-Улсын Их Хурлын гишүүний сахилга, хариуцлагатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэж байна. Яг ямар тодорхой асуудлыг тусгасан бэ?
-Бусад улсын туршлага, гарч байгаа асуудлыг харгалзан гишүүний сахилга, хариуцлагатай холбоотой тодорхой асуудлыг тусгасан. Тухайлбал,
Нэгдүгээрт, хуралдааны ирцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор, хуралдааны ирцэд картаар биш гарын хурууны хээгээр бүртгүүлэх, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол, цалин хасах, Байнгын хорооны хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасах, ийнхүү хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн нь гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох үндэслэл болох талаар, түүнчлэн гишүүдийн ирцийн мэдээг сар бүр гарган, нийтэд танилцуулах үүргийг Тамгын газарт өгөх заалтыг тусгасан.
Хоёрдугаарт, ”төгөлдөр хуур тоглох” гэж нэрших хүртлээ түгээмэл болсон бусдын санал өгөх кнопыг өмнөөс нь дардаг явдлыг арилгах зорилгоор, гарын хурууны хээгээр санал өгдөг болох зохицуулалтыг тусгалаа.
Гуравдугаарт, хуралдааны дэг зөрчих, хуралдааны үеэр ёс зүйн зөрчил гаргах явдлыг хязгаарлах зорилгоор, дэг зөрвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гишүүнийг хуралдааны танхимаас гаргах, үг хэлэх цагийг дуусгавар болгох зэрэг хариуцлага нэмэх, гишүүнд хориглох зүйлд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанд болон хуралдааны бус үеэр бусдыг гүтгэж, доромжлохгүй байх зэрэг зохицуулалтыг нэмэхээр тусгасан.
-Энэ зохицуулалтын хүрээнд асуудлыг шийдэж чадах уу? Өөрсдийн дур зоргыг хязгаарласан хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих болов уу?
-Үнэндээ, ийм зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа нь эмгэнэлтэй хэдий ч, нэгэнт асуудал үүссэн бөгөөд түүнийг шийдвэрлэх шаардлага байна.
Бидний өргөн барьсан төсөл нь гишүүдийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг шийдэх нэг хувилбар бөгөөд хууль санаачилсан гишүүд бид ийм байдлаар асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж үзэж төслийг боловсруулсан. Магадгүй, бусад гишүүд шийдлийн өөр хувилбар гаргаж ирэхийг үгүйсгэхгүй, үүнээс илүү сайн санал байж болохыг ч үгүйсгэхгүй байна.
Гэхдээ энэ хуулийн төсөл өргөн баригдсанаар гишүүний сахилга, ёс зүйн асуудлыг хуулиар шийдвэрлэх талаар УИХ хэлэлцэх, ярилцах нөхцөлийг бий болгож байгаа юм.
Гишүүний ёс зүй, ирц, бусдын саналын кноп дарах зэрэг нь хувь гишүүний ёс зүй, ажлын зохион байгуулалт, хандлага, хариуцлагын асуудал мэт боловч, нөгөө талдаа УИХ-ыг эмзэг, хамгийн ёс зүйгүй, муу институц болгон харагдуулж байна. Иймээс үүнийг гишүүдийн дур зоргыг хязгаарлах гэхээсээ илүү, парламентат ёсыг бэхжүүлэх, парламент олон түмний итгэлийг хүлээх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд илүү ач холбогдолтой талаас харах нь зүйтэй.
УИХ-ын гишүүд маань ч энэ асуудлыг шийдвэрлэх талд санал өгнө гэдэгт итгэж байгаа.
-Хуулийн төсөл батлагдвал ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?
-Гишүүний хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал нь энэ хуулийн төсөлд тусгасан нэг л асуудал. Үүнээс гадна энэ хуулиар дараах тодорхой асуудлыг зохицуулна:
Нэгдүгээрт, Улсын Их Хурлын үйл ажиллагаандаа мөрддөг гол хуулиуд бол Үндсэн хуулиас гадна Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд байдаг.
УИХ эдгээр хуулийг хэрэглэн асуудал шийдвэрлэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд явцад хууль зүйн хувьд тодорхойгүй, эсхүл зохицуулаагүй, эсхүл ойлгомжгүй байх зэрэг асуудал гардаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлийн багц асуудлыг төсөлд тусгасан.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх дэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд байдаггүй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар гол асуудлыг нь зохицуулдаг боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцүүлгийг хэрхэн хийх дэгийг тусгах шаардлагатай байгаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, УИХ-ын гишүүний хариуцлага нэмэгдэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх зэрэг шууд үр дагавартай. Цаашилбал, парламентат ёсны хөгжил, хууль тогтоомжийн чанар, гишүүний ёс зүйн зэрэг олон асуудалд эерэг үр дүн авчирна гэж хууль санаачлагчийн хувьд үзэж байгаа.
Г.ХОРОЛ