Л.Гүндалай: Хоёр хөршийн дунд чоно шиг байх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: Хоёр хөршийн дунд чоно шиг байх ёстой

Л.Гүндалай: Хоёр хөршийн дунд чоно шиг байх ёстой

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.


-Та бол улстөрч байсан хүн. Хэдий тойргийн гадна гарсан ч гэсэн өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг идэвхтэй ажиглаж байгаа л болов уу?

-Мэдээж улстөрч байсан хүний хувьд бүгдийг харж байгаа. Нөгөө талаас зүгээр харж суусангүй. Ном, сонин байнга уншиж байна. Карл Марксын “Капитал” гэдэг гурван ботийг Герман хэлнээс уншиж байна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа талдаа орлоо. Засгийн газарт та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг би ямар ч ажил хийгээгүй гэж дүгнэдэг. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар арай өөрөөр оролдож байх шиг байна. Улаанбаатарын утааг бууруулах асуудалд том шийдвэр гаргасныг нь сайшааж байгаа. Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн нь зөв шийдвэр. Мөн Оюутолгойн төсөлтэй холбогдуулж Ерөнхий сайд байсан хоёр хүнийг шалгаж байгаа нь зөв. Асуудлыг шалгахгүйгээр огт орхиж болохгүй. Шалгаж асуудлын үнэн мөнийг нэг талд нь гаргах ёстой гэж бодож байна.

-Та УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нартай нэг танхимд ажиллаж явсан үе бий. Авлигатай тэмцэх газраас хорьж, шалгахаар хамгаалах, халаглах сэтгэл төрсөн үү?

-Яалаа гэж халаглах вэ дээ. Ард түмний итгэл, найдварыг хүлээж Сангийн сайд, Ерөнхий сайд болцгоосон хүмүүс шударга, ил тод ажиллах хэрэгтэй биз дээ. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулахдаа нуугдаж яваад хийж ирсэнд би дургүй л байгаа. Ингэж болохгүй. Сангийн сайд байсан хүн нь өч төчнөөн еврог Швейцарийн банканд нуучихсан байхад шалгах л ёстой. Үүнд аль намынх байх нь хамаагүй.

-Сүүлийн хэдэн сар Оюутолгойн гэрээг тойрсон асуудал монголчуудыг хоёр талд хуваасан гэж тодотгож болно. Нэг хэсэг нь Оюутолгойг хөдөлгөсөн нь ашигтай гэх бол нөгөө тал нь үүний эсрэг. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ. Ер нь Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн нь монголчуудад ашигтай болсон гэж та хэлэх үү?

-Гэрээг манайд ашигтай болсон гэж би хэлэхгүй. Баялгаа зүгээр шахуу гаднын байгууллагад өгчихөөд хөдөлгөсөн гэж ярих нь зохисгүй юм. Оюутолгой болон бусад том орд газрууд Монголд нэлээн сайн ашигтай хувилбараар л шийдэгдсэн тохиолдолд л  төслийг хөдөлгөсөн нь зөв гэж үзнэ. Түүнээс биш баялгаа үнэгүй, эсвэл хямдхан өгснийг хөдөлгөлөө гэж ярьж болохгүй.

-Оюутолгой төсөл муу хийгдсэн гэдгийг та яаж  батлах юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ. Оюутолгойд очоод хар л даа. Хамаг юмыг нь сорж авах гээд бэлтгэчихсэн хэдэн гэр л байгаа. Тэд 5-10 жилийн дараа хамаг баялгийг нь сорж дуусаад л явахад бэлэн. Нэгэн цагт бушуухан хаагаад явна гэсэн зорилгоор л хийж эхэлсэн нь анхнаасаа л харагдсан. Манайд олигтой ашиг ч өгөхгүй. Ард түмнийхээ амьдралыг л харахад бидэнд юу өгөв гэдэг нь илт харагдана. Ер нь том төслүүд хөдөлсөн ч гэсэн ашгийг нь дандаа гадныхан эсвэл манай томчууд хүртэнэ. Тэгтэл Эрдэнэт үйлдвэрийг хар. Бүхэл бүтэн хот болтлоо хөгжиж, Монголын хүн амын бараг 100 мянган иргэн  тэнд ажиллаж, амьдарч байна.

-Ард түмний амьдрал хүнд байна гэдгийг та хэллээ.  Улс төрийн гадна гараад л иргэдийнхээ амьдралыг илүү мэдэрчээ?

-Бид зах зээл гэдгийг их гоё үг гэж бодоод ярих дуртай юм л даа. Уг нь зах зээл гэдэг нь хөрөнгөтний нийгмийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, капитализм юм. Энэхүү хөрөнгөтний нийгэмд цөөхөн хэсэг нь баян болдог, бусад нь ядуу амьдардаг ийм л тогтолцоо. Ийм нийгмийг бид 1990 онд өөрсдөө сонгосон. Зах зээлийн нийгмээс өнөөх Монголын том баячууд буюу дээдсийн хүрээнийхэн бий болсон. Хуучин цагт бид дээдсийн хүрээнийхэн гэдгийг “Монте Кристо гүн” номоос л уншиж байлаа. Гэтэл номоос уншдаг байсан зүйл нь өнөөдөр Монголд бий болчихсон байна. Нөгөө хэсэг болох борчууд нь борчууд хэвээрээ л үлдэнэ. Жишээ нь, долоон буудлын Дорж гуайн хүүхэд, аль эсвэл Монголын баруун зүүн хязгаарын иргэний үр хүүхдүүд Улаанбаатарт ирээд хөл дээрээ босож, баян болоод дээшээ гарна гэсэн ойлголт байхгүй. Бүх зах зээл капитилуустуудад эзлэгдсэн. Баян, хоосны энэ ялгаа эцсээ хүртэл явна. Монголын  хүн амын бараг 90  гаруй хувь нь дундаж  эсвэл түүнээс  доош давхаргадаа үлдэж, 10 хувь нь л баян болно. Ийм л нийгмийг бид сонгосон. Ард түмний амьдрал сайн, сайхан болно гэж  одоо бодох ч хэрэггүй. Ядуу оронд зах зээл, ардчилал хоёр тохирдоггүй юм. Зах зээл, ардчилал хоёр бол нэг зоосны хоёр тал. Ийм нийгмийг бид өөрсдөө л сонгосон хойно үүнээсээ одоо гарч чадахгүй. Энэ нийгмийн хувь заяа угаасаа л ийм шүү дээ. Гэтэл ард түмэн амьдрал сайжирна гээд горьдоод байх юм. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд эрс өөрчлөлт л хийхгүй бол энэ байдлаараа яваад юу ч өөрчлөгдөхгүй.

 -Яг ямар өөрчлөлт хийх вэ. Та гарцыг нь олж хараа юу?

-Нэг л гарц бий. Нэгдүгээрт, мөнгө яаж олох уу, хоёрдугаарт, Монголд мөнгө хаана бий болж,  хаашаа урсаж байна, хэн дээр төвлөрөөд байна, хэний гарт орж, яаж хуваарилагдаж байна вэ гэдэг асуудал юм. Мөнгөний хуваарилалт шог байж болохгүй. Эхлээд бид мөнгөө олох ухаантай байх хэрэгтэй. Хуваарилалт ижил тэнцүү байх хэрэгтэй. Эдгээрийг анхаараагүй үед нийгэм огт өөдлөхгүй.

-Тэгвэл таны хэлж байгаагаар, мөнгө хэний гарт төвлөрч, хэн зарцуулаад байна вэ? 

-Монголд уул уурхайгаас л мөнгө орж ирдэг. Тэр мөнгө нь гадаад, дотоодын компаниудад төвлөрч байна. Уул уурхайгаас орох мөнгө монголчуудын гар дээр байхгүй. Монголын жирийн ард иргэд зүгээр л ажилчид нь. Дандаа гаднын компаниудад мөнгө нь төвлөрдөг. Жишээ нь, архины бизнес, кофены бизнес, ресторануудын ихэнх нь солонгосчууд буюу гаднынхны гарт байгаа. Монголд “ТОМ N TOMS” гээд Солонгосын кофены жижигхэн сүлжээ орж ирээд л ашигтай ажиллаж байгаа байхгүй юу. Энэ бүхнээс манай ард түмэнд юу ч үлдэхгүй. Үүнийг шударга бус мөнгөний хуваарилалт гэж хэлээд байгаа юм л даа. Манай мөнгийг цөөхөн хэдэн хүн нь хүртэж гадагшаа гаргаж байна. Монголын мөнгийг Монголд нь байлгах ёстой. Монголд мөнгө байж л тэнд хүмүүс ажилтай байна.

-Тэгвэл мөнгийг гадагш нь бус дотроо байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Ингэхийн тулд хуулиа л зөв гаргах хэрэгтэй. Ямар арга байх нь зохистой байна, түүнийгээ л бодож олох хэрэгтэй.

-Танд бодож олсон санаа байна уу?

-Үүнийг хийх үүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрх барьж байгаа нам гуравт л бий. Миний хувьд оношийг нь хэллээ. Мөнгө хаана орж, хаана бий болж, хэн аваад, хааш нь гаргаад байна вэ гэдгийг олж илрүүлж хуваарилалтыг нь зөв хийснээр нийгэм өөрчлөгдөнө. Үгүй бол гаднынхныг  улам баяжуулж өөрсдөө хоосон хэвээр  хоцорно.

-Үүний нэг жишээ нь Оюутолгой мөн үү. Угтаа бид Оюутолгойг  улсын төсөвт хүнд жин дардаг гэж хэлдэг шүү дээ?

-Том жишээ. Оюутолгойгоос гарах бүхнийг гаднынхан хүртэж байна. Улсын төсөвт орж ирээд л төрийн албан хаагчдын цалин эсвэл ганц хэдэн зам, сургууль, цэцэрлэг гээд л алга болж байна.  Гэтэл  ард иргэдэд очиж байгаа зүйл байхгүй. 150 мянган төрийн албан хаагчдын цалинг өгч байгаа гэсэн үг. Тэгтэл үүний цаана нь  байгаа 3 сая хүнээ яах гээд байгаа юм гэдэг асуудал урган гарч ирж байгаа биз. Нөгөөтэйгөөр улсын төсвөөр бид амьдрахгүй. Монголоос гарч байгаа мөнгө л Монголд үлдвэл 3 сая хүн ам маань ажилтай, орлоготой болно. Өөр арга байхгүй. Дээрээс нь Монгол шиг ийм ядуу буурай орныг гаднынхан дандаа мөлжих гэдэг. Хатуухан хэлэхэд, бид барууны зах зээлийн боол нь шүү дээ. Бид нар юу ч үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлээд ч нэмэргүй. Эсгий, тавчиг, шилэн хөвөн л үйлдвэрлэхээс хэтрэхгүй.

-Эрх баригч намын зүгээс “Сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ” хэмээн тодотгох болсон. Тоон үзүүлэлтүүдээс харахад, эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч үр дүн нь иргэн, айл өрхөд огт мэдрэгдэхгүй байна. Уг нь ДНБ өсөхийн хэрээр ард түмний амьдрал өсөн дэвжиж байх ёстой. Харин манай нөхцөлд одоохондоо яг л урвуу хамааралтай байх шиг?

-Би үүнийг л хэлээд байгаа юм. Улстөрчдийн хэлээд байгаа эдийн засгийн өсөлт Батын, Доржийн гэрт орохгүй байгаа биз дээ. Тогтолцоо нь энэ хэвээрээ л байвал юу ч өөрчлөгдөхгүй. Оюутолгой, бусад том төслүүд хөдөллөө ч гэсэн ард түмэнд жаахан л юм очно. Гэтэл ард түмний амьдрал хүнд байна шүү дээ.

-Та ингэхэд  хамгийн сүүлд хэзээ гэр хорооллоор явж үзэв?

-Гэр хорооллын амьдралын муу, сайныг би мэднэ. Ойлгомжтой шүү дээ, очиж үзэх ч хэрэггүйгээр ойлгомжтой. Монголынхоо эдийн засаг, энэ нийгмийг хар л даа. Монголчуудынхаа байж байгааг л хар. Гаднын хүн  биднийг тэнэг гэж үнэн тодорхойлсон байна лээ. Монголчууд тэнэгтээ л ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрвээ оронд нь би тэгж хэлсэн бол над руу зохион байгуулалттайгаар дайрах байлгүй.

-Сонгуулийн чимээ ойртож байна. УИХ-ын 2020 оны сонгуульд та нэр дэвших үү?

-Энэ талаар огт бодоогүй байна. “Цаг нь болохоор зам нь нээгдэнэ” гэж герман ардын үг байдаг. Тэгэхээр 2019 оны дундуур ч юм уу, цаг нь болохоор зам нь нээгдэх байлгүй дээ. 

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам шинэчлэлийн салхийг эхлүүлснээс гадна Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгох дотоод сонгууль нь нэлээд хэл амыг дагуулсан. Ардчилсан намыг тойрсон өөрчлөлт шинэчлэлт, намын бодлогод нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан нам өөрийгөө шинэчилье гэж зорьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шинэчлэгдэж чадах уу гэдэг нь өөр хэрэг. Харахад, нөгөө л хуучин хүмүүс нь, нөгөө л фракцууд нь хэвээрээ байна лээ. Нөгөө л хоорондоо мөнгөө өгч авалцаж байлддаг. Өөрийнхөө хүмүүсийг Үндэсний бодлогын хороондоо оруулах гээд мөнгө төлөөд дайрдаг үзэгдэл нь хэвээрээ байна лээ.

-С.Эрдэнэ  намын дарга болсон даруйдаа “Хатуу гараар ажиллана” гэж хэлсэн байдаг. С.Эрдэнийг намын дарга болсноос хойш намынх нь  дотоод зөрчил улам идэвхжлээ гэх яриа ч бий?

-Ер нь улс төрийн намын лидер хүн гэдэг боловсрол мэдлэг өндөртэйгөөс гадна сэтгэлтэй, зоригтой, туршлагатай байх ёстой. Энэ шалгуурыг С.Эрдэнэ дарга хангах эсэхийг цаг хугацаа харуулах байх даа.

-Та өөрөө дээрх  шаардлагыг  хангасан хүн мөн үү?

– Би өөрөө хариулаад яахав дээ?  

-Ерөнхийлөгчийн явуулж буй бодлого чиглэлд ямар дүгнэлт өгөх вэ. Сүүлийн үед ШХАБ-д элсэх эсэх асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ?

-Ер нь сайн харилцаатай байх ёстой хоёр улс нь хоёр хөрш маань шүү дээ. Хоёр хүчирхэг хөршөө аятайхан аргалаад дунд нь бид чоно шиг байх ёстой байхгүй юу. Тэгж байж л Монгол Улс хожно. ШХАБ-д ямар нөхцөлтэйгөөр элсэх, элссэнээр манайд ямар үр дүн гарах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Хоёр хөршгүйгээр Монгол улс хаа ч явахгүй.  Ямар ч үед хоёр хөрштэйгөө  сайн харилцааг эрхэмлэх хэрэгтэй.

-Тэгэхээр ШХАБ-д  элсэн орох нь зөв гэсэн үг үү?

-Жишээ нь, та нөхөрт гарахын тулд гэрлэхгүй биз дээ. Нөхөр болох эр хүн маань ар гэр, амьдралаа аваад явж чадах уу, намайг хайрлах уу, зовж, жаргасан үед хамт байх уу, үр хүүхдээ өсгөж тэжээж чадах уу гэдгийг нь л эхлээд харна биз дээ. Үүнтэй яг адил ШХАБ-д манай улс элссэнээр ямар нөхцөл байдал, үр дүн гарах уу гэдгийг эхлээд тооцоолох хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн санаа.  Ким Жон Уныг хар л даа. Баахан пуужин харваж байгаад л дэлхийн хамгийн хүчирхэг улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Уулзахын тулд  шууд уулзъя гэж хэлээд уулзаж ч байгаа юм биш. Тэгэхээр аливааг  дандаа л бодит нөхцөл дээр чулуу болгох ёстой. Оюутолгойгоо ямар чулуу болгох уу, ШХАБ чулуу мөн юм уу биш юм уу,  бид  өөрсдийгөө зөв л гаргаж ирэх ёстой юм л даа. Ардчилсан зах зээл рүү манайхыг орох  үед АНУ бидэнд тусалж л байсан. Гэтэл энэ чөтгөрийн тойрог руугаа оруулангуут бид нарыг хаячиж байгаа байхгүй юу. Энэ тойргоосоо монголчууд гарч чадахгүй гэж л харж байгаа. Чөтгөрийн тойрогт орсон ардчилал, зах зээл гэдэг зохион байгуулалттай тоглоом руу орсонтой адил. Ардчилал бол ядуу оронд чөтгөрийн тойрог.

-Гэтэл бид “Ардчилал бидэнд эрх чөлөө авчирсан, ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй” гэж тодотгоод л магтан сайшаадаг нь ямар учиртай юм бэ.

-Би ч анх ингэж л боддог байсан. Үнэнээ хэлье. Яваандаа ардчиллын мөн чанар, зах зээлийн тогтолцоог уншиж судлан ойлгоход ардчилал, зах зээлийг  Монголд оруулж ирээд Монголыг хорлочихсон байгаа байхгүй юу. Манайх шиг ядуу буурай оронд ардчилал тохирохгүй. Баян орон, баян хүмүүст л тохирох нийгмийн тогтолцоо. Мөн бид хэзээ ч Азийн бар болохгүй, болгох ч үгүй. Гаднынхан Монголоос яаж мөнгө хийх үү, яаж тэнэг болгох уу, хооронд яаж хэрэлдүүлэх үү, яаж бараагаа борлуулах уу гэдгээ байнга боддог л байхгүй юу.

-З.Энхболдын араншингаас улбаалж “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн сэтгэгдэл олон нийтийн дунд гарах болсон. Та ч гэсэн энэ байдлыг харж л байгаа байх? 

-Би сайн мэдэхгүй ээ. З.Энхболд ямар нэг санал гаргадаг л байх. Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсын Ерөнхийлөгч л шийдэж байгаа шүү дээ. Нөгөө талаар Х.Баттулга Ерөнхийлөгч хүний үгээр үг хийдэг, дайвж, найгасан шалчгануур хүн биш шүү дээ. Бусдаас айж, эмээн санал бодлоо хүнд өгчихдөг хүн ч биш.

– Ерөнхийлөгчийг хувь хүнийх нь хувьд сайн мэдэх байх тийм ээ?

-Бид бие биеэ сайн танина.

-Та тухайн үед улс төрийн нэгэн тод өнгө байсан л даа. Бусдаасаа өөр үг хэл, үйлдлийг та л гаргадаг байсан. Одоогийн УИХ-д тод өнгө гэж байна уу. Сүүлийн үед гишүүдийн ёс зүйн асуудал ихэд яригдаж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Ер нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-“Загас толгойноосоо өтдөг” гэдэг шиг бүх зүйл толгойдоо л бий. Цэвэрлэгээ хийвэл толгойноосоо эхлээд  цэвэрлэх ёстой. Өөрчлөлт шинэчлэлт, сайн сайхан бүхэн толгойноос л эхэлнэ. УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь сайн хэрэг.

-Таныг УИХ-ын гишүүн байх үед гишүүдийн ёс зүйн асуудал ямар байсан бэ? 

-Миний үед бандааш, боов энэ тэрээр орооцолдсон гишүүд гэж  байдаггүй л байлаа. Яахав жижиг, сажиг асуудал гардаг л байсан байх. Өнөөгийнх шиг  гишүүдийн ёс зүйн асуудал ингэж хурцаар яригдаж байгаагүй.

-Тантай уулзаж байгаагийн хувьд нэг зүйлийг тодруулъя. Зайсан орчимд таныг нийтийн эзэмшлийн газарт хувийн хаус барьсан гэх шүүмжлэл  дагах болсон. Энэ үнэн үү?

-Ингэж яриад байгаа тэр хүмүүсээс нь асуусан дээр. Баримт нотолгоо байгаа бол түүнийгээ гаргах хэрэгтэй. Намайг их муухай гүтгэсэн байна лээ. Би шүүхэд нэхэмжлэх гаргуулъя гэж бодож байгаа. Аливаа зүйлийг баримт нотолгоотой л ярих хэрэгтэй. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Нэгдүгээрт, би байшин барьдаггүй, надад барилгын компани байхгүй, би хүнээр ч барилга бариулдаггүй.

-Гэхдээ та Зайсанд амьдардаг байх аа?

-Би ‘Оргил’ худалдааны төвийн ойролцоо амьдардаг. Гүүр даваад Зайсан биз дээ. Би уг нь гүүрний наана нь л амьдардаг юм. Би тэндээ 2003 оноос хойш амьдарч байгаа.

-Нэг хэсэг та Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг гаднын тагнуулч гэж хэлээд багагүй асуудалд орсон шүү дээ. Ийн хэлэх ямар үндэслэл байсан юм бэ?

-Ц.Нямдорж сайд бид хоёрын маргаан тэгээд л дууссан. Надад одоо ярих зүйл байхгүй.

-Та түүнийг улстөрчийнх нь хувьд хүндэлнэ л биз?  

-Ц.Нямдорж сайдыг Эрдэнэтийн 49 хувийн асуудалд зоригтой дуугарсанд нь би утсаар холбогдож баяр хүргэсэн. “Зөв шүү найз аа” гэж хэлсэн.

-Найз аа гэдэг юм уу?

-Бид хоёр  бие биеийнхээрээ орж гараад гүйгээд байдаггүй ч гэсэн бие биедээ өс санаад яваад байдаггүй. Нэг удаа гадуур надтай таараад зориуд хүрч ирээд мэнд мэдэж байсан. Гудамжинд лааз өшиглөж байгаа над дээр өөрөө ирж гар барьж л байна лээ.

-Та лааз ч өшиглөөгүй байх аа?

-Улстөрч гудамжинд гарахыг лааз өшиглөх гэдэг шүү дээ.

-Улс төрөөс түр завсарлага авсан гэж хэлбэл зохистой болов уу?

-Улс төр рүү дахин оръё гэж бодсон зүйл одоохондоо алга. Уг нь би өөрийгөө энэ улс эх оронд хэрэгтэй зайран  гэж бодсон. Гэтэл хэрэггүй л юм байна лээ. Энэ улс эх орныг өөрчлөх хүсэл, сэтгэл уг нь надад бий. Улс эх орноо өөд нь татъя, буруу замаар будаа тээгээд байгааг өөрчилье гээд амьхандаа оношийг нь тавиад гарцыг нь олчихоод л байгаа юм. Монголд бий болж байгаа мөнгө Монголдоо л үлдэж, Монголд л зөв хуваарилагдах хэрэгтэй. Түүнээс биш бид макро, микро эдийн засаг, Олон улсын валютын сан, том хөрөнгө оруулалт гэж мянга яриад нэмэргүй. “Муур сохор, доголон байж болно. Гэхдээ хулганаа л барьж чадах ёстой” гэсэн Күнзийн сургаалийг бодох л хэрэгтэй.

-Та хошин шогийн мэдрэмжтэй гэдгээ өнгөрсөн хугацаанд багагүй харуулсан шүү. 2016 оны сонгуулийн үеэр ‘Монголоороо байгаасай” гэх шинэ дуу гарган клипжүүлжсэн нь олныг баясгаад л амжсан тийм ээ?

-Миний сэтгэл  л тэр шүү дээ. Би муугүй сайн дуулж чаддаг гэж өөрийгөө боддог. Тэр сэтгэлийн үгээ л гаргасан төдий. Би  ам барьж дуулаагүй. Тухайн дууны үг нь таалагдсан учраас чин сэтгэлээсээ дуулсан. Түүнээс биш би дуу дуулах гээд байгаа зүйл огт байхгүй. Урлагийн хүн биш ч  гэсэн сайн дурын уран сайханч гэх үү дээ.

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтөд  юуг анхаараасай гэж та хувьдаа бодож байна вэ?

-Үндсэн хууль энэ тэр гэж байхаар тэр мөнгөө Монголдоо байлгахаа л яримаар байгаа юм. Өөр зүйл ярих хэрэггүй. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж аугаа үнэн үг шүү. Биеэ зас гэдэг нь  мэдлэг боловсрол, туршлагатай бай гэсэн үг. Улстөрч хүн бол бүх талаараа улс эх орныг авч явах хэмжээнд байх гэсэн санаа юм. Гэрээ зас гэдэг нь шинэ байшинд ор гэсэн үг биш. Аль эсвэл АНУ-д долоон байшин худалдаж ав гэсэн үг ч биш. Эхнэр хүүхэд, гэр бүлээ сайн сайхан авч яв, энэр гэсэн үг. Үүний дараа чи төр засаж чадна. Гэрээ засаагүй, гэр бүлээ авч явж чадаагүй байж төр засдаггүй юм л гэсэн үг.

-УИХ-ын 76 гишүүд дунд “Биеэ, гэрээ засчихаад, төрөө засах гэж орж ирсэн түшээд хэр олон байх юм?

-Энэ 76-уулаараа асуудлыг шийддэггүй юм. Энэ дундаас Ардчилсан намын есөн гишүүнийг хасчих. Бие даагч гишүүнийг ч гэсэн хас. Тэд юу ч шийдэхгүй. Үлдсэн 65 гишүүнээс 10 гишүүн л гол шийдвэрийг гаргана. Тэр эхний 10 ядаж энэ хэмжээнд хүрчихсэн бол болох байхгүй юу. Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар энэ хэд гол 10 толгой  нь байхгүй юу. Бусад нь кнопчид, өөр хэн ч биш.

-Бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож “төгөлдөр хуурддаг” гажуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгана гэж яригдаж байгаа. Таныг гишүүн байх үед төгөлдөр хуурчид мөн байсан л биз?

-Байсан. Энэ бол дээд зэргийн арчаагүй үйлдэл. Тэднийг харахад их муухай харагддаг юм. Бусдын өмнөөс намайг кноп дарж байсан бичлэг олоод ир гэвэл бараг байхгүй байх. Би хүний кнопыг дарж ч байгаагүй.  

-“Тэнэг хүн улс төрийг оролддог бол, ухаантай хүнийг улс төр өөрөө оролддог” гэдэг. Үүгээр бол та  улс төрийг оролдов уу, эсвэл таныг улс төр оролдов уу?

-Би 2000 оны үед анх бизнес эрхэлж  байхдаа улс төрд оргилуун, дэврүүн сэтгэлээр орж байлаа шүү дээ. Тэгэхэд би 35 настай байлаа. Залуу насны дэврүүн сэтгэлээр ганц үсрээд л голд нь орчихсон. Дунд нь тэргүүн фронтод нь сайхан явсан. Би дахин нэг зүйл хэлье. Мөнгийг Сангийн яам оруулж ирдэг. Сонгуульд ялсан нам Сангийн яамаа толгойлж байгаа биз дээ. Мөнгийг яаж зарцуулах вэ гэдгийг Сангийн яам л мэднэ. Харин бодлогыг олонх кнопоороо шийддэг. Бодлого, мөнгө хоёрыг олонх тодорхойлж байгаа гэсэн үг. Олонх дотроо гол 10 гишүүн л шийдэж байна. Өөр хүн шийдэхгүй, Цөөнхийн гишүүдэд юу ч олдохгүй, тэдэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Сөрөг хүчин Ардчилсан нам хоёр сайдаа огцруулах бичиг өгсөн байсан. Тэр бичгийг нь буцаагаад л шидэж байгаа биз дээ. Ардчилсан намын есөн гишүүн УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралд очих ч шаардлагагүй дээ. Олонхоороо төр засгаа байгуулдаг тийм парламентын тогтолцоотой х ойно.

-Сөрөг хүчний орон зайг дүүргэвэл хөгжлийг бүтээлцэж болно гэх үг бий. АН цөөнхийнхөө үүргийг хэр сайн гүйцэтгэж байна гэж та хэлэх вэ?

-Юуных нь сөрөг хүчний үүрэг байх вэ дээ, Гүйцэтгэсэн царайтай байх гээд ч шаардлагагүй. Тэд нарт хийх ажил байхгүй. Дараагийн сонгуулиа л хүлээх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж