П.Очирбат: Онцгойг нь ялгах ухаан дутаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

П.Очирбат: Онцгойг нь ялгах ухаан дутаж байна

П.Очирбат: Олон бодлого дотроос онцгойг нь ялгах ухаан  дутаж байна 


Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Дисковер Монголиа-2011” есдүгээр сарын 8-10-нд Улаанбаатар хотноо болно. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа Монгол улсын хувьд энэ нь гадаад ертөнцөд өөрийгөө таниулан сурталчлах өргөн боломжийг олгодог чухал арга хэмжээ билээ.  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, “Дисковер Монголиа-2011” чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга П.Очирбаттай Г.Идэрхангай  ярилцлаа.

Хөрөнгө оруулагчид биднээс хүсдэг гуйдаг тийм үе шат руу орно


-Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хүрээг тэлэхэд өргөн дэлгэр боломж олгодог “Дисковер Монголиа-2011” чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны даргаар Таныг ажиллаж буйд олзуурхах хүн олон бий.  Энэ удаагийн чуулган ямар дэвшил, өнгө аясыг дагуулах бол оо гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?  

-Энэ удаагийн ес дэх хурлын гол уриа бол “Эрдэс баялгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа”. Чухамдаа энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бид хэр ашиглаж байна вэ гэдгийг ярилцана. Одоогийн байдлаар 30  гаруй  илтгэл  хэлэлцэхээр  төлөвлөөд байгаа. Чуулга уулзалтын үеэр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, сурталчилдаг. Энэ удаад  90 орчим компани, аж ахуйн нэгж  оролцохоо мэдэгдэж, үзэсгэлэнгийн байр саваа захиалсан. Гэхдээ бидний үйл ажиллагаа явуулах талбай оролцох сонирхлоо илэрхийлсэн байгууллагуудын эрэлт хэрэгцээг  тэр бүр хангаж чадахгүй байна. 100 гаруй компани оролцохоо илэрхийлсэн ч  үзэсгэлэнгийн талбай маань  хүрэлцэхгүй байна. Чуулга уулзалтын хүрээ жилээс жилд өргөжиж байгаа. Гадаад, дотоодын  500 орчим төлөөлөгч чуулганд оролцох болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.        

Урьд өмнө бол  гадныханд Монголд аль болох хөрөнгө оруулахыг уриалдаг байсан. Тэгвэл энэ удаад хөрөнгө оруулалтын урсгалыг илүү оновчтой, өндөр үр ашигтай, аль аль талдаа харилцан ашигтай байх зарчмыг түлхүү ярья гэж байгаа.  Монголын эдийн засагт уул уурхай яавал өгөөжтэй байх вэ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хэрхэн багасгавал зохилтой вэ гэсэн олон асуудал хөндөгдөнө.  Зөвхөн  ашиглалт, олборлолт явуулж байгаа талбайн орчны  нөхөн сэргээлтийн тухай ч биш, тухайн бүс нутгийг одоо байгаагаас нь илүү сайжруулах арга чарга, түүнд зарцуулах хөрөнгө мөнгөний тухай  ярилцах ёстой.  Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө оруулагчид өөрийнхөө зарцуулсан хөрөнгө мөнгөө нөхөж олж авахын зэрэгцээ тодорхой ашиг олох боломжийг Монгол улс хуулиараа зохицуулж өгч байж бид харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж болох юм. Хөрөнгө оруулагчдыг зөвхөн бид даллаж дуудах бус, харин хөрөнгө оруулагчид биднээс хүсдэг гуйдаг тийм үе шат руу шилжих боломжийг энэ чуулган нээх биз ээ.  Гадаадын хөрөнгө оруулагчид “Танай татварыг их, бага гэж яримааргүй байна. Хууль, тэр дундаа Ашигт малтмалын тухай хууль аль болох тогтвортой, ойр ойрхон өөрчлөгдөөд байхааргүй нөхцөлийг хангаж өгвөл бид  түүнд тохирсон бизнес төлөвлөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтынхаа эрсдэлийг багасгах боломж бүрдэнэ. Та нар үүнийг л бодож үзээрэй” гэж хэлдэг.

-Таны ярианаас Монголын  уул уурхайн салбарыг илүү хариуцлагатай  болгох хэрэгтэй  гэсэн ойлголт төрж байна. Чуулганаар Хариуцлагатай уул уурхайн зарчим, түүний шалгуур үзүүлэлтийн чиглэлээр илтгэл тавигдана гэж сонссон?

-Тийм ээ. Чуулганаар үндсэн зургаа, долоон чиглэлийн асуудлыг хэлэлцэнэ. Тэр дундаа дэлхийн зах зээл дээр өнгөт металлын хэрэгцээ аль чигт байна, уул уурхайн том биржүүд Монголыг хэрхэн харж байна, энэ бүхнийг тандая гэсэн бодол зорилготой байгаа. Эдгээр бирж нь Монголд хөрөнгө оруулж, хөрөнгө босгох ажлуудыг голлон зангидаж байдаг.Тиймээс манайд хөрөнгө оруулах ирээдүйн боломж ямар байгааг гадныхны үнэлэлт дүгнэлтээс харъя.
Хариуцлагатай уул уурхай, олборлох боловсруулах үйлдвэрлэлийн ил тод байх зарчим их чухал. Хоёулаа дэлхий нийтээр мөрддөг зарчим. Уул уурхайгаас  байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг багасгахын төлөөх тэмцэл бол ганцхан Монголынх биш. Эдийн засгийн талаасаа ч уул уурхайгаас орж ирсэн ашиг орлого, зардал, хуваарилалт зэргийг ил тод болгоё. Энэ нь зөвхөн хувийн  компанийн дотоод асуудал байх учиргүй. Тиймээс  хариуцлагатай уул уурхай, олборлох  үйлдвэрлэлийн  ил тод байх зарчмыг нэг медалийн хоёр тал гэж хэлж болно.  Үүн дотор олон янзын ойлголт бий. Наад зах нь аюулгүй ажиллах нөхцөлийг баталгаатай бүрдүүлсэн байх ёстой. Төчнөөн  тонн нүүрс, тэдэн тонн зэс олборлолоо гэдэг чухал биш. Хүний ажиллах орчин сайн байхаас гадна мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэг, үйлдвэрийн осол аваар гаргахгүй байх ёстой. Тэгж байж л бид уул уурхайн үйлдвэрлэлийг хариуцлагатай явагдаж байна гэж дүгнэж болно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд зөвхөн өөрийнхөө үйл ажиллагаанд хамааралтай хэсгийг нөхөн сэргээгээд зогсох биш, тэр орчноо бүхэлд нь анхаармаар байгаа юм. Жишээ нь, говь нутагт салхи шуурганы хүчийг багасгадаг, элсний нүүдлийг тогтоодог, ус ургамлыг сайжруулдаг арга хэмжээг уул уурхайн компаниуд заавал авч хэрэгжүүлж байх ёстой. Энэ бол хариуцлагатай уул уурхайн чухал үзүүлэлт.  Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой. Тэр үнэлгээндээ, хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг дотроо дээрх шаардлагуудыг зайлшгүй оруулж өгмөөр байгаа юм. Болж өгвөл үйлдвэрийн зардалд тусгаад, баланс дээрээ ил тод бичиж байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр “Өө за, бид нөхөн сэргээлтээ хийчихсэн” гэж ерөнхий яриад байж болохгүй. Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шахаж шаардаж ажиллуулах учиртай.

Станцаа, төмөр замаа байгуулчих хугацааг алдаж байна
-Хөрөнгө оруулагчдын санааг зовоодог нэг асуудал бол Монголын дэд бүтэц. Монгол  улс дэд бүтэцгүйгээр уул уурхайн салбараас ихээхэн хэмжээний хөрөнгө олно гэж байхгүй шүү хэмээн Дэлхийн банк, санхүүгийн томчууд битүүхэн сануулдаг. Стратегийн томоохон ордууд түрүүчээсээ ашиглалтад ороод, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр гаргаж эхэллээ. Гэвч дэд бүтцийн хоцрогдол хэзээ арилах нь тодорхойгүй хэвээр байна?  

-Дэд бүтцийн тухайд үнэхээр хоцрогдож яваа. Тавантолгой ордоос жилдээ 45 сая тонн нүүрс экспортолно гэж ярьдаг. Гэтэл тэр их нүүрсийг тээвэрлэх дэд бүтцийн боломж одоогоор 10 сая тонноос хэтрэхгүй. Энэ хоцрогдлыг бид өөрсдөө л хийж байгаа.  Өдийд Тавантолгойгоос Хятадын хил хүртэл төмөр зам тавьчихаар байлаа. Тийм шаардлага, хөрөнгө мөнгө, боломж бүрэн байсан. Монголын төр буруу бодлого, шийдвэрээрээ энэ бүтээн байгуулалтад тээг тавьчихсан. Гаднаас үүнд ямар ч  нөлөөлөл байгаагүй. Хоёрдугаарт, Тавантолгой ордыг түшиглэж дор хаяж 300, 600, цаашлаад 1200 МВт-ийн хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр байгуулчих боломж бас байлаа. Цаг хугацаа ч хангалттай байсан. Төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх хурд алга. Олон бодлого дотроос хамгийн чухлыг нь  онцгойлж  хийх ухаан  дутаж байна л даа. Үйлдвэрүүд шил шилээ дараад ашиглалтад ороод байдаг. Цахилгаан хангамж, шугам  сүлжээ нь байхгүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийгээд болж байна шүү дээ. Бүр шуурхай хийж байна. Ухаа худаг уурхай  дээр Энержи Ресурсийнхэн хоёрхон жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, хатуу хучилттай автозам, орон сууцны барилга барьчихлаа үндсэндээ төмөр замаас бусад дэд бүтцийн асуудлаа  шийдчихлээ. Энэ бол нэг компанийн хийж бүтээсэн ажил. Гэтэл хажууханд нь үндсэн Таван толгойн цогцолборын дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, баригдаагүй цаг алдаж байна. Тэнд нэгдсэн дэд бүтэц хэрэгтэй.  Нэг уурхай дээр дөрвөн цахилгаан станц, гурван салаа бие даасан төмөр зам  байж болохгүй. Тийм учраас дэд бүтцийг хөгжүүлэх асуудалд төрийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй.

Эрдэнэт  шиг хот  хэн ч барьж өгөхгүй ээ

-Дэд бүтцийн цогц шийдлээс гадна өмнийн говьд Эрдэнэт, Дархан шиг хүн амьдрах орчин бүрдүүлсэн хот суурин байгуулагдах учиртай. Гадаадын хөрөнгө оруулалтыг энэ чиглэл рүү  татах боломж хэр байгаа бол. Зөвхөн ашигт малтмал олборлоод байхдаа бус, монголчууд өөрсдийн гэсэн бүтээн байгуулалттай, үр өгөөжтэй  үлдэх  ёстой?

-Хот байгуулалтын асуудлыг социализмын үеийн Эрдэнэт шиг шийдэх боломж өнөөдөр байхгүй. Үүнийг зах зээлийн зарчмаар шийдэх хэрэгтэй. Уурхайчдын хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж орон сууцыг Монголын барилгын компаниуд бариад уурхайчдад худалдана. Уул уурхайн компаниуд ажилчдадаа хөнгөлөлттэй зээл олгож, төлбөрийг цалингаас нь бага хэмжээгээр суутгах замаар орон сууцаар хангаж болно. Хотын инженерийн шугам сүлжээ, сургууль, эмнэлэг, спортын байгууламж зэрэг нийтийн үйлчилгээний хэсгийг улсын хөрөнгө оруулалтаар хийхээс өөр арга байхгүй. Тавантолгой, Оюутолгой ордоос Монголын төр асар их ашиг олно. Түүнийхээ тодорхой хэсгийг уурхайчдадаа зориулах хэрэгтэй биз дээ. Улаанбаатар хотын орон сууцны асуудлыг ийм л замаар шийдэж байгаа шүү дээ. Тавантолгой дээр хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй.  Ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах сургууль, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг улсаас санхүүжүүлж барих ёстой. Хувийн хэвшил, хувь хүн, төр гурав нийлж байж Тавантолгойд орчин үеийн сайхан хот суурин босгох учиртай юм.

-Та ярианыхаа эхэнд  гадаадын хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын  тухай хуулийг аль болох тогтвортой байлгахыг хүсдэг гэж хэллээ.  УИХ-ын намрын чуулганаар энэ хуульд зарчмын хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулах  нь тодорхой.  Гэхдээ ирээдүйд Эрдэс баялгийн нэгдсэн хуультай болъё гэсэн санаачилга их гардаг. Таны байр суурь юу вэ?

-Аливаа хууль царцанги, нэг л гарчихсан бол огт өөрчлөгдөхгүй  гэж байхгүй л дээ. Хөгжил, динамик, эдийн засгийн хувьсал өөрчлөлт зэргээс  шалтгаалж  хууль мэдээж өөрчлөгддөг. Гэхдээ манайх шиг ийм богино настай хуулиуд хийж болохгүй ээ. Нэг хоёр жил болоод хуулиа өөрчлөөд байх нь зохимжгүй. Намрын чуулганаар   Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь шиг байна. Хуулийн концепцийг би хувьдаа олж үзээгүй.  Ашигт малтмалын тухай хууль бол уул уурхайн хууль биш. Тэгэхээр Уул уурхайн хууль гэж байх ёстой. Үүнийг Эрдэс баялгийн ч гэж нэрлэж болно. Гадаадын улс орнуудад ийм хууль байдаг.  Би ийм хуулийн загвар, концепцийг боловсруулж нэлээд хэдэн  хэвлэлд нийтэлж байсан. Одоо тэр загвар  дээрээ тулгуурлаад мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар Уул уурхайн хууль боловсруулах юм бол нэлээд өргөн хүрээтэй болно. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын бүх чиглэлийн харилцааг зохицуулсан хууль гарч ирэх үндэстэй. Иймэрхүү чигийн хууль боловсруулах мэргэжлийн комисс Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр ажиллаж байгаа.  Гэхдээ үүнийг хүлээгээд Ашигт малтмалын тухай  хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  удааж,  хойшлуулж болохгүй.

–Хэрэв  Уул уурхайн хууль батлагдвал Ашигт малтмалын тухай хууль яах вэ?

-Уул уурхайн хуулийн бүрэлдэхүүнд орох байх. Үнэнийг хэлэхэд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль бол гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Бид аль болохоор хориг тавих талыг багасгаж, либерал чөлөөтэй үйл ажиллагаа явуулах зарчмыг уг хуулийн гол концепц болгож хийсэн юм. Ер нь тоглоомын дүрэм бол талуудын сонирхлыг тэнцвэртэй тусгасан байвал шударга болно шүү дээ.   

-Богино настай хууль батлагддагийн гол шалтгаан юунд байна вэ. Эсвэл хэрэгжүүлэлтийн   шатандаа дутуу анхаараад байна уу?

-Ерөнхийдөө манай хуулиуд судалгаагүй гарч байгаа. Бидний “Урт нэртэй” гэж нэрлээд байгаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хувьд  санаа нь зөв. Гэхдээ уг хуулийн зохицуулалт талаас нь судалгаа огт хийгээгүйгээс маш их сөрөг үр дагавар учруулж байгаа. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулагчдад лиценз олгохдоо “За та хайгуулын лицензийн дагуу үйл ажиллагаагаа заасан хугацаанд явуул. Тэгээд юм олохгүй бол бид нөхөн төлбөр өгөхгүй. Энэ таны эрсдэл болоод үлдэнэ. Хэрэв та хайгуулын явцад ашигт малтмалын орд нээх юм бол үүнийг ашиглах асуудлыг тусад нь ярьж, тохирно” гэсэн зарчим хуульд бий. Гэтэл өнөө “Урт нэртэй” хууль энэ  нарийн зааг ялгааг гаргалгүйгээр 254 лицензийг шууд хүчингүй болгосон байх юм. Тэгэхээр хэн нэгэн  хайгуулын лицензээр авсан талбайгаас юм олоогүй  бол эрсдэлээ даагаад буцах ёстой байсан.  Гэтэл  төрийн санаачлагаар  лицензийг нь хураагаад авчихаар тухайн компани өнөөх зардлаа нэхээд ирж байгаа юм. “Та нар Засгийн газрын санаачлагаар бидний үйл ажиллагааг зогсоолоо. Бид төчнөөн сая долларын хөрөнгө зарцуулсан. Үүнийг буцааж өг” гээд суучихдаг. Өгөхөөс өөр арга байхгүй. Уг нь үр дүн гараагүй хугацаа нь дуусч буй үйл ажиллагаагаа зогсоож буй компанитай өр төлбөрийн асуудал байхгүй шүү дээ. Үйл ажиллагаа нь үргэлжилж буй компанийн лицензийн үлдсэн хугацааны төлбөрийн асуудлыг хэлэлцэх, орд олсон компанийн зардлыг бүрэн төлөх гэхчлэн ялгавартай үе шаттай хэрэгжүүлсэн бол зөв байсан юм.   Иймэрхүү нарийвчилсан судалгаа гаргаж, аж ахуйн нэгжүүдийг ялгаж салгаагүйгээс “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа.  Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар  үнэхээр мундаг байсан юм бол яагаад хүчингүй болдог билээ. Амьдрах чадваргүй л байсан байхгүй юу. Алтны  үйлдвэрлэлийг хөгжүүлэх биш, устгах агуулгатай хууль байлаа. Хуулийн зорилго,  механизм, хэрэгжих нөхцөл боломж, улс төр, эдийн засаг,  эрх зүйн нөхцөлд учруулах үр дагаврыг судлахгүй шууд л кноп дараад баталчихаар  хууль урт наслахгүй байгаа юм.

Та бидэнд дэлхийн нэг л хууль үйлчилж байгаа

-Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийхгүй байна гэсэн шүүмжлэл хаа сайгүй өрнөдөг.  Та ч энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлдэг. Төр засаг энэ чиглэлд даацтай  арга хэмжээ авахгүй байгаа нь үүнд нөлөөлдөг юм биш үү?                          

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд төр, засаг дорвитой  арга хэмжээ авахгүй байна гэж ярьдаг. Гэхдээ төр, засаг гэдэгт дан ганц УИХ, Засгийн газар л хамаатай юм биш ээ. Орон нутгийн засаг захиргаа, бүх шатны Засаг дарга нар ч  үүнд хамаатай. Тухайн орон нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа тохиолдол бүртэй Засаг дарга нар, Иргэдийн хурлууд хатуу тэмцэж байх хуультай. Тэд энэ чиглэлд олигтой ажиллахгүй байгаа болохоор ард иргэд төр засаг л буруутай гэж яриад байгаа юм. 21 аймаг, 300 гаруй сум, 1200 гаруй багийн удирдлага сайн ажиллах ёстой. Хоёрдугаарт,  уул уурхайн аж ахуйн нэгжүүд тус бүртээ Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээнд заасан бүх арга хэмжээг хөдөлгөөнгүйгээр дагаж мөрдөж байх ёстой. Үүнтэй холбоотой тайлангуудаа танилцуулж байх учиртай. Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газар гээд энэ бүгдийг хянаж шалгадаг төрийн том нэгжүүд байгаа. Эд нар ажлаа чанартай, зарчимтай, тогтмол хийж чадахгүй байна. Уг нь, байгаль орчны талаар зохих шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйлдвэрийг нь хаах хүртэл арга хэмжээ авах эрх бий, тэдэнд. “Байгаль нуурыг тэжээж байгаа Сэлэнгэ мөрөн, түүнд цутгадаг Орхон голыг таны хэдэн килограмм алтнаас болж бузарлах эрх байхгүй. Монголын хууль ч ийм, ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг байгалийн онцгой цогцолборуудыг хамгаалах журам ч ийм. Канад, Америк, Хятадын иргэн хэн гуай ч бай та бидэнд дэлхийн нэг л хууль үйлчилж байгаа. Тийм учраас таны үйлдвэрийг хаалаа” гэдэг шаардлагыг бид тавьж байх ёстой.  Аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэж дууссаны дараа  орон нутгийн захиргаа  гарын үсэг зурж хүлээж авах хэрэгтэй. Уул уурхайн компаниудын нэлээд нь нөхөн сэргээлтийн ажлыг иж бүрэн гүйцэд хийхгүй байна.

-Уул уурхайн салбартай холбоотой Таны санааг зовоодог өөр ямар асуудал байна вэ?

-Нинжа нар. Дээхнэ үед үлийн цагаан оготнотой тэмцэх гэж том ажил өрнөдөг байлаа. Бэлчээр их сүйтгэдэг амьтан л даа. Гэхдээ үлийн цагаан оготнын ухаж төнхсөн  газар нинжа нарын сүйтгэсэн талбайтай харьцуулахад юу ч биш. Дэлхийн орнуудад нинжа нар байж л байдаг. Монголын нинжа нар хууль зөрчдөг, харин гадны нинжа нар хуулиар зохицуулагдсан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулдгаараа ялгаатай. Гадаадад бол нинжа нар ямар нөхцөлд, ямар үйл ажиллагаа явуулахыг нь хуулиар хатуу заагаад өгчихсөн. Тухайлбал,  үйлдвэрлэл, техникийн боломжийн гадна  үлддэг хаягдал гэж бий. Түүнийг  гар аргаар болон  жижиг механизмын тусламжтайгаар олборлоод, тухайн компанидаа зардаг  туслан гүйцэтгэгч нинжа нар байдаг. Ийм тохиолдолд нинжа нарын хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, нийгмийн халамж хамгааллыг тухайн компани давхар хариуцаад явах жишээтэй. Гэтэл манай улсад нинжа нар гэж баахан дур зоргоороо хүмүүс. Гэнэтийн тохиолдлоор аюул осол гарахад тэд “Төр засаг минь авраарай” гэдэг. Улаанбаатараас хэдэн зуун км-ын зайтай газар явж  очоод тусламж үзүүлнэ гэдэг маш бэрхшээлтэй. Тэгээд ч шороонд дарагдсан хүн хэдэн цаг тэсэх билээ. Тэгэхээр нинжа нарын байгаль сүйтгэдгийг, амь насандаа эрсдэлтэй байгааг нь  журамлах хэрэгтэй. Эдийн засаг, эрх зүйн талаас нь сайтар зохицуулаад, эмх  цэгцэнд оруулъя гэвэл болохгүй зүйлгүй л дээ.

Эрдэс баялгийн салбарын урт хугацааны бодлого байх ёстой

-Монгол улс зөвхөн Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн цөөн том ордоо ашиглахад л хангалттай. Энд тэндгүй  ашигт малтмалаа ухаад гадагшаа хяналттай, хяналтгүй зөөгөөд байвал  ирээдүйдээ  ихээхэн хохирол амсах аюул бий. Ийм байр суурьтай Та санал нийлэх үү. Монгол улсад уул уурхайн салбарыг зөв гольдролоор авч явах төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдээд байх шиг?

-Таны хэлж байгаа  үнэн. Эрдэс баялгийн  талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг одоогоор боловсруулж батлаагүй байна. Урт хугацааны бодлого байх ёстой. Уул уурхай гэдэг бол ашигт малтмалыг хайж олохоос өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд гаргах хүртэл маш урт хугацаа, асар хөрөнгө зардал  шаарддаг, ажил ихтэй салбар. Нөгөө талаас зөвхөн Оюутолгой, Тавантолгойгоо ашиглаад Монгол Улс ханачихна гэвэл бас өрөөсгөл. Дэлхийн зах зээл их хувирамтгай. Өөрчлөгддөг гол зүйл нь ашигт малтмалын үнэ ханш.  Алт хэрэв алдагдалтай байх юм бол хэн ч түүнийг олборлохгүй. “Бороо Гоулд” компани Бороогийн алтны ордод олборлолт явуулах хүртэл алт гэдэг зүйл алдагдал ихтэй байлаа. Баруун, Зүүн Германы компаниуд Бороогийн алтаар 10 жил оролдоод  бүтэлтэй болоогүй.  Эдийн засийн үр ашиггүй гэж үзээд орхичихсон. Бороогийн алтны ордыг ашиглах тухай ид яригдаж, гаднаас хөрөнгө оруулалт татах гэж оролдож байх үед нэг унци алт 258 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл,  унци алтыг 258 ам.доллараар зарахын тулд 400 ам.долларын өртгөөр олборлож болохгүй биз дээ. Одоо бол алтны үнэ унци нь 2000 ам.доллар хүрч явна. Нэг унци алтыг дунджаар 2000 ам.доллараар заръя. Тэгвэл 400 ам.доллараар нэг унцийг олборлоод энэ үнээр борлуулахад  танд 1600 ам.долларын ашиг орж ирнэ. Алтны “бум” гэдэг ашигтай үедээ ийм байдаг.

Алт бол хамгийн найдвартай, хатуу валют. Долларын ханш унахад алтны үнэ өсөөд байдаг нь үүнтэй холбоотой. Алт аваад хадгалчихсан байхад манайхны хэлдгээр “чулуу” шүү дээ. Тийм учраас ашигт малтмалын ордыг дэлхийн зах зээлийн араншин дагуулж ашиглах шаардлага Монгол Улсад бий. Бидний хүслээс  огт хамаарахгүйгээр дэлхийн зах зээл өөрийнхөө нөхцөлийг тулгаж байдаг юм. Саяхан болтол газрын ховор элементийн талаар манайх нэг их анхаардаггүй байлаа. Гэтэл одоо дэлхийн зах зээлд энэ металлын эрэлт яаж нэмэгдэж буйг бид харж байна. Бид энэ чиглэлээр эрчимтэй ажиллах хэрэгтэй. Уран ч мөн адил.  

Улстөрчид бол хаад ноёд биш

-Нүүрсний ордуудаа эрчимтэй ашиглаж эхэлсэн нь мөн л дэлхийн зах зээлийн араншингаас хамаарч буй хэрэг байх. “Нүүрсний бум” хэзээ  төгсгөл болох  вэ?

-Дэлхийн эрчим хүчний салбарт нефть, байгалийн хий ноёрхож байхад нүүрс гэдгийг нэг их тоож байсангүй. Хятад зэрэг бүс нутгийн орнууд үсрэнгүй хөгжөөд ирэхээр метал хийцийн хэрэгцээ асар их болж байна. Галлагаатай байрнаас тохилог сайхан орон сууц руу шилжиж амьдралын нөхцөл нь илт сайжирч байна.  Халуун оронд хөргөгч, агааржуулагч гээд олон зүйл хэрэг болно. Энэ бүхэнд зэс утас маш их шаардлагатай. Газар хөдлөлтөөс сэргийлэх үүднээс байшин барилгуудад төмөр хийц их ашиглаж байна. Төмөр яваандаа их үнэтэй болно. Үүнийгээ дагаад коксжих нүүрс, коксийн хэрэгцээ ихэсч байна. Монголын нүүрс үнэд орлоо. Урьд өмнө,  Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд болон Хятад, Япон, Орос улсын төрийн тэргүүнүүдэд Тавантолгой ордыг хамтарч ашиглая гэсэн санал тавихад  огт хөдөлдөггүй байсан. Одоо өөрснөө “гуйгаад” ирж байна. Бүр тунирхаад “Манайхыг шалгаруулалтаасаа  хаслаа энэ тэр” гээд яриад байгаа. Олон өрсөлдөгчгүй байхад хамтраад ашиглая гэж манайхан зөндөө хэлсэн шүү дээ. Судалж үзнэ гэж хэлээд таг болчихдог байсан. Тэгэхээр ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харж байгаад өөрт ашигтайгаар олборлох нь зөв. Гэхдээ асар их баялагтай байгаад ч түүнийгээ буруу ашиглавал хоосон хоцрох аюул бий. Уул уурхай хөгжлөө ч мөнхийн юм биш.  Тийм учраас Монгол улс дэлхийн зах зээлийн араншинг дагаж, өөрөөр хэлбэл “үүлэн цоорхойн нар”-ыг ашиглах гээд байгаа юм. Энэхэн хугацаанд Монгол улсын эдийн засагт  хуримтлал үүсгэж, хөгжлийн санхүүгийн суурийг буй болгохын тулд ашигт малтмалаа олборлох ёстой.

Гэтэл манайхан орд газруудаа ашиглаж эхлээгүй байж урьдчилгаа мөнгө авч, өр тавиад, түүнийгээ эрдэнийн хувь энэ тэр гээд тараачихаж байна. Энэ нь эцэстээ цагаан сар дөхөхөөр ууц, шинэ жил дөхөхөөр тоорт, шампанск болоод дуусчихдаг. Ингэж ашигт малтмалаас орж ирсэн орлогоо идээд байх юм бол өнөө гайхал Голланд өвчин тусна, сэхэхгүй. Голланд өвчин гэдэг бол улс төрийн буруу бодлогоос их шалтгаалдаг зүйл. Дээр нь уул уурхай эрсдэл ихтэй салбар. Ашигт малтмалын үнэ унавал уурхай алдагдалд орно, хаагдана.  Тийм учраас уул уурхайгаас олсон орлогыг эдийн засгийн бусад бүтцийг бий болгох үйлдвэр, үйлчилгээний салбаруудад хөрөнгө оруулахад ашиглах хэрэгтэй. Гадаадын банкуудад энэ мөнгийг байршуулж, хадгалах хэрэгтэй. Хүү нь өсөж арвижиж байг. Өмнөд Солонгос 40 тэрбум ам.долларын өртэй байсан гэдэг. Тэгсэн мөртлөө 45 тэрбум ам.долларын хөрөнгийг гадаадад байршуулсан  байх жишээтэй. Энэ өртэй улс мөн үү. Дансан дээр асар их өр бий ч улс орны чадамжийн хувьд гадаадад хөрөнгөө байршуулаад, дотооддоо өчнөөн үйлдвэр барьчихсан. Гэтэл Монгол улс гадаадад ч мөнгө хөрөнгө байршуулдаггүй, дотооддоо ч үйлдвэр барьдаггүй. Ард иргэддээ мөнгөө зүгээр тараагаад сууж байдаг. Ингэж болохгүй ээ.       

-Гэхдээ Тавантолгой ордоос Монголын ард түмэн их зүйл хүлээж байгаа шүү дээ. Байгалийн хувь хишгээсээ хувьцаа болгож хүртэх боломж жинхэнэ ёсоор нээгдлээ гэж саяхан нүүрсний экспортын ёслолын арга хэмжээн дээр  албаны хүмүүс ч мэдэгдэж байсан?

-Энэ бол дэлхийд байхгүй жишиг. Иргэн болгондоо хувьцаа нэрээр үйлдвэрийнхээ хөрөнгийг тараадаг улс байхгүй. Зарим хаант засагтай орнуудад иймэрхүү зүйл байдаг. Гэхдээ хувьцаа биш, хаан хувь  хишгээ хүртээж байгаа хэлбэр. Алтны ордоос орсон бүх орлого хааны санд хуримтлагдаж байгаа юм чинь өгөлгүй яах юм. Манайх хаант засагтай биш. Улстөрчид хаад биш. Байгалийн баялгаас ард түмэндээ хүртээх хэлбэр байх ёстой зүйл. Энэ өөрөө онолын их маргаантай. Эрдэмтэн судлаачид үүнийг янз бүрээр тайлбарладаг. Тэд ч олигтой хэлбэрийг олж хэлж чадаагүй байна.Харин манай улстөрчид өндөр хүүтэй зээл авч ард түмэндээ тарааж байгаа нь урьд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, уранхай дээлтэйгээ үлдэх хувилбарыг сонгосон хэрэг юм.  Нэгж хувьцааны үнэлгээ гараагүй байна. 536 ширхэг хувьцааны  нэгж хувьцаа нь 1000 ам.долларт хүрвэл нийтдээ 536 мянган доллар болно. Нэг хүнд ийм их мөнгө ногдвол бид уул уурхайгаараа улсаа хөгжүүлж чадахгүй.  Харин иргэд маань “Дубайд очиж сайхан амаръя. Ертөнцийн хаана гоё зүйл байна, тийшээ явъя” гээд жирийгээд өгнө. Монголд хэн үлдэх бол. Энэ бол буруу. Гэхдээ нэгэнт төр шийдээд ард түмэндээ хүлээлт буй болгосон тохиолдолд өгөхөөс яах вэ. Хамгийн гол нь  улс орныхоо хөгжлийн том зорилгыг амлалтаар завхруулалгүй, иргэдээ ч баяжуулж эх орноо ч хөгжүүлэх аргаа давхар бодох хэрэгтэй юм.

-Монголын үндэсний компаниуд түрүүчээсээ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулж эхэлсэн. Цаашдаа ч нэлээд хэдэн компани IPO хийхээр бэлтгэж байгаа. Үүнийг  Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд хүч нэмсэн үйл явдал гэж хардаг хүмүүс бий?

-Зах зээлийн эдийн засгийн механизмын  хамгийн дэлгэрсэн арга энэ шүү дээ. Чөлөөт хөрөнгө гэж асар их байна. Биежсэн буюу нэг хэсэг нь валют мөнгөний хүрээнд, нөгөө хэсэг нь үйлдвэр, барилга байгууламж, үйлчилгээний салбарууд гэх зэргээр чөлөөтэй урсаж байдаг. Аль ч улсад чөлөөтэй урсаж байгаа тэр их хөрөнгөнөөс барьж авах эрмэлзэл байгаа. Манайханд дэлхийн хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэл сайн хангагдаагүй. Дэлхийн том банкууд манай компаниудын IPO хийх зорилгоор бэлтгэсэн материалуудад үнэмших үү, үгүй юу. Банкинд зориулсан техник эдийн засгийн үндэслэл, тооцоогоо тэдний шаардлага хангах түвшинд боловсруулж чадах эсэхээс шалтгаална.  Социалист эдийн засгийн үед  ТЭЗҮ-ийг техник, технологи, хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтийн хүрээнд хийдэг байсан. Одоо бол ямар технологи хэрэглэх нь хуучин цагийнх шиг төрийн хэрэг биш, хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулж буй Таны  хэрэг.  Яваандаа монголчууд өөрсдөө дэлхийн банкуудад итгэмжлэгдсэн өндөр түвшинд хүрсний дараа бид аль ч улсын банкинд  ашигт малтмалынхаа орд газраа танилцуулаад   IPO хийх боломжтой болно. Цаашдаа  монголчууд дандаа гадны гар харж,  IPO хийх шаардлагагүй болно. Энд нэг зүйлийг хэлэхэд,  гадаадын хөрөнгө оруулагчид бол муу, Монголын баялгийг цөлмөөд дуусгана,  орд газрууд төрийн өмчинд байвал сайн, хувийн хэвшилд очлоо гэхэд тэр нь монгол байвал сайн гэсэн гурван янзаар хандаж ярьдаг. Нэг нүүрсний орд газрыг Дорж гэдэг монгол, Жорж гэдэг Америк, Ли гэдэг хятадын хэн нь ч  ашигласан  адилхан үйл ажиллагаа явуулна. Хөрөнгө оруулна,  барилга байгууламж барина, ашиглалтын зардлууд гарна, борлуулна, ашиг олно гэх зэрэг процесс  тухайн орд газрыг хэн ашиглахаас хамаарахгүй, харин хэн нь их хөрөнгө оруулав, тэр нь илүү ашиг хүртэх ёстой. Хэрэв Засгийн газар хөрөнгөө 100 хувь оруулчихсан бол ашгаа хэн нэгэнтэй хуваах асуудал гарахгүй.  

“Эрдэнэт”  гэхэд төрийн өмчийн, хамтарсан үйлдвэр. Тиймээс ашгаа хоёр хувааж авч байгаа. Бүтээгдэхүүнээ 50:50 хувиар хувааж  авна гэх боловч  Монголд зэс хайлуулах үйлдвэр байхгүй учраас оросууд 100 хувь авдаг байсан. Хэрэв Монгол улс  мөнгөтэй байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийг  100 хувь өөрийн хөрөнгөөр байгуулаад ашгаа 100 хувь өөрөө авах байв. Оюутолгойг ч мөн адил,  бид мөнгөтэй байсан бол 100 хувь өөрөө ашиглах байсан. Тэгэхээр тухайн ордыг ашиглах нь эзэмшигчээсээ биш, хөрөнгө оруулалтаасаа их хамааралтай. Нэгэнт  бидэнд хөрөнгө байхгүй тул хөрөнгө оруулагчийг гадны, дотны, хүний, миний гэж хардаж сэрдэх шаардлага  байхгүй л дээ. Хэн ч байсан зах зээлийн журмаар ажиллана. Манай дотоодын зах зээлийн багтаамж бага болохоор бид уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж таарна. Монголд алтны үйлдвэр бий бил үү. Алтыг ээмэг, бөгжнөөс өөрөөр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж чадахгүй, голдуу зарж борлуулж байгаа.  Зэсээр бас юу хийж байна вэ,  Эрдэнэтийн “Эрдмин” үйлдвэр зэсийн хаягдал хүдрээс катодын цэвэр зэс гаргаад, түүгээр кабель хийж байгаа. Энэ бол эцсийн бүтээгдэхүүний нэг цикл. Оюутолгой ордын зэсээр кабель хийгээд Монголд шингээхгүй, тийм зах зээл байхгүй.

Дотоодын хивсний гурван үйлдвэрийг арван жил ажиллуулахад Монголын хивсний хэрэгцээ бүрэн хангагдчихсан. Ингээд хивсний зарим үйлдвэр хаагдсан. Зах зээлийн багтаамж гэж бий. Гадаадын хүн өөрөө 70-80  хувь хөрөнгө оруулчихаад түүндээ ногдох бүтээгдэхүүнээ авалгүй яах вэ. Монгол Улс татвараар тухайн үйлдвэрийн ашгийн 50-60 хувийг авна.  Зардлаа нөхсөний дараа бол харин энэ харьцаа өөрчлөгдөж болох юм.  Төрийн өмчтэй уул уурхайн үйлдвэрт энэ л зарчим мөрдөгддөг. Багануурын нүүрсний ордыг ашигласнаас олох төрийн орлого бол татвараар дамжиж улсын төсөвт ордог шүүдээ. Ялгаа юу байна. Ялгаа нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын 66 хувийг гадаадынх, Багануурын хөрөнгө оруулалт 100 хувь Монгол улсынх. Зээлийнх шүү…Аливаа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд үйлдвэрлэдэг. Уул уурхайн ихэнх бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулахаас өөр арга байхгүй. Үүнийг гадаадынхан манай баялгийг цөлмөж дууслаа гэж хэлж болох уу? Бид дотоодоо бүгдийг хэрэглэж чадахгүй. Манай хэрэгцээ тийм их биш шүү дээ.

Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн Танд баярлалаа.

                    

       
     
       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж