Засгийн газар ялах уу, “Нүхт тур” даам гарах уу гэдгийг Шүүх маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Засгийн газар ялах уу, “Нүхт тур” даам гарах уу гэдгийг Шүүх маргааш шийднэ

Засгийн газар ялах уу, “Нүхт тур” даам гарах уу гэдгийг Шүүх маргааш шийднэ

МИАТ-д катерингийн үйлчилгээ үзүүлдэг “Нүхт тур” компани өнөөдөр шүүх дээр Үндэсний хөгжлийн газартай, бүр тодруулж хэлбэл Засгийн газартай нүүр тулах гэж байна. “Нүхт тур” хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр Засгийн газрын тохируулагч агентлагийг  шүүхэд дуудсан нь анхаарал татаад байгаа юм. Үндэсний хөгжлийн газар Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлын дэргэд катеринг барих компанийг шалгаруулах зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тендер зарлажээ. Гэтэл концессийн гэрээний сонгон шалгаруулалтад материалаа өгөөгүй “Нүхт тур” компани Үндэсний хөгжлийн газрыг шүүхэд өгчихөж. Захиргааны хэргийн шүүхэд хандсан шалтгааныг нь үндэслэл гэхэд хэцүү.  Хар үгээр тайлбарлавал  “Сонгон шалгаруулалт болох ёсгүй. Бид энэ ажлыг хийх ёстой” л гэж.  Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр талыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулаад “Нүхт тур” компанийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасныг тухайн үед нь хэвлэлүүд мэдээлж байв. Энэ явдлын дараа компанийн зүгээс давж заалдсан ч шүүх дахин  хэлэлцүүлэг явуулж анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ. Үндэсний хөгжлийн газрыг хууль номын дагуу тендер зарласныг шүүхээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Үнэн хэрэгтээ Үндэсний хөгжлийн газар бие дааж шийдвэр гаргадаг субьект биш. Засгийн газрын тогтоолын дагуу тендер зарласан юм билээ. Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй ганцхан газар нь УИХ. Тийм  болохоор аль ч шатны шүүх “Нүхт тур”-ийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй. Хар ухаанаар бодсон ч тэр Засгийн газрын тогтоол шийдвэрийг ганц компани эсэргүүцэж шүүхдэнэ гэж юу байхав. Энэ асуудал  Үндсэн хуулийн цэц хүртэл явж, Цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод бичиг илгээсэн байдаг. Сүүлдээ захиргааны хэргийн шүүх дээр ийм нэхэмжлэлийг хэлэлцсэн нь буруу практик гэсэн дүгнэлтэд хүрч асуудал нэг тийш болсон юм байна. Гэтэл гэнэтхэн шүүх хурлын тов зарлагдаж Үндэсний хөгжлийн газрынхныг гайхашруулжээ. “Нүхт тур” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 15-нд буюу маргааш болох гэж байна. Тус компанийн нэхэмжлэлийг хоёр удаа хэлэлцэх боломжгүй гээд буцаасан шүүх ямар шалтгаанаар гэнэт хурал товлочихов гэсэн асуултад хариу хайя:

“Нүхт тур”-ын дураараа түрэмгий авирлал анхных биш юм байна. Яг ийм аргаар бусдын ажлыг булааж авсан түүх бий аж. Тодруулж хэлбэл 2014 онд МИАТ-ын катерингийн тендер зарлагдахад тэд оролцох нь бүү хэл, материалаа ч өгөөгүй юм билээ. Тендерийн шалгаруулалтад “Gate gourmet”  гэсэн гадаадын компани ялсан ч шүүхэдсээр байгаад ажлыг нь авч байжээ. Тэд өнөөдрийг хүртэл МИАТ-д катерингийн үйлчилгээ үзүүлдэг. “Нүхт тур” бүр анх 2009 онд МИАТ-тай зорчигчдын хоол нийлүүлэх хоёр жилийн гэрээ байгуулж байж. Тэр үеэс хойш МИАТ-ын хоолны чанартай холбоотой өчнөөн гомдол гарсан. Өнөөдөр ч хуучраагүй сэдэв. Гэсэн хэр нь “Нүхт тур” яагаад ч юм хариуцлага хүлээдэггүй, агаарын тээврийн зорчигдын хоолыг бэлдсээр яваа. Хоолны үнийн тухайд ч гомдол санал олон бий. 2009 онд МИАТ-тай анх гэрээ байгуулахдаа нэг зорчигчийн хоолыг 2-5 ам.доллараар нийлүүлж байсан бол энэ ханш өнөөдөр арав дахин өссөн. “Нүхт тур”-ын дураараа авирлал ингээд зогсохгүй.  МИАТ компаниас дайны эрсдлийн сан нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг одоогоос таван жилийн өмнө дэгдэж байсан даа. Энэ хэргийг мөрөөр эрэн сурвалжилсан нийтлэл хэвлэлээр хөврөхөд энэ компанийн нэр дуулдаж байсан удаатай.  Байгалийн аялал жуулчлалын “Нүхт тур” гэдэг компанийн нэр иймэрхүү агуулгатай мэдээлэл дээр нэг бус удаа дурдагдсныг онцолъё.

“Нүхт тур” ИНЕГ-ын удирдлагуудаас 2016 онд авсан бичгээрээ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохоор санаархаж яваа сурагтай байна.  Мэдээж ямар ч компани үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж ажилладаг. “Нүхт тур”-ын хувьд МИАТ-д үзүүлдэг катерингийн үйлчилгээгээ тэлэх гэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дэргэд баригдах катерингийн барилга байгууламжийн  ажил руу зүтгэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч компани хууль дүрэм, тогтоол шийдвэрийн хүрээнд бизнесээ тэлдэг. “Нүхт тур”-ын тухайд бусадтайгаа өрсөлдөж ялаад хүсээд байгаа ажлаа авбал хэн ч юу ч гэхгүй. Өрсөлдөж байж сайн чанар, бодитой үнэ гарч ирдэг учраас зах зээлийн нийгэмтэй улс орнууд компаниудынхаа дунд сонгон шалгаруулалт зарладаг юм.

Засгийн газрын шийдвэрийн эсрэг дурын нэг хувийн компани өрсөлдөхгүй нь хэнд ч тодорхой асуудал. Цаана нь улстөрийн хүрээний эрх мэдэл бүхий хүн бий учраас өнөөг хүртэл ямар ч шалгаруулалт, өрсөлдөгчгүйгээр  МИАТ-д хоол нийлүүлж байгаа хэрэг л дээ.  Шүүхээс хоёр ч удаа хэлэлцэх үндэслэлгүй гээд буцаачихсан байхад  шүүх хурал товлуулсан нь мөн л цаана нь нуугдсан нууц ноёнтны нэр сүртэй холбоотой байх. Бусдын ажлыг булаахдаа мэргэшсэн “Нүхт тур”-ын цаад эздийг судлахаар нэр нөлөө бүхий олон хүнтэй холбогддог. Тэдний нэг нь Чой хамба гэсэн мэдээлэл л дуулдаж байна. Ямартай ч нэг ийм дураараа авирладаг компаниас болж Хөшигийн хөндийн шинэ нисэх  буудлын ашиглалтад орох хугацаа хойшилж мэдэхээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж