Дахин 260 сая ам.доллараар “гуялах” уу

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Дахин 260 сая ам.доллараар “гуялах” уу

Дахин 260 сая ам.доллараар “гуялах” уу

ТӨМӨР ЗАМД ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АВАХ ЭРХ БИЙ БИЛҮҮ

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “БНХАУ-аас хамтын ажиллагааны  санхүүжилтийн хүрээнд 30 тэрбум юань буюу 4.5 тэрбум долларын хөрөнгийг нийт дэд бүтэц болон санхүүжилтэнд өгөхөөр болсон”-ыг мэдэгдсэн. Мөн энэ сарын 11-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш  тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин болон албаны бусад хүн оролцсон.

ОХУ-аас 400 сая ам.доллар зээлж, 260 сая ам.долларыг төмөр замын салбарт зарцуулна гэсэн мэдээлэл өнгөрсөн тавдугаар сараас эхлэн яригдах болсон.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд тайлбарлахдаа “Төмөр замын төв коридороо шинэчлэх, сайжруулах, нэвтрэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг шинэчлэхэд бидний тооцоолсноор 260-аад сая долларын хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Нөгөөтэйгүүр Тяньжинээс Улаан-Үүд хүртэлх замыг гурван улсын хүрээнд хамтран хурдны зам болгох асуудал байна” гэсэн юм.

Түүнчлэн  “УБТЗ” ХНН-ийн зүгээс дээрх 260 сая ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтыг авч дээрх зориулалтаар ашиглахыг дэмжсэн шийдвэр гаргасныг эх сурвалж мэдээлсэн. Ийнхүү хоёр хөрш Монголын төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийх, энэ салбарт хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах сонирхол өндөр байна.

Энэ дашрамд сануулахад, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл 2007 оны есдүгээр сарын 12-нд Вашингтонд хуралдаж Монгол Улстай компакт гэрээ байгуулах, нийт дөрвөн төсөлд зориулан 285 сая ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Энэ баярт мэдээг тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон Ерөнхий сайд М.Энхболдод мэдэгдэж байв. АНУ-ын талаас Монгол Улстай таван жилийн хугацаатай Ерөнхий гэрээнд эдийн засгийн гол тулгуур боловч одоогоор хүнд байдалд байгаа төмөр замын үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг сайжруулахад 188 сая ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа онцолсон байдаг. Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сарын дундуур Мянганы сорилтын сангийн тусламжтай холбоотой дуулиан дэгдэв. Энэ нь Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад хоёр жилийн нүүр үзэж буй 188.38 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээс татгалзах нь тэр. Дэлхийн эдийн засгийн хямрал болж санхүү, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэн, ачаа тээвэрлэлт, транзит гээд хамаг мөнгөний урсгал нь “ширгэж” байсан тус байгууллага 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас айж, татгалзсан шалтгаан нь юу байв. Олон нийт хамгийн түрүүнд Оросын талыг шүүмжилж байв. Энэ нь ч аргагүй юм. Учир нь оросууд  “Авч болохгүй” гээд гэдийжээ.

Төмөр замын дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж нь хоцрогдож “орчин цагийн” төмөр замын тээвэрлэлт, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн хохирогч нь зөвхөн монголчууд. Энэ нөхцөлд УБТЗ, тухайн үеийн ЗТБХБЯ нь төмөр замын техник, технологийн хоцрогдол гадаад худалдааны өсөлт, инфляци нөлөөлж эдийн засгийн ноцтой хүндрэл үүсгээд байгааг хараад зүгээр сууж чадсангүй. Тиймээс ч тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг ахалж байгаагийн хувьд Оросын талын гурван гишүүн, тодруулбал “Морозов”-уудтай муудалцаж байсан нь үнэн юм билээ.

Оросын тал 188 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж “УБТЗ”-ын суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийн шинэчлэхийг яасан ч зөвшөөрөхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон. Тэр ч байтугай АНУ-ын “Грант Торонтон Амиот”, Монголын “Онч аудит” компаниуд аудит хийх гэтэл “УБТЗ”-ын Ерөнхиий хорооны гишүүд аудит хийлгэхэд саад учруулсаар байв. Мянганы сорилтын сангийнхан “Аудит хийхгүй бол төсөл хэрэгжих боломжгүй. Яагаад аудит хийж эхэлчихээд байхад зогсоосон шалтгаанаа албан ёсоор хэлээгүй” гэсэн хариу өгчээ.

Ингээд АНУ-ын талаас хөрөнгө оруулалт хийх, Монголын төмөр замын технологи шинэчлэгдэхийг оросууд хүсээгүй гэдэг хөгийн шалтгаанаар “УБТЗ” дахин “клиник үхэл”-д хүрч байв.  Хэдийгээр Ерөнхий хорооны орос гишүүд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт аудит хийлгэхгүй байгаа шалтгаан нь хувьдаа хөрөнгө завшсан асуудал, эсвэл ямар нэг хууль бус наймаа тээвэрлэдэг байсан нь илэрнэ гэж айснаас болсон гэдэг хардалт байсан. Харамсалтай нь Мянганы сорилтын сан уг хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахгүй бол дүрмийн дагуу буцааж татахаа мэдэгдлээ. Мэдээж Оросын нөлөө, дарамт шахалтаас болоод тэр шүү дээ.

Хүний зүгээр өгч байсан мөнгийг аваагүйгээс Монголын нийгэмд уур амьсгал сайнгүй  маш сайн мэдэрсэн Оросын тал дээрх үйл явдлын дараа “арилжааны” гэмээр нэгэн мэх хэрэглэсэн. Ингэхдээ “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлье. “Орос, Монголын тал тус бүр 125 сая ам.доллар гаргаад УБТЗ-ын техник, технологийг шинэчлэн сайжруулчихаж яагаад болохгүй гэж” гэсэн саналыг тэд тавьсан юм. Хөөрхий, тухайн үеийн эрх баригчид ярвайгаад ч гэсэн алга ташихаас өөр арга байсангүй. Оросын тал 125 сая ам.доллартаа зүтгүүр өглөө. Яагаав, дараа нь Хятадаас зүтгүүр авахад “УБТЗ-д Хятадын зүтгүүр явуулахгүй” гээд тэмцэлдээд байсан даа.

Тэгснээ манай талын оруулж байгаа 125 сая ам.долларын 55 сая ам.долларт нь заавал Оросоос зүтгүүр ав гээд дахин шахалт үзүүлэв. Ингээд цаана нь 70 сая ам.доллар үлдэхэд Монголын талын саналын дагуу дохиолол холбооны байгууламжаа шинэчилж болно гэж  арайхийн зөвшөөрлөө. “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийн шинэчлэл болон автомат хориглолтын системийн тоног төхөөрөмж нь Европын холбооны улсын стандартад нийцсэн байх нь зүйтэй гэдгийг Засгийн газрын 2012 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийнхаа дагуу Зам, тээврийн яамнаас Олон улсад нээлттэй тендер зарлалаа.

Тендерт Германы алдарт “Siemens” компани түншүүдийнхээ хамтаар шалгарав. “Алдаа гарах магадлал нэг тэрбумд нэг тохиолддог” гэгддэг тэдний технологи дэлхийд алдартай. Энэ технологийг нэвтрүүлснээр өнөөдөр жилд 21 сая тонноор хэмжигдэж буй ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилд 34 сая тонн-д хүртэл нэмэгдэх тооцоо гарчээ. Тэгэхээр яамныхан ч, төмөр замынхан ч баярлах нь аргагүй. Гэтэл  2014 онд ч байдал хэвээрээ ажээ. Дахиад л оросууд цамнаж гарав. Уг нь Оросын талын хүслээр бол “РЖД” болон “Bombardier”-ын хамтарсан компани  шалгарах ёстой ажээ. Гэвч манай холбогдох газрууд “ РЖД-ийн өөрийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байх тул сонирхлын зөрчилтэй байна. Монгол Улсын олон хуулийг зөрчинө”  хэмээн тайлбарласан ч оросуудад таалагдаагүй. Ийнхүү Оросын тал “УБТЗ-ыг дэлхийд алдартай орчин үеийн технологи хэрэглэж болохгүй. Зөвхөн орос технологи ашигла, Оросын өгсөн техник, тоног төхөөрөмж, зүтгүүр бүхнийг хуучин ч гэсэн дуугүй ав. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх үнээр шүү!” гэсэн болхи шаардлага тавьж байв.

Үр дүнд нь дэлхийд гайхагдсан технологио санал болгож олон улсын нээлттэй тендерт ялсан “Siemens” компанийг хүлээн зөвшөөрч байгаа Зам, тээврийн сайд эцэстээ “70 сая ам.долларын төлөө үндэстэн дамнасан эдийн засгийн луйварчидтай ганзага нийлсэн” болж таарав.

Уг нь тэр 70 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар дохиолол холбооны системийг шинэчилснээр ачаа тээвэрлэх хүчин чадал одоо байгаагаас 60 хүртэл хувиар нэмэгдэхээр байв. Хожим нь хэн нь буруутайг хуулийнхан шалгаж тогтоосон.

Одоогоор “Мянган вагоны хэрэг” гэгч дуулиан тариад, эрхбиш тэдгээр вагон азаар болон чадвартай инженерүүдээр шалгагдаж туршилтуудаа даваад үүргээ ч биелүүлж ашиг ч олж байгаа юм байна гэсэн ойлголттой болоод байна. Гэсэн ч вагон байнга дутагдсан, хил дээр хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа тул үлдсэн хэсгийг нь хүлээсээр..Жинхнээсээ мянган ширхэг вагон ороод ирсэн ч хүрэлцэхээргүй байгаа энэ цаг үед хоёр хөрш хөрөнгө оруулалтаар найр тавьж байна. Хүлээн авах нь тодорхой ч аль хөршөөс, хэдий хэрийг авах вэ гэдэгт ихээхэн учир байдгийг дээрх жишээ сануулах биз ээ.  Хамгийн гол нь Хятадын талын хөрөнгө оруулалтыг хүлээн авах эрх бидэнд бий юу гэдгээ шийдэх нь хөрөнгө оруулалт олохоос ч чухал байдгийг үзлээ шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж