж байлаа. Мөн бог малын элгийг ширхгийг нь 900 төгрөгөөр, бод малын элгийг килограммыг нь 1000 төгрөгөөр борлуулж байлаа. Заалны гол хэсэгт дайвар бүтээгдэхүүнийг бага багаар нь савлаж байв. Ажиглавал уушги, элэг, бөөр, сэмж зэрэг дөрвөн дайвар бүтээгдэхүүнийг нийлүүлэн атганд багтах хэмжээтэйгээр савлаж байв. Үүнийг цувдай гэх бөгөөд 400 төгрөгөөр зардаг аж. Түүнчлэн 10-аас олныг авбал 350 төгрөгөөр зарна гэнэ. Үүнийг гэр хорооллын дэлгүүрүүд олноор нь авдаг ажээ.
Р.Ренчиндулам