"Ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн"

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

"Ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн"

"Ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн"

Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ олны нэрлэж заншсанаар хүүхдийн паркт өчигдөр 15.00 цагийн үед тоглоом эвдэрч хүүхдүүд гэмтсэн осол гарсан. Ослын улмаас ‘Агаарын хөлөг’ тоглоомонд сууж байсан дөрвөн хүүхэд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан. Дөрвөн хүүхдийн хоёр нь хүнд гэмтсэн бол хоёр нь хөнгөн гэмтэл авсан байна. 

Ослын дараахан очиход паркийн үйл ажиллагааг түр зогсоосон, гадна орох хаалган дээр хамгаалалт гарсан, ‘Дотоод ажилтай’ гэсэн бичиг наасан байлаа. Дотогш ороход хүмүүс ‘касс ажиллахгүй байна. Осол гарсан тул түр зуур ажиллахгүй байгаа бололтой’ гэсээр угтсан юм. Осол гарсан тоглоом нь ‘Агаарын хөлөг’ гэх 8-12 насны хүүхдүүд тоглодог тоглоом байжээ. 

‘Агаарын хөлөг’ тоглоомыг цагдаагийн хамгаалалтад авсан, мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт хийж байлаа. Цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягт ослын талаар товч мэдээлэл өгсөн юм.

 

-Аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс осол болжээ гэж хэлж болох уу?

-Агаарын хөлөг тоглоом ажиллаж байх үедээ эвдэрч, хүүхдүүд гэмтсэн. Хүүхдүүдийг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Цагдаагийнхан үзлэг шалгалтын ажлыг ид хийж байна.

-Агаарын хөлөг тоглоомыг анх хэзээ суурилуулсан юм бэ?

Манай байгууллага 2009 онд захиалга өгч, 2010 онд угсарч, есдүгээр сараас ажиллаж эхэлсэн тоглоом юм. Тоглоомын насжилтын талаар тодорхой заасан хугацаа байдаггүй. Засвар үйлчилгээнээс хамаарч янз бүр байдаг.

-Эвдэрсэн тоглоомыг техникийн шаардлага хангахгүй байсан гэх таамаг явж байна?

-Өглөө бүр 9.00 цагаас шалгалт хийдэг. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан шалгадаг, инженерүүд давхар шалгадаг. Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх.

-Хэдэн хүүхэд сууж тоглодог тоглоом юм?

-Нэг кабинд нь дөрвөн хүүхэд суудаг. Хоёр кабинтай тоглоом юм. Осол болох үед нэг талын кабинд нь дөрвөн хүүхэд сууж явсан.

-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа бол. Хоёр хүүхэд нэлээн хүнд гэх юм?

-Биеийн байдлыг нь одоогоор сайн мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмч нарын зүгээс тайлбар хийнэ байх.

-Ослын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Хэргийн газар цагдаагийн бие бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байна. Мэдээж хэрэг хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Хариуцлагыг гүйцэтгэх захирал би өөрөө, мөн тухайн үед ажиллаж байсан аюулгүй байдлын ажилтан хариуцна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж