Японы мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байгаа Гүржийн бөх Точиношин эх орондоо түр хугацаагаар очоод өчигдөр Токиод буцан иржээ.
Өнгөрөгч тавдугаар сарын барилдаанд амжилттай барилдаж озэки /арслан/ цол хүртсэн Точиношинийг Гүржид халуун дотноор угтан авчээ. Түүнд Төрийн шагналаас эхлэн олон шагналыг олгосон байна.
Эх орондоо нэг жил очоогүй байсан Точиношин амрах завгүй байсаар иржээ. Японд байхад нь төрсөн Анастасия охиноо анх хараад баярын нулимстай угтсанаа сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүнийг сүмод амжилт гаргаж эхлэх үеэр Гүржид сүмог улам их үздэг болж, ард түмний бахархалт хөвгүүн болжээ.
Точиношин озэки болсны дараа “Ояката багшийнхаа зааж сургасан зүйлийг баримтлан сахиж, бөхчүүдийн үлгэр дууриалал болохоор бэлтгэлдээ хичээн зүтгэнэ” хэмээн хэлж байсан юм. Тэгвэл тэр нутагтаа хэд хоног амраад Японд ирээд байна.
Касүгано дэвжээний бөх Точиношиний жинхэнэ нэр нь Леван Горгадзе. Тэрбээр 1987 оны аравдугаар сарын 13-ний өдөр Гүржийн үзэсгэлэнт хотуудын нэг Мцкетад төржээ. Точиношин багаасаа жүдо бөхөөр хичээллэж, үндэсний бөх болох элсэнд хүч үзэж чидаобагаар барилдаж өссөн байна. 2004 онд болсон сүмо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах сонирхогчийн тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн нь түүнд энэ спортыг сонгох сонирхлыг нээж өгчээ. Точиношин Ничидай их сургуулийн сүмогоор алдартай клубт дасгал сургуулилтыг хийж, сүмод хөл тавьсан түүхтэй.
Тэрбээр 2006 оны эхээр Касугано дэвжээнд элсэн орж, хаврын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж эхэлжээ. Точиношн 2008 онд жюүрёод түрүүлж, зуны тэмцээнээс эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн байна. 2013 онд баруун өвдгөндөө бэртэл авч макүшитад унажээ. Гэхдээ 2014 оны арваннэгдүгээр сарын барилдаанд дээд зиндаанд дахин барилдаж, энэ жил онцгой амжилтыг үзүүлсээр озэки цолтон боллоо.
Точиношин энэ хугацаанд гарамгай, дайчин, уран барилдааны шагналыг олон удаа хүртсэн байна. 2018 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн нь түүнд озэки цолтон болох эхлэлийг тавьсан юм.
Точиношин гадаадын 11, зүүн Европын гурав дахь озэки цолтон боллоо. Түүний жин 177 кг, өндөр нь 192 см:
Точиношинийг сүмод амжилттай барилдаж эхэлснээс хойш Гүржид сүмо бөхийг маш ихээр үздэг болжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, Гүрж улсын нэрийг Японд төдийгүй дэлхий дахинд таниулж чадсан юм. Мөн энэ амжилтаа гурав, тавдугаар сарын башёд хадгалж, тэргүүн бөхийн төлөө өрсөлдсөн билээ. Точиношинийг эх нутагт нь баатарын хэмжээнд хүлээн авчээ.