"Лужник" цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

"Лужник" цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн тоглолт болно

"Лужник" цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн тоглолт болно

Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө шөнө ОХУ-д нээлтээ хийнэ.  

1980 ОНЫ ЗУНЫ ОЛИМПИЙН НААДМЫН ЦЭНГЭЛДЭХЭД ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ НЭЭЛТ БОЛНО

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам Москва, Сочи зэрэг 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 20:00, 22:00, 02:00-с болох учраас NTV, Үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулалтыг монголчууд үзэх боломжтой.

21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолт 23:00 цагаас тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын багуудын хооронд болох юм. Мэдээж энэ тоглолтын өмнө 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлт Москва хотын ‘Лужник’ цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 21:00-с эхэлнэ. 80 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд хоёр цаг үргэлжлэх нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр одоогоор олон нийтэд бүрэн дэлгэгдээгүй. Мөн ДАШТ-ийг нээж дуулах дуучны нэр ч таамаг хэвээр байгаа юм. Гэхдээ Италийн алдартай дуучдын нэрс таамаглалд багтсан хэвээр байгаа. Нээлтийн арга хэмжээнд дэлхийн олон орноос хүндтэй зочид оролцоно. ‘Лужник’ цэнгэлдэх хүрээлэнд 1980 оны зуны олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа явагдаж байсан түүхтэй. 

‘АЛТАН ЦОМ’-ЫН ТӨЛӨӨХ ТААМАГ

21 дэх удаагийн ДАШТ-д оролцох 31 баг хойд хөршид ирээд байна. Нисэх онгоцны буудал дээр шигшээ багийг хүндэтгэлтэйгээр угтан авсаар байгаа. Мөн фанатууд ч боломж олдвол зургаа авахуулах ховорхон боломжийг хайсаар байна. 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийг цомоо хамгаалах эсэхийг бид харах болно. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месси тэргүүтэй Аргентиний шигшээ багийг ч аварга болох магадлалтай хэмээн таамагласаар байна. Мэдээж Англи, Бразил, Португаль, Франц, Испани гээд аль ч баг “Алтан цом”-ын эзэн болох боломжтой.

“OPTA” спорт сайтын групп аль баг ‘Алтан цом’ хүртэх вэ гэсэн судалгааг явуулсныг олон нийтэд мэдээлсэн. Энэхүү судалгаагаар Бразилын багийг 14,2 хувь буюу хамгийн өндөр үнэлсэн бол ХБНГУ, Аргентин, Франц, Испанийн баг удаах байруудад бичигджээ. Харин Японы багийг 2,0 хувь гэсэн бол ОХУ 1.7 хувийн үнэлгээ авчээ.

21 дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулж буй ОХУ-ын багийг нутагтаа тааруухан амжилт үзүүлнэ хэмээн олон нийтэд харсаар байна. Учир нь ОХУ-ын баг 2018 он гарснаас хойш Бразил, Франц, Австрийн багт хожигдож, Турктэй тэнцэн тааруухан статистик үзүүлэлтийг гаргасаар байгаа. Тиймээс талбайн эздийн бэлтгэл тааруу байгааг олон улсын хэвлэл мэдээлэл бичсээр байна.

СОНИН ХАЧНААС:

  • Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд нэг хоногийн өмнө Испанийн шигшээ баг дасгалжуулагч Ж.Лопетегиг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тухай Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалес өчигдөр мэдэгдлээ. Одоогоор Испанийн шигшээ багийг удирдах дараагийн дасгалжуулагчийн нэр тодорхой бус байна.
  • “Орос-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болох тамирчдын жагсаалтад Лионел Месси (Аргентин), Неймар (Бразил), Антон Гризманн (Франц), Кристиано Роналдо (Португал), Харри Кейн (Англи), Тимо Вернер (Герман), Габриел Жесүс (Бразил), Ромелу Лукаку (Бельги), Луис Суарез (Уругвай), Томас Мюллер (Герман) нарын шилдэг хөлбөмбөгчдийг нэрлэж байна.
  • Москва хотын төвд Хамовники дүүрэгт орших “Лужник” цэнгэлдэх хүрээлэн анх 1956 оны долдугаар сард нээгдэж байсан. Тэгвэл энэхүү цэнгэлдэх хүрээлэнд гол тоглолтууд болно. Тодруулбал, өнөөдөр болох ОХУ,Саудын Арабын нээлтийн тоглолт, Герман-Мексик, Португал-Марокко, Дани-Францын тоглолтууд болох хуваарьтай. Мөн шөвгийн 16, хагас шигшээгийн нэг тоглолтууд болохоос гадна “Алтан цом”-ын төлөө өрсөлдөх шигшээ тоглолт болно.  
  • Энэ жил 31 настай Аргентиний шигшээ багийн тоглогч Лионел Мессигийн хувьд сүүлийн дэлхийн аварга гэж байгаа ч тэр гэртээ “Алтан цом”-той харихыг хүсч байгаа.
  • Португалын шигшээ багийн ахлагч Роналду Орост ирэхийн өмнө ард түмэндээ дараах амлалтыг өгсөн юм. “Би та бүхэнд юу амлаж чадах вэ гэвэл түрүүлэх зорилготой оролцоно. Би аливаа зүйлд бодитой ханддаг. Бид түрүүлэх гол магадлалтай багуудын нэг биш. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй. Испанитай хийх эхний тоглолт маш чухал. Хэсгээсээ гарна гэдэг асуудал байдаг. Тиймээс манай багийн залууст их том хариуцлага ирлээ” гэсэн юм.

УЛААНБААТАРТ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ХААНА ҮЗЭХ ВЭ?

  • Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд 2018 оны 6-р сарын 14-өөс 7-р сарын 15 дуустал ОХУ-д явагдах 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг шууд дамжуулна.
  • МҮОНТ-ийн чанх ард байрлалтай 500 хүний суудалтай ‘MNB EVENT HALL’-д ДАШТ-ий тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлнэ. Энэ үеэр шууд дамжуулахын зэрэгцээ фэнүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулах онцлогтой.
  • 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. NTV телевизийн хөлбөмбөг тайлбарлагч нар Циркийн зүүн талд ажиллана.
  • Наадам Центрын дээр байрлах ‘Наадам Асар’ үүд хаалгаа нээж, та бүхний хүсэн хүлээсэн xѳлбѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай орчин болон техникийн ѳндѳр түвшинд үзүүлэхэд бэлэн болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж