Монголын газрын ховор элементийн хүдрийг шинжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Монголын газрын ховор элементийн хүдрийг шинжлүүлнэ

АНУ-ын “GreenTech Solutions” компани Төв аймаг дахь газрын ховор элементийн баялаг бүхий 17 мянган га талбайд ажиллаж буй хараат бус геологичдын хайгуулын өрөмдлөгийн ажил амжилттай хэрэгжиж дууссан тухай өчигдөр мэдээллээ.

Өрөмдлөгийн дээжүүдийг нэгтгэн Өмнөд Солонгос улсын төрийн өмчийн уул уурхайн компани “KORES”-ын лаборатор руу илгээн шинжлүүлэх юм байна. Уг лабораторт 17 төрлийн эрдэс бүхий газрын ховор элементийн чухам аль нь хэдий хэмжээгээр тухайн дээжид агуулагдаж буйг тогтоох юм байна.

Газрын ховор элемент нь /rare earth elements/ дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай байдагт түүний үнэ цэнэ нь оршино.
Тухайлбал хос хөдөлгүүрт машины мотор, зай хураагуур, салхин турбин болон нарны хавтан, эмнэлгийн багаж төхөөрөмж, фото дурангийн линз, стратегийн зэр зэвсэг /алсын удирдлагатай пуужин, онгоц гэх мэт/ зэрэг маш олон чухал салбарын хөгжлийг энэхүү баялаггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Монголын хувьд газрын ховор элементийн арвин баялагтай гэгдэж буй ч нарийн тогтоож баталгаажуулсан орд хараахан алга байна. Нөгөөтэйгүүр тус компанийн үйл ажиллагаа явуулж буй ордуудын хүдэрт газрын ховор элементээс гадна ховор металын агууламж илрэх нь тодорхой юм.

Учир нь тус компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уулын уурхай нь ховор металын үлэмж баялаг бүхий хэсэг юм. Тус компанийн хамтран ажиллаж буй "Ар Эрхэс" компани нь Монгол дахь Танталын үлэмж нөөц бүхий ордыг эзэмшдэг тухайгаа мэдээлжээ. Тантал нь эдүгээ дэлхийд хамгийн бага нөөцтэйд тооцогдох ховор метал болоод байна.  

“GreenTech Solutions” компанийн хувьд жил бүр газрын ховор элементийнхээ экспортыг хумисаар буй Хятадын орон зайг эзлэх улсаар Монголыг зарлан үйл ажиллагаагаа явуулж буй.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж