Манай гаригийн спортын хамгийн том үйл явдал болох дэлхийн аварга шалгаруулах XXI дэх удаагийн тэмцээн хойд хөрш ОХУ-д өнөөдөр эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Оросууд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө Испани /Португал, Нидерланд /Бельги, Англитай өрсөлдөж 2 шатны санал асуулгаар ялалт байгуулж 2007 оны 10 сард эрхээ авсан.
Оросууд тэмцээнийг Москва, Санкт-Петербург, Сочи, Самар, Казань, Ростов-он-Дон, Волгоград, Доод Новгород, Самаранск, Екатеринбург болон Калининград гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн нэг сарын турш үргэлжилнэ. Тэмцээний нээлтийн тоглолт, финалын тоглолтууд нь Москва голын эрэг дээрх “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болно.
“Орос-2018” ДАШТ-н нь VAR (video assistant referees) технологийг анх удаагаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог болж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 тивээс сонгогдсон үндсэн 33, туслах 66 шүүгч дэнсэлнэ. Харин энэ удаагийн ДАШТ-нд Англи шүүгч багтаагүй нь бас нэгэн онцлог үйл явдал болж байна. Нээлтийн тоглолт Улаанбаатар хотын цагаар 23:00 цагаас Орос-Саудын Арабын тоглолтоор эхлэх бөгөөд Аргентин шүүгч Нестор Питана дэлхийн аваргын эхний шүглийг “үлээнэ”.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг 38 сая ам.долларын урамшуулал авах бол хэсгээс гарч чадаагүй ч 17-32-р байранд шалгарсан багууд тус бүртээ 8 сая ам.долларын мөнгөн урамшуулал авна.
Мөнгөн урамшууллын дүн:
- Алтан медаль 38 сая ам.доллар
- Мөнгөн медаль 28 сая ам.доллар
- Хүрэл медаль 24 сая ам.доллар
- 4-р байр 22 сая ам.доллар
- 5-8-р байр тус бүр 16 сая ам.доллар
- 9-16-р байр тус бүр 12 сая ам.доллар
- 17-32-р байр тус бүр 8 сая ам.доллар
Б.БЯМБАБАЯР